20 гаруй насны хоёр залуугийн нэг нь аавынхаа толгойг түшиж, нөгөө нь хөлийг нь дулаацуулан нулимс асгаруулан сууна. Эр хүн хатуу гэдэг ч аймшигт хорт хавдар тэдний нулимсыг үзэж байгаа нь энэ. Залуучуудын цор ганц хүсэл аавыгаа нэг хоног ч болов амьд байлгах юмсан хэмээн бурхандаа залбирч сууна. Идэр залуу насаа зөвхөн үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулахын төлөө зориулсан Л.Амгалан өнөөдөр ходоодны хорт хавдар тусч хэвтэрт орж8 хөдөлж чадахгүй, хүний гарт оржээ. Үхэл амьдралын зааг дээр байгаа энэ хүний дотоод сэтгэлийг жаахан ч болов чагнасан юм. Түүнтэй ярилцахаар ойртон очиход хөнхийж, очгүй болсон нүд нь аврал эрэх шиг. Харин Амгалан гуай өвчнийхөө талаар “Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж үнэн юм. Нутагтаа малаа маллаад л сэтгэл амар сайхан амьдарч байлаа. Гэтэл нэг л өдөр бие минь өвдөөд, онош нь тогтохгүй олон эмнэлгээр явсан. Эцэстээ Хавдар өвчин судлалын үндэсний төв дээр ирж оношлуулахад ходоодны хорт хавдар гэж тогтоогдсон. Эмч “Хавдар чинь сүүлийн шатандаа орсон тул найдваргүй. Хэрэв эрт илрүүлсэн бол бага дээр нь авчих боломжтой байсан. Одоо бусад эрхтэндээ халдварласан байна гэсэн. Миний тавилан л энэ юм байлгүй дээ. Хоёр хүү минь л өдөр шөнөгүй ээлжлэн сахиж байна. Үндэстэй мод ургадаг, үртэй хүн жаргадаг гэдэг. Үр хүүхэдгүй байсан бол би гэдэг хүн яах байсныг мэдэхгүй. Хоёр хүүгээ харахаар өрөвдөөд байх юм. Сэтгэлийн зовлон шаналал гэдэг махан биенээс илүү байдаг шүү дээ. Муу хоёр хүүгээ л зовоохгүй хорвоогоос халих юмсан” хэмээн бодлогоширон ярина. Түүний эрч хүч, айл гэрийн эзэн, эцэг хүний нөмөр нөөлөг хэдийнэ алга болжээ.
Хорвоод мэндлээд гуравхан жилийг үдэх гэж байгаа алаг үр нь хорт хавдартай гэсэн мэдээг сонссон эхийн сэтгэлийг хэн ч мэдэхгүй. Арван сар тээж зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох адил хүмүүний заяаг олж алтан дэлхийд мэндлүүлсэн үр нь удахгүй хорвоогоос буцна гэхээр юуны төлөө сэтгэл хоргодож амьдрах юм бэ хэмээх бодлыг тээх ажээ. “Болдог бол үрийнхээ хавдрыг өөрөө авчихмаар байна. Миний үр хорвоод түрхэн зуур үдлээд буцах байсан гэж үү. Би хэнд ямар гай хийсэн гэж миний үрийг ингэж байгаа юм бэ” хэмээн цурхиран уйлж байхыг хараад өр өмрөх шиг. Мөн 20 хүрч яваа айлын ганц хүү хорт хавдар тусан амьдрах найдваргүй хэмээн хоногоо хүлээн суугаа, хүний нутагт Шведэд 20 жил ажилласан бүсгүй олсон мөнгөө бүгдийг нь зөвхөн эмчилгээндээ зориулж байгаа, эмчилгээ нь үр дүнгүй болон нүднээс гарсан эхнэр нь дөнгөж сая есдүгээр сард тархины цус харвалтаар нас барж сэтгэл санааны маш хүнд дарамтад орсон өвчтөнүүд...Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа хөнгөвчлөх тасагт хэвтэн эмчлүүлэх аж.
