Ой мод хамгаалах, хулгайгаар мод тайрахтай тэмцэх “Хяналт” нэг сарын аян энэ сарын 10-ны өдрөөс эхэлжээ. Уг аяныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газар, МХЕГ хамтран төв, хангайн бүсийн 14 аймагт зохион байгуулж байна. Шалгалт эхлэхэд Сэлэнгэ аймагт албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой найм, хувь хүний 10, эзэн холбогдогчгүй хоёр зөрчил илрүүлж, шалгажээ. Жишээлбэл Алтанбулаг сумын Засаг даргын орлогч В.Түмэндэмбэрэл, байгаль орчны улсын байцаагч Ч.Баяржаргал, байгаль хамгаалагч С.Мөнхзул нар “Сэлэнгэ хөх чоно” ХХК-д мод бэлтгэх, модон материалын гарал үүслийн бичиг, хуваарь гоожин хэтрүүлэн бичиж, бөөнөөр олгосон аж. Үүнээс гадна Баянхонгор, Булган, Орхон, Төв, Хэнтий, Хөвсгөл аймагт зөвшөөрөлгүй мод, түлээ ачиж явсан тээврийн хэрэгслийг шалгалаа.
Улаанбаатар хотод “Хяналт” аяны хүрээнд БЗД-ийн нутагт эргүүл ажиллуулж нийт 105 тээврийн хэрэгслийг шалгажээ. Эдгээрийн тав нь ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь тогтоогдож хуулийн дагуу баримтжууллаа. Түүнчлэн Шижирийн даваа, Партизаны нүхэн гүүр зэрэг газар цагдаа нар эргүүлд гарч байна.
Хулгайн мод бэлтгэгчидтэй тэмцэхэд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Иргэд байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж Хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн 51-266315 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой.