Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автобусны цанг арилгах боломжгүй

Хүйтний эрч өдөр ирэх бүр чангарсаар байна. Харин нийслэлийн нийтийн тээврийнхэн өвөлдөө хэрхэн бэлдсэн талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын диспечерийн албаны дарга Ц.Доржпаламаас тодрууллаа.

-Өвлийн тачигнасан хүйтэн өдрүүд эхэлж байна. Нийтийн тээврийнхэн өвөлд бэлэн үү?
-Нийслэлийн нийтийн тээв­рийн салбарт ажиллаж бай­гаа бүх аж ахуйн нэгж байгууллагын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан.  Манайх нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран аж ахуйн нэг­жүүд өвөлжилтийн бэлт­гэлээ хэр базаасныг өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард хоёр удаа  шалгасан.  Аж ахуйн нэгжүүд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ гэж дүгнэсэн.
-Яг юуг нь шалгадаг юм бэ. Жилийн жилд нийтийн тээврийнхэн өвөлжилтөд бэлэн гэдэг ч бодит байдал дээр тийм биш байдаг?
-Нийслэлийн нийтийн тээв­рийн үйлчилгээнд 1000 гаруй том оврын автобус троллейбус үйлчилгээнд гарч байгаа. Бүгд дулаан зогсоол, граашаар хангагдсан. Техникийн үйл­чил­гээ бүрэн хийгдсэн. Жолооч, кондуктор нарт өвлийн дулаан хувцас олгосон. Яахав. Зарим нэг аж ахуйн нэгж бэлтгэлээ бүрэн хангаагүй байсан л даа. Тухайлбал, тээврийн хэрэгслийнхээ дугуй, тосыг солиогүй  гэх мэт жижиг асуудал бол байсан.
-Авто тээврийн байцаагч нар аж ахуйн нэгжүүдийн өвлийн бэлтгэлд шалгалт хийхээр хэдэн сайн тээврийн хэрэгслээ төлөөлөл болгоод шалгуулчихдаг гэсэн. Энэ хэр бодитой яриа вэ?
-Автобусныхаа хоёр, гур­выг төлөөлөл болгоод  шал­галтад оруулсан аж ахуйн нэгж байсан. Тэдгээр аж ахуйн нэгжид авто тээврийн улсын хяналтын байцаагч нар албан шаардлага хүргүүлсэн. Байцаагч нар одоо ч шалгалтаа хийгээд явж байна.
-Хийн түлшээр ажилладаг дөрвөн автобус туршиж байгаа гэсэн. Хийн түлш хүйтний улиралд тэсвэргүй гэдэг юм билээ. Дээрх дөрвөн автобус ямархуу байна?
-Өнгөрсөн долоо хо­ногт дөрвөн том оврийн авто­бусанд хийн болон ди­зель хосолмол хөдөлгүүртэй төхөөрөмж суу­рилуулж, тур­шилтаар шал­гаж үзсэн. Тур­шилтыг НМХГ, НОБГ болон тухайн төхөөрөмжийг суурилуулах тен­дерт ялсан аж ахуйн нэгж хамтраад шалгасан. Тур­шилтын дүгнэлт өнөөдөр гарна.
-Нийтийн тээвэрт дандаа битүү цантай автобуснууд явдаг.  Ядаж жолооч, кон­­дук­тор нь буудлаа ч зар­ладаггүй.  Цангүй авто­бус нийтийн тээвэрт явуулах боломж байна уу?
-Цанг бүрэн алга болгох боломжгүй. Учир нь, 300-500 метр яваад хаалга онгойн хүн гарч, орно тэгэхээр зайлшгүй цан үүсдэг. Тэрнээс байнгын цантай байдаг гэж ойлгож болохгүй. Дулаан грашид хоноод өглөө гарахад цангүй байдаг. Тал рейс яваад цан тогтчихдог юм.
-Ямар ч арга байхгүй, цантай автобусандаа суу­гаад яв гэсэн үг үү. Ядаж аж ахуйн нэгжүүдтэй нь хариуцлага тооцож бол­доггүй юм уу?
-Бид аж ахуйн нэгжүүддээ хэлээд зорчигчдын орчноо харах бололцоог олгох үүднээс  цонхон дээрээ дөрвөлжин шил нааж яв гэж үүрэг өгсөн.
-Хальтиргаа гулгаа ихтэй үед муу дугуйтайгаас болж осол аваар их гардаг?
-Замын цагдаагийн газартай хамтраад шалгалт хийсэн. Дугуйгаа өөрчлөх, хээний гүн дээр нь шалгалт хийгээд аж ахуйн нэгжүүдэд албан бичиг хүргүүлсэн.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан