Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖАРГАЛАНТАД ТУСГААР ТОГТНОСОН “ТЭН ХУН” ХЭМЭЭХ “ВАНТ УЛС”

Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Наран толгойд алтны уурхайг эзэмшдэг Хятадын “Тэн хун” компанийн үйл ажиллагааг яаралтай зогсоохыг нутгийн иргэд шаардлаа. Улсад хүнсний ногоо тариалалтаар тэргүүлж буй Жаргалант сумын ногоочин, тариаланчидтай ҮХАА-н сайд Х.Баттулга уулзалт хийх үеэр уг уурхайн асуудлыг хөндсөн юм. Тус сумын иргэн Л.Болдбаатар “Тэн хун” компанийн үйл ажиллагааг зогсоохгүй бол дараагийн Хонгор болохгүй гэх баталгаа алга.
Цианит натри хэрэглэдэг гэдгийг тэнд ажилладаг монгол ажилчид баталж байгаа. Та нар тэр уурхай руу очоод үзээрэй. Их том хэмжээний далан байгаа. Хаалттай, хамгаалалт өндөртэй байдаг учраас хэн ч нэвтэрч чаддаггүй. Тусгаар тогтносон хаалттай бүс байдаг. Ерөнхий сайд асан С.Батболдын эзэмшдэг компани үйл ажиллагаа явуулж байгаад Хятад компанид лицензээ зарсан гэдэг юм билээ” хэмээн ярилаа. Жаргалант сумаас холгүйхэн уулын энгэрт байрлах “Тэн хун” компанийг зорилоо. Хоёр ч уулын энгэрийг эзэгнэсэн, харуул хамгаалалт ч гэж сүртэй юм. “Жийп” хөлөглөсөн хоёр хятадтай таарснаас өөрөөр үйлдвэрт ямар үйл ажиллагаа өрнөж байгаа нь юу ч мэдэх боломжгүй нь үүднээсээ ойлгомжтой болов. ҮХАА-н сайд Х.Баттулга “Нутгийн иргэдтэй уулзахад энэхүү уурхайн талаар олон хүн хөндөж ярилаа.
Хэрвээ үнэхээр цианит натри хэрэглэдэг бол дараагийн Хонгор л гэсэн үг. Жаргалант газар тариалангийн гол бүс нутаг учраас үүнд анхаарал хандуулах ёстой. Хятад улсад монгол хүмүүс очоод ингэж дураараа уул уурхайн лиценз эзэмшээд алт олборлох үйл ажиллагаа явуулж чадахгүй шүү дээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй өнөөх олон хяналт шалгалтын байгууллагын хаагуур нь энэ мэт уул уурхай оршоод байдаг юм. Орон нутагт хэчнээн төгрөг төлдөг юм бүү мэд” гэв. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан До.Ганболд “Нутгийн иргэд Ерөнхий сайд асан С.Батболдын эзэмшиж байсан уурхай гэж яриад байна. “Алтай трейдинг” компани уурхайн лицензийг өмнө нь эзэмшиж байсан нь үнэн.
Харин одоо “Тэн хун” гэх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани эзэмшиж байна. Манай улс уранаас бусад төрлийн уул уурхай нээлттэй байгаагийн хор энэ гэх үү дээ. Хамгийн гол нь, цианит натри хэрэглэж байгааг нь тогтоох ёстой. Ард иргэд  айдастай байна” хэмээн ярилаа. Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “Орон нутагт ажилчдын квот гэж хэдэн төгрөг төлдөг гэсэн. Хэрвээ цианит натри хэрэглэдэг бол Жаргалантынханы өмнө нийгмийн хариуцлага хүлээх ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулна. Зөрчилтэй байвал хаах л ёстой” гэв.

“Тэн хун” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Энхтуяагаас зарим зүйлийг тодруулав.


-Танай компанийг цианит натри хэрэглэдэг талаар нутгийн иргэд гомдол мэдүүлсэн. Энэ үнэн үү?

-Цианит натри хэрэглэдэг нь үнэн. Өнгөрсөн оны өдийд компанийн хаягдлын далангийн пёлонк задарсан. Алтаа шүүж авдаг тодорхой хэмжээний цианит натрийн агууламжтай хаягдал далан шүү дээ.
Уул нь, цианит натрийн агууламж маш бага хоргүй шахуу байх ёстой юм билээ. Харин манай далангийнх өндөр гарсан. Бутлуурын цехийн дэд ахлагчаар ажиллаж байсан Лхагважавын хэлж байгаагаар алтны агууламж нь зууны 24-62 хувьтай гарсан гэсэн. Компанийн лабораторийн шинжилгээгээр ингэж гарсан гэдэг.  
-Та нарт хор нөлөө нь мэдрэгддэг үү?
-Бидний биенд байнга юм туурдаг. Компанийн эмчид хэлэхээр усны харшил гэдэг. Ажилчдын биед юм туурч, толгой өвдөж, даралт байнга ихэсдэг. Есдүгээр сарын 28-нд манай компанийн Пүрэвсүрэн гэх эмэгтэй ажлаа хийж байгаад  ухаан алдаж, сумын эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Ажлаа хийж байхдаа толгой өвдөөд байна гэхэд дарга нь чөлөө өгөөгүй юм билээ. Сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдээд л тусламж авч чадалгүй нас барсан.
-Холбогдох бай­гуул­лагуудаас шалгалт очдоггүй юм уу?

-Мэргэжлийн хяналтаас гадна янз бүрээр шалгалт ирдэг. Ирэнгүүт л хүлээн авалт хийгээд л амралт руу аваад явчихдаг. Ажлын үзүүлэлт байхгүй, хэдэн кг алт олборлодог талаар ямар ч мэдээлэл байдаггүй.  
-Таны хувьд уурхайд ямар ажиллаж байсан бэ?
-Манай уурхай 2006, 2007 оноос бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас ажилчдаа авсан. Миний хувьд өнгөрсөн оны тавдугаар сард баяжуулах үйлдвэрийн саармагжуулах хэсэгт ажиллаж байсан. Өнгөрсөн наймдугаар сарын 7-нд ҮЭХ-ны даргын ажлыг аваад маргааш нь эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.
Бид их хортой нөхцөлд ажилладаг. Мөн үндсэн цалингаа 15-25 хувиар нэмүүлэх шаардлага тавьж ажил хаялт зарласан.
-Тэгээд үр дүнд хүрсэн үү?
-Үгүй. Ажилчдыг төлөөлж таван хүн түр хороо байгуулсан. Гэтэл биднийг ажлаас халчихсан. Баянгол дүүргийн шүүхэд маргааш /өнөөдөр/ энэхүү асуудлаар шүүх хуралтай. Яахав, биднийг ингэж хэрүүл тэмцэл хийж эсэргүүцэл зарласнаас үйлдвэрт асуудал гайгүй болж байгаа гэсэн.
-Монгол, Хятад ажилчдын цалингийн харьцаа хэд юм бол?
-Миний хувьд үндсэн цалин 396 мянга нэмэгдэл энэ тэр гээд 560 мянган төгрөг гар дээр авдаг байсан. Хятад ажилчдын цалин нууц байдаг ч өөрсдийнх нь яриагаар нэг саяаас нэг сая зургаан зуун мянган төгрөг юм билээ.

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
hujaa nariig bugdiig ni gazart ni tegshleh heregtei
hariutslagiig n batbold uureh yostoi
Хамгийн их уншсан