“Хүчит шонхор” захын удирдлагуудын дарамтыг эсэргүүцэж тус захын түрээслэгч Цэрэндолгор өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байсан. Гэвч түүнийг Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлахаар гэр барих гэтэл Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зөвшөөрөл өгөхгүй гэж гэрийг нь өнөөдөр буулгалаа. Цэрэндолгорын хувьд, тус захад махны павильон түрээсэлж байгаад хураалгажээ. Тэрээр үүнийг эсэргүүцэж тэмцэл хийж байгаа юм. Түүний тэмцлийг олон хүн дэмжиж байгаа ч ажлын байрнаасаа салчих вий гэсэн айдаснаасаа болоод ил гаргаж чадахгүй байгаа гэнэ.
“Хүчит шонхор” захын захирал Т.Сайнхүү гэх эмэгтэйн талаар тус захын түрээслэгчид янз бүрийн таагүй зүйл ярьдаг юм билээ. Ажилчдаа дарамталдаг, торгодог байдал нь наад захын үзэгдэл. Барьж авч зодохоос наагуур юм болдог гэх.
Энэ захад манаач, захиргааны хэдэн ажилчдаас бусад нь бүгд түрээс төлөх ёстой байдаг гэнэ. Тэрэгчин, гурил будаа, ногооны павильоны ачигч, цэвэрлэгч хүртэл энэ захад гараа хөдөлгөж байгаа болгон түрээс төлдөг аж. Цэвэрлэгч гэхэд мах, ногоо зардаг лангууг цэвэрлэж, түрээслэгчээс нь мөнгө авна. Авсан мөнгөнөөсөө захын дансанд бэлнээр татвар төлдөг. Тэгэхээр энэ захад ажиллаж байгаа болгон татвар төлөгч гэсэн үг. Тэгсэн хэрнээ ажлын байр нь баталгаагүй. Хэзээ ч “Эндээс зайл” гэдэг үгийг сонсоход бэлэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, захирал Т.Сайнхүү гэгч хүүхний нүдэнд муухай харагдвал л шууд л хөөгдөнө гэсэн үг. Энэ дарамтад 22 жил нухлуулсан түрээслэгчид эхнээсээ эсэргүүцлээ илэрхийлсэн ч 2010 онд хөөгдөж, Ш.Сайхансамбуугийн “Нарантуул-2” худалдааны төвийг зорьж байсан удаатай. Харин энэ жил түрээслэгч Цэрэндолгор энэ бүхний эсрэг зоригтойгоор тэмцэл хийж байгаа нь энэ. Нэг ёсондоо “Хүчит шонхор” захын захирал Т.Сайнхүүд төр төмөр нүүрээ үзүүлэхийг түрээслэгчид нь хүсч байгаа аж.

-“Хүчит шонхор” захын дарамт хэрээс хэтэрсэн. Хамтын гэрээ байгуулах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хүлээн зөвшөөрүүлэх, хууль үйлчилдэггүй хувийн байгууллагад хууль үйлчлүүлдэг болгож өгөөч гэж төр засагтаа хандаж энэ алхамыг хийж байна.
-Та павильоноо хураалгасан гэсэн. Ямар үндэслэлээр таны ажлын байрыг хураах болов?
-Павильоныхоо түрээсийг тохироогүйгээс ийм асуудалд хүрсэн. Ажиллаагүй хугацааны түрээсээ авна гэхээр нь би палильоноо өгсөн. Хүмүүс сард 30 мянган төгрөг төлж байхад би 120 мянган төгрөг төлж ажиллаж байсан.
-Энэ захад цэвэрлэгч нь хүртэл түрээстэй байдаг гэж ярьдаг юм билээ. Ер нь, түрээсээр нь дарамталдаг гэж байсан?
-Цэвэрлэгчийг түрээслэгч нар нь цалинжуулдаг. Цэвэрлэгч түрээслэгчээс авсан цалингаараа захад түрээсээ төлдөг. Усны мөнгө нэрээр түрээс өгдөг юм.
-Тэгэхээр энэ захад ажиллаж байгаа хүн болгон түрээс төлдөг байх нь ээ?
-Түрээс төлж байгаа хүн болгон татвар өгөх ёстой гэсэн зарчимтай байдаг. Ингэж их мөнгө авсан хэрнээ түрээслэгч нараа ажлын байраараа дарамтлана. Тэгэхгүй бол лангуугаа авлаа, павильоноо авлаа гэж дарамталдаг. Ингээд бүх хүн юу ч хэлдэггүй, хэлгүй болсон.
-Таныг түрээслэг нар дэмжиж байна уу?
-Манай түрээслэгч нар намайг дэмжиж байгаа. Дэмжиж байна гэдгээ илэрхийлж байна.
-Таны хувьд захын удирдлагуудтай хэзээнээс эхэлж маргаан үүсгэв?
-Хувь хүний маргаан гэхээсээ илүүтэй би түрээслэгч нарынхаа өмнөөс тэмцэж байгаа. Бүх түрээслэгч нар дарамтад байдаг. 2010 оноос өмнө дарамт хэрээс хэтэрсэн болохоор түрээслэгч нар Нарантуул-2 зах руу явж байсан. Тэгэхээр энэ байдал удаж байна.
-Энэ шаардлагаа түрээслэгч нар өмнө нь тавьж байсан уу?
-Тавьж байсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар явж ирсэн.
Бид хувийн өмчийн эздэд хууль үйлчилдэг байлгахын тулд тэмцэж байна

-Мэдээж маш олон ажил асуудал байгаа. “Хүчит шонхор” компанийн хувьд 22 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Хуримтлагдсан асуудал олон байна. Бидний хийж байгаа тэмцэл түрээслэгчдийн эрх ашгийн төлөө л хийж байгаа. Түрээсийн тухай хууль дүрэм байдаггүй хувийн эзэд овжиноор ашиглаж байна. Иргэдийг хүссэн цагтаа торгодог, хүссэн үедээ хөөдөг байж болохгүй. Энэ бол хууль бус. Тэгэхээр эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хамтын гэрээ хууль ёсны дагуу байх ёстой. Бидний хүсч байгаа үр дүн шударга, тэгш байдлыг л бий болгохыг зорьж байна. Засгийн газар хүртэл шинэчлэгдэж байхад төр засагтай тэрсэлдэж байгаа юм шиг, хэн нэгнийг ажлын байргүй болгодог ийм компани байх ёстой юм. Иргэдийн эрх ашгийг зөрчөөд байдаг ийм аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлага тооцох цаг нь болсон гэж бодож байгаа.
-Торгодог байдал нь зүгээр нэг захиргааны хуулийн дагуу торгууль бус бүхэл бүтэн сарын түрээсээр торгодог гэсэн байх аа?
-Сарын түрээс болох 170.000 мянган төгрөгөөр торгоно гэдэг ямар их мөнгө билээ. 22 жилийн турш гадаа зогссон хүмүүсийн бие, эрүүл мэнд ямар байх нь ойлгомжтой биз дээ. Нэг үгээр хэлбэл, ажлын байрны баталгаа энэ хүмүүст алга.
-“Хүчит шонхор” захын түрээслэгчид ямар байдлаар түрээсийн гэрээ хийдэг юм. Түрээсийн гэрээнд түрээслэгчийн эрх ашигт нийцсэн зүйл заалт байдаггүй хэрэг үү?
-Гэрээ нэг талыг барьсан байдаг. Түрээслэгчийн эрх ашгийг хамгаалсан зүйл заалт тэр гэрээнд огт байхгүй. Компанийн захирал гэрээгээ өөрөө боловсруулаад, түрээслэгчээр зөвхөн гарын үсэг л зуруулдаг. Тэр гэрээг нь хүлээн зөвшөөрөхгүй бол торгодог. Яагаад торгож байгааг асуухад компанийн дотоод журам гэж ярьдаг. Яг үнэндээ компанийн дотоод журам тийм байх ёсгүй.
-Энэ жагсаал цуглааныг үйлдвэрчний эвлэлийн төв байгууллага хэрхэн дэмжиж байгаа вэ?
-Хүн өлсгөлөн зарлаад амь насаараа дэнчин тавьж байгааг хэн ч дэмжихгүй л дээ. Хамгийн гол нь түрээслэгчдийн байдал ийм байдалд хүрчихсэн байна гэдгийг л харуулж байгаа юм. Мэдээж хөдөлмөрчин хүний эрх ашгийг бол Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллага дэмжиж байгаа. Өмчийн эздүүд хэлсэн амандаа хүрдэггүй байдал, хууль үйлчилдэггүй байдлыг л арилгахын тулд эрүүл мэндээрээ дэнчин тавьж өлсгөлөн зарлахад хүрээд байна.