Үхэл амьдралын зааг дээр байгаа энэ хүмүүсийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар сэтгүүлчийнх бус эгэл жирийн 20 гаруй насны залуу эмэгтэй хүний нүдээр харсан юм. Хөнгөвчлөх тасаг гэсэн пайз үүдэндээ өлгөсөн хаалгаар хөл тавингуут диваажин, там гэдгийн хаалгаар л орж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Эргэн тойрон цагаан халаадтай эмч, сувилагч нар сандралдан гүйлдэж цурхиран уйлсан, нүдэндээ уйтгар гуниг тээсэн хүмүүс, нулимс унагахгүй гэж хөмхийгөө зуух нэгэн ч тааралдах аж. Тус тасаг 15 ортойгоор хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Бид хөнгөвчлөх тусламж үйлчилгээг өгч чадалгүй олон иргэнээ хорвоогоос явуулсаар байна Эмнэлэгт ачаалал угаасаа л их байдаг хойно Монголдоо цор ганц хэмээн тооцогдох Хавдар Судлалын Үндэсний төвийн харьяа тус тасагт ачаалал асар их нь илт харагдана билээ. Энэ тасаг төвийн харьяа гэдэг утгаараа дандаа хавдартай эдгэхгүй, эмчлэгдэхгүй хэзээ нэгэн цагт хорвоогоос халих нь тодорхой болсон хүмүүс үйлчлүүлдэг аж. Эм тарианаас гадна сувилгаа, асаргаа сэтгэлзүйн бүхий л үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ. Манай улс анх хөнгөвчлөх тусламж үйлчилгээг 1970 онд Эрүүлийг хамгаалах яамдын сайдын тушаалаар нэг их, хоёр бага эмчтэй хөнгөвчлөх эмчилгээний бригадыг байгуулж гэрээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байжээ. Харин 2000 онд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний 10 ортой тасгийг “Соросын сан”-гийн тусламжтайгаар Хавдар Судлалын Үндэсний төвд байгуулсан юм билээ. Одоогоор хавдрын болон хавдрын бус шалтгаанаар хөнгөвлөх тусламж үйлчилгээ хэрэгтэй хүмүүст “Ногоочин гэр”, “Ивээл”, “Ариун”, “Найдвар” зэрэг шашны байгууллага болон “Ачтан” эмнэлэг 15 ортой тасаг нээж, төлбөртэйгээр хөнгөвлөх тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл таван ортой, ШШГЕГ-ын харьяа эмнэлэг дөрвөн ортой хөнгөвчлөх эмчилгээний өрөөгөөр үйлчилдэг аж. Гэсэн ч өнөөдөр яг тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа иргэд хөнгөвчлөх үйлчилгээг авч чадалгүй, зовж шаналан хорвоогоос хальсаар байна. Үүний илрэл нь тус төвийн хөнгөвчлөх тасагт хэвтэхээр оочер дугаараа хэдэн сараар хүлээж байгаа иргэдээс харж болно. Дээрхи шашны байгууллагууд нь зөвхөн христ шүтдэг хүмүүсээ авна гээд бусад эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байна. Дэлхийн бусад оронд тухайлбал, Исланд, Норвеги, Польш зэрэг оронд 100 мянган хүн тутамд таван ор, Шинэ Зеландад 100 мянган хүн тутамд 10 ор байдаг аж. Харин манайд хувийн болон улсын гээд үзэхээр 40 ор байгаа нь шаардлагатай хэрэгцээний дөнгөж 20 хувийг л хангадаг аж. Ингээд бодохоор олон хүн хөнгөвчлөх эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадалгүй хорвоог орхиж байгаа нь даанч хэрцгий юм шиг. Тус тасгийн ачааллын тухайд иймэрхүү. Харин дотогш орон өвчтөнүүдийн сэтгэл рүү өндийхөд хүний гарт орсон тэд өвчинтэйгээ эвлэрч ах дүү, амраг садандаа хэлэх захиасын үгээ хэлчихээд сэтгэл шулуудсан байдаг юм билээ. Харин заримынх нь хувьд өвчиндөө түүртэж, уур уцаартай болсон нь харагдсан. Асарч буй хүмүүс олон сар, жилээр өвчтөнөө асарсан болохоор туйлдаж ядарсан нь илт. Тус тасгийн эрхлэгч Д.Мөнгөнцэцэг хорт хавдар залуужиж байгаа дуулгаж байсан. Харин энэ тасагт хэвтэн эмчлүүлж буй Л. Батдорж “Хэрэв би хорт хавдраар өвчлөөгүй байсан бол сурах зүйл олон байна. Урьд нь цаг хугацаа ямар чухал гэдгийг мэдэхгүй өнгөрөөдөг байж. Одоо нэг өдөр ч надад асар их хэрэгтэй байна. Өвчин туссанаасаа хойш амьдралд би илүү хайртай болсон. Ийм эрт явмааргүй байна” гэх харууслын үг хэлж байв. Энэ үед 20 гаруйхан настай, ид эх орондоо ихийг бүтээх, аав ээжийхнээ ачийг хариулах залуу халуу насандаа өвчинд дарлагдан хүний гарт орсон түүнийг харахаар нүд хальтрам байсан.

-Хорт хавдраар өвчилсөн хүнд сэтгэл санааны дэмжлэг маш чухал гэдэг. Гэтэл манай зарим эмч нар “Та хорт хавдартай. Найдваргүй“ гээд пал хийтэл нь хэлдэг?
