Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй хотын өнөөгийн байдал болон цаашид хийх арга хэмжээнийх нь талаар ярилцлаа.
-Хотод бүтээн байгуулалт өрнөн бид хөгжиж байна хэмээн ярьж байна. Гэтэл эл хурдацтай хөгжлийн цаана хүний амь нас, эрүүл мэндийг булаах эмх замбараагүй байдал үүссэнийг анзаарсангүй?
-Бүтээн байгуулалт гэдэг улс орны том хөгжил, дэвшил. Барилгын салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт орж, тэр хэрээр хот өргөжин тэлж байна. Аливаа нэг юм хууль журмаараа явах учиртай. Барилгын зөвшөөрөл, инженерийн байгууламж, техник, зураг төсөв гээд олон юмыг хот төлөвлөлттэй уялдуулан барих ёстой. Энэ журмаараа явна гээд бодлого төлөвлөнгүүт замбараагүй байдал үүссэн байсан нь хүний амь насанд хүрснээр хэлж болох байх. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахидаггүй барилгын компаниуд олон байсан хэрэг. Тиймээс хотын даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдан шалгалт хийхэд 80 барилгын үйл ажиллагааг зогсоосон. Харин МХЕГ-ынхны хэлснээр 172 барилга байна гэсэн мэдээ бий.
-Төрийн байгууллагаас барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авъя гэхээр хугацаа алдаж хүлээх болдог. Тэрний оронд барьж байх хугацаандаа хөөцөлдсөн нь дээр байдаг гэж бизнес эрхлэгчид ярьдаг юм билээ?
-Энэ нэг шалтгаан нь. Олон шалтгаан бий. Бидэнд хамгийн ойр жишээ татахад Эрээн хот 100 мянган хүн амтай. Харин конторын ажилчид нь 500 орчим. Дээр нь, сургууль, цэцэрлэгийн албан хаагчид орохоор 3000 орчим хүн төрийн алба хаадаг гэж танилцуулж байна лээ. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг 270 гаруй мянган хүн амтай мөртлөө 100 хүрэхгүй төрийн албан хаагчидтай байна шүү дээ. Тэгэхээр төрийн албаны үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгохын тулд зайлшгүй орон тоог нь нэмэх шаардлага байна. Төрийн албан хаагч гэхээр ажил хариуцдаг биш хийдэг байх нь чухал. Өнөөдөр төрийн ажил гэхээр мэдээ тайлангийн хэмжээнд хийчихээд болж байна гэж ойлгоод байна шүү дээ. Гэтэл сүүлийн үед шинэ менежментээр төрийн ажлыг цогцоор нь хийдэг болж. Барилгын зөвшөөрөл олгодог газрын албан хаагчид гэхэд олон хүнтэй мөртлөө бие биедээ хяналт тавьж, уялдаа холбоотой ажиллан цогцоор нь ажлаа хийхээр хүндрэл чирэгдэл гарахгүй. Яахав. Олон хүн ажиллахаар төсөв нэмэгдэнэ гэж ярих л байх. Гэхдээ хөгжингүй орнуудын туршлагаар явахгүй бол зөвхөн ажил хариуцсан маягтай байвал ажил урагшлахгүй, хот хөгжихгүй шүү дээ.
-Зөвшөөрөлгүйгээр барилга барьсан компаниудын байшинг нураана гэж мэдэгдсэн. Олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөрөө босгосон барилгыг үнэхээр нураах юм уу?
-Зарим нэг барилгын компанийн зөвшөөрлийг ажлын хэсэг дээр ярьж байгаа. Ерөнхийдөө нураана гэсэн хоёр барилгын асуудал л байгаа шүү дээ. Нэг нь “Авзага трэйд”-ийнх, нөгөө нь “Тэмүүлэнбаатар”. “Тэмүүлэнбаатар” нь бусдад орон сууцаа борлуулчихсан юм билээ. Хуулиараа, ном журмаар нь шийдэх байх. Бусад барилгын хувьд ямар нэгэн зөвшөөрлөө аваагүй, дутуу хагас байсан учраас ажлын хэсэг дээр яриад хотын дарга, салбарын сайдад нь асуудлыг танилцуулаад нэг мөр шийдчих болов уу гэж бодож байна. Өнөөдөр ажлын хэсэг эцсийн байдлаар тэгнэ, ингэнэ гэж яриагүй. Тэгээд ч барилгын цаана ажилчдынх нь эрх ашиг цаашилбал тухайн барилгад хөрөнгө оруулсан хүмүүсийн болон захиалга өгсөн иргэдийн эрх ашиг байгааг санах хэрэгтэй.
-Тэгэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөрт дурдсан барилгын зөвшөөрлийг төр нь гүйцэтгэдэг байя гэсэн санаа хэрэгжих нь ээ?
-Хот дээр бүх барилгын зөвшөөрөл төвлөрөөд нэг цэгийн үйлчилгээ явуулбал ямар ч асуудал гарахгүй гэсэн санаа л даа. Бид замбараагүй байсан юмыг эмх цэгцтэй болгож, хуульгүй байсныг хуультай болгож нэг гольдролд оруулна гэж зүтгэж байна. Барилгын компаниудын захирал, төрийн албаны зургийн зөвшөөрөл олгодог хүмүүс уулзахаар эрх ашгийн болон сонирхлын зөрчил бий болдог юм байна. Энэ нь ч, хүмүүст хардах сэтгэгдэл төрүүлж буй учраас журмаар зохицуулах шаардлага зүй ёсоор гарлаа. Тиймээс БХБ-ын сайдтай зөвшилцсөний дагуу хавар барилгын ажил эхлэхээр нэг цэгийн үйлчилгээгээр барилгын зөвшөөрөл олгодог больё гэж шийдвэрлэсэн. Энэ нэг цэгийн үйлчилгээгээр барилгын зөвшөөрлийг 30-40 хоногт өгдөг болох байх. Өнөөдөр зориулалтаас нь шалтгаалж барилга барих 100 гаруй зөвшөөрлийг авахын тулд 200 хоног зарцуулдаг. Зарим нь бүр гурван жил хөөцөлдөөд аваагүй гэж ярьж байна. Нэг цэгийн үйлчилгээтэй болбол байдал өөрчлөгдөх байх аа.
-Сөөм газар л байвал баар, зочид буудал бариад хот төлөвлөлт алдагдаж буйг хэн хүнгүй л мэдэж байсан. Гэхдээ ямар ч арга хэмжээ авч чадахгүй байсаар өнөөдрийг хүргэчихсэн нь олон асуудлыг ар араасаа дагууллаа?
-2030 он хүртэл хөгжүүлэх хотын ерөнхий төлөвлөгөөг гаргах гэж байна. Үнэхээр ерөнхий төлөвлөгөөтэйгөө уялдуулахгүй, замбараагүй барилга барьсан нь ажиглагдсан. Одоо хотын энэ ерөнхий төлөвлөгөөгөөр цахилгаан, дулаан, дэд бүтэц, барилга гээд бүх юмаа батлуулж авна. Дээр нь, хотын дулаан хангамж, цахилгаан бохир цэвэр усны нөөцтэй шинэ хот байгуулахаар төлөвлөөд байна. Газарзүйн байршилаараа Ханын материал тохиромжтой гэж барилга хот байгуулалт, төлөвлөлтийн мэргэжлийн хүмүүс санал болгож байгаа. Хотын зүгээс ч дэмжиж буй тул энэ дөрвөн жилд бодитойгоор хийгдэнэ. Дээр нь, Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын санхүүжилтээр Долоон буудал, Баянхошууны гэр хорооллыг барилгажуулна. Бага оврын цэвэрлэх байгууламжтай, дэд станцтай, дээр нь халуун, хүйтэн устай тохилог орон сууцны хорооллууд баригдана. Хуучин Азийн цагаан дагина гэгддэг нэрээ эргүүлэн олж авна гэсэн зорилт тавиад байна.
-Нийслэлийн Статистикийн газрын мэдээллээр өдөрт 300 гаруй хүн шилжин ирж байна гэсэн тооноос харахад хот хурдацтай тэлж байна. Гэтэл хотын төвдөө шигдээд байхаас биш зах руугаа барилгажилт явахгүй юм?
-НИТХ-ын ээлжит бус чуулганы шийдвэрээр Улаанбаатар хотод 1300 орчим га-д газар олгох зөвшөөрөл өгөхгүй байх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, энэ газарт дахин шинээр газар олгохгүй буюу хөндөхгүй гэсэн үг. Зөвхөн төсөл сонгон шалгаруулж, газрыг нь дуудлага худалдаагаар өгч байшин баригдана гэж нутаг дэвсгэрээр нь нарийн зааж ялгасан. Тиймээс хотын төвийн нягтаршлыг багасгахын тулд хотын захиргаа шинэ хотын суурьшил руу нүүхээр нэлээд үйлчилгээ, томоохон офиссын цогцолбор бий болно байх гэж бодож байна. Тэр нь дулаан хангамж, усан хангамж, бохир, дэд бүтцийн хувьд боломжийн төв байх юм. Манай намын дэвшүүлсэн таван А хөтөлбөрт орсон мөрийн хөтөлбөрийн нэг заалт л даа.
-Уг нь, хотын захыг бүрхээд байгаа гэр хорооллыг орон сууцуулах замаар орчин үеийн метрополис хот болгоно гэж өмнөх удирдлагууд ярьж байсан. Гэвч салхийг нь хагалсан Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын ажил зогссон гэж сонслоо?
-Өнөөгийн байдлаар долдугаар хороолын хувьд тун тааруу. 300 айлын түр оршин суух байр ирэх сарын 25-нд ашиглалтад орох ёстой ч ажил нь удаашралтай байгаа. Дээр нь, үнэ дээрээ тохиролцож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдээс газрыг нь худалдаж авах менежментийн арга нь өнөө цагт тохирохгүй байна гэж үзсэн. Ер нь, газар чөлөөлөн шинэ хот суурин барьсан гадаадын улс орон, байгууллагуудаас суралцах хэрэгтэй байна. Ерөнхий төлөвлөгөөгөөр эхний ээлжинд гэр хорооллын 3000 айлыг орон сууцжуулах, хэрвээ дэд бүтэц маань гайгүй шиг бололцоотой болоод ирвэл 10500 өрх гэж тусгагдсан газрууд бол бий. Гэвч ийм үнээр худалдан авна гэж төлөвлөснөөс иргэдийн газар хавьгүй үнэтэй байгаагаас газар чөлөөлөх ажил зогсчихлоо. Мэдээж, айлуудад буруу өгөх юм байхгүй. Насаараа цуглуулсан хөрөнгөн дээрээ иргэд амьдарч байгