Оросын тэрбумтан залуутай сүй тавьснаас хойш нам гүм амьдрах болсон супермодель Наоми Кэмпбелийг Английн “Daily Mail” сонин “эрэн сурвалжилжээ”. Ажлын шаардлагаар хааяа нэг Лондонд бууж мордоод Москвад амьдрах болсон түүнтэй уулзаж ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Лондоны зүүн хэсэгт орших нэгэн гэрэл зургийн томоохон студид гэрэл зурагчид, стилист, нүүр будагчид, туслах ажилтнууд гээд олон арван хүн Наомиг хүлээж сууна. Тэдний зарим нь хүлээж залхсандаа ууртай харагдана. Зарим нь ч туршлагатай гэмээр тэвчээртэйгээр цаг харан сууна. Миний ажигласнаар хүмүүсийг ингэж хүлээлгэх нь түүний ажлын нэг хэсэг бололтой. Ингэж суутал түүний ирж явааг хэн нэгэн дуулгахад гоо сайханчид будаг шунхаа бэлтгэж хэдхэн хоромын дотор бэлэн боллоо. Энэ бэлтгэл ажлын хажуугаар студийн бүх цонхыг хааж, хөшгийг нь татав. Энэ нь супер моделийн ажлын үеэр заавал тавигддаг шаардлагын нэг аж.



“Уур бол надад байдаг ганц дутагдал биш л дээ. Надад байдаг өчнөөн дутагдлын ердөө нэг нь. Би уг нь уур бухимдлаа дарж сурах гэж АА гэдэг хөтөлбөрт хүртэл хамрагдаж байсан. Гэвч би чинь алдаа гаргадаг жирийн л нэг хүн шүү дээ. Аймшигтай уурлаж ичмээр байдалд зөндөө орж байсан. Тэглээ гээд би үүгээрээ бахархаагүй. Энэ бүхэн бол зүгээр л миний амьдралд тохиолдсон явдлууд юм.” Таны олж мэдсэн хариулт дээр бас нэг нэмэх зүйл байна. Наоми үргэлж “за” гээд бөхөлзөж байдаг, долигонож нялцганасан хүмүүст дургүй гэнэ. Тэрээр ийм хүмүүсийг маш аюултай, дотроо бүхнээ нуудаг гэж боддог учраас тэдэнд уураа гаргадаг бололтой. Тэр харин шударга хүмүүст дуртай. Наомиг царайчилж долигонох биш харин үнэнийг нь нүүрэн дээр хэлдэг шулуун үгтэй шударга хүмүүсийг тэр үнэлж хүндэлдэг. Магадгүй тийм ч учраас түүний туслахууд түүнд хэт сайн хүн болох гэж мэрийснээсээ болоод Наомигийн уурыг хүргэдэг байж болох юм гэсэн бодол төрсөн юм. Учир нь, түүнд зодуулсан гэж гомдол тавьж, заргалдаж байсан хүмүүс нь бүгд л түүнд үйлчилдэг туслахууд нь байсан шүү дээ.

Гэхдээ тэр нам жим амьдарч чадна гэж үү. Тэр бүр долоохон настайдаа Боб Марлигийн “Is This Love” дууны клипэнд тоглож байсан шүү дээ. Харин 15-тайдаа “Elle”-гийн нүүрэнд гарч, түүнээс хоёр жилийн дараа Францын алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан анхны хар арьст модель болж байлаа. Тэр ийм багаасаа алдар хүндийн амтыг үзсэн. Харин энэ бүхнийг 40 насандаа орхиж чадах болов уу.

Наоми бол Кейт Мосс, Линда Эвангелиста, Синди Кроуфорд, Клаудиа Шиффер гээд 90-ээд оны сайхан бүсгүйчүүдтэй нэгэн үе мөр зэрэгцэн загварын ертөнцөд ожр ирээд одоо хүртэл гандан буурахгүй яваа ганц модель нь билээ. Түүний үеийнхнээс одоо олны нүдэнд хааяа нэг харагддаг нь Кейт Мосс. Бусад нь бүгдээрээ ээж болоод, одоо Наомигийн мөрөөдөж байгаа шиг нам жим амьдралаар амьдарч буй. Загварын “алтан үе” гэж хэлж болох энэ супермодель бүсгүйчүүдтэй өрсөлдөж явахдаа тэр хамгийн содон нь байсан. Тийм ч учраас Жорж Майкл, Майкл Жексон, Мадоннагийн клипийг чимж, Майк Тайсон, Роберт Ди Неро, Адам Клейтон гээд алдартай эрчүүдийг өмнөө сөхрүүлж байв.
Харин одоо түүний ханхүү нь Оросын тэрбумтан Владислав Доронин. Энэ орос залуу Наомигийн сэтгэлийг Английг орхитол нь татаж чадсан. “Би Лондонгоос нүүсэн. Одоо энд амьдрахгүй. Би Москвад суурьшсан шүү дээ. Тэнд байх надад их таалагдаж байгаа” гэж тэр ярив. Оросын тэсгим хүйтэн өвөл түүнд их л таалагдаж буй бололтой.

Гэхдээ хүмүүс загварын ертөнц дэх энэ тэгш бус байдлын тухай ярихаас илүү түүний хүн зодсон тухай сенсаацийг сонирхдог. 2000 онд хувийн туслахаа зодсон тэрээр 2003 онд бас нэг туслахаасаа болж шүүхэд дуудагдаж байсан. Жинсэн өмдийг нь олж өгч чадаагүй гээд үйлчлэгчийнхээ нүүр рүү утсаа шидсэн гээд өчүүхэн юм шиг атлаа дэлхий даяар тарьсан сенсаци түүний намтарт олон бий. Гэхдээ энэ дутагдлыг нь шал цэвэрлэх шүүхийн шийтгэл ч засч чадаагүй. 2008 онд Хитроугийн нисэх буудалд тээш нь олдоогүйд уурласандаа цагдаагийн нүүр руу нулимж, өшиглөж танхайрсан түүнд “нийтэд ашиг тустай хөдөлмөр” 200 цаг хийх шийтгэл оноосон билээ. Харин тэрээр гудамж цэвэрлэх гэж ирэхдээ эгээ л загварын тайзаар алхах гэж байгаа мэт нэртэй дизайнерын ганган хувцсаар гоёж ирж байв.
Гэхдээ түүний адал явдалтай амьдрал өнгөрсөн цаг үед л үлдэж буй бололтой. Учир нь, тэр “Одоо би үдэшлэгт очиж наргиж цэнгэхээ больсон. Үдэшлэг бүрт очихгүй бол өөрийгөө мартагдана гэж боддог байсан ч одоо тийм биш гэдгийг ойлгосон. Одоо би 10 хоног шаргуу ажиллаад, долоо хоног амардаг болсон” гэж ярьсан юм.