-Мэдээж, хорт хавдраар өвдлөө гэсэн оношийг өвтөнүүд сайнаар хүлээж авахгүй. Хэзээ ямар хандлагаар хэлэх үү гэдэг нь чухал. Бид муу мэдээг хүргэхдээ дөрвөн үе шатаар дамжуулдаг. Эмзэг өвчтөн их байдаг. Тэр өвчтөндөө сэтгэлзүйч эмчээрээ хэлүүлдэг. Манай дээр сэтгэцийн эмнэлгээс сэтгэлзүйч эмч долоо хоногийн хоёр өдөр гэрээтэй ирж ажилладаг. Тэр эмчийг ирэхэд эмийн эмчилгээнд намдахгүй, сэтгэлзүйн хамааралтай болж гутралд орсон өвчтөнг үзүүлдэг. Хүнд өвчтөнд сэтгэлзүйч, хоол зүйч эмчлэгч эмч гээд 6-7 эмчийн бүрэлдэхүүнтэй багийн уулзалт хийдэг.
-Хөнгөвчлөх тасагт хэвтэн эмчлүүлэх гэж бөөн чирэгдэл болдог гэдэг. Танил тал, өнгө мөнгө хардаг гээд асуудал дагуулдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Манай тасаг хэвтэн эмчлүүлэхээс гадна өдрөөр тусламж үйлчилгээ үзүүлдэг. 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэдэг улсын ганц эмнэлгийн тасаг. Хавдар Судлалын Үндэсний төвд ирж онош тодруулж байгаа өвчтөнүүдэд сэтгэлзүй, хоол эмийн эмчилгээний зөвлөгөө өгдөг. Хүлээн авч, зөвлөгөө өгөх шаардлагатай өвчтөнүүдээ хэвтэн эмчлүүлэх орны дугаарт авдаг. Дугаараараа дуудаж хэвтэн эмчлүүлдэг. Гэхдээ заримдаа өвчнөөс нь шалтгаалан дугаараас нь эрт дуудах, хойшлуулах үе гардаг. Хүнд өвчтөн 10 хоног хэвтээд гардаг.
-Орон нутгийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байсаар хавдраа хүндэрсэн үед нь илрүүлэх болсон. Хөдөөд хавдрын эмч нарыг бэлтгэх арга хэмжээ авч байгаа юу?
-2010 оны Эрүүл мэндийн сайдын 292 тоот тушаал гэж байдаг. Үүгээр аймаг, дүүргийн эмнэлэгт хавдрын болон хөнгөвчлөх эмчилгээний эмч гэхээр нийтдээ хоёр эмч байна гэсэн. Мөн хөнгөвчлөх эмчилгээний тав хүртэлх ор ажиллуулахыг сайдын тушаалаар гаргасан. Гэтэл энэ өнөөг хүртэл хэрэгжиж эхлээгүй. Зөвхөн Дорнод, Хөвсгөл, Баянхонгорт л хэрэгжиж эхэлсэн ч хоёр л ор ажиллуулж байгаа. Үүнтэй холбогдуулан манайх хөнгөвчлөхийн нарийн мэргэжлийн эмчийг бэлдэх сургалт зохион байгуулах гэж байна. 2013 оны нэгдүгээр сараас эхэлнэ. Ингэвэл орон нутгийн иргэд хөнгөвчлөх тусламж үйлчилгээг орон нутагт авахаар манай ачаалал гайгүй болох биз ээ. Орон нутгийн эмч сувилагч нар ч нарийн мэргэжлийн ажлыг гардан хийж сурна.
-Дүүргийн нэгдсэн эмнэлэг ийм хүмүүсийг хүлээн авах боломжгүй байдаг юм уу. Уг нь, хавдрын тасаг гээд байдаг юм билээ?
-Манай тасаг зөвлөгөө авъя гэсэн хүн бүхэнд нээлттэй. Тэр утгаараа ачаалал ихтэй. Манай тасагт эмчлүүлж байгаад гарахаар дүүргийн амбультори нь авдаггүй. Уг нь, аймаг, дүүрэг, өрхийн эмчийнх нь хяналтад явуулдаг. Гэтэл дүүргийнх биднээс ялгаагүй л хавдрын талаар мэргэшсэн хөнгөвчлөх эмчилгээний олон сургалтад хамрагдсан эмч нар хэрнээ манайхаас гарсан хүмүүст үйлчилгээ үзүүлдэггүй. Сая гэхэд хэвлийн шингэн нь ихсээд дотуураа цанхайгаад хүндээ маш их зовиур өгөөд байхад дүүргийн эмнэлэг нь шингэнийг нь авахгүй гээд манайх руу явуулсан байна. Хавдар юм чинь ХӨСҮТ рүү яв гэдэг үзэгдэл нийтлэг болж. Орон нутагт ч тэр. Өрхийн, дүүргийн эмнэлэг хүргэчих тусламж үйлчилгээгээ үзүүлэхгүй, шууд манайх руу яв гэх болсон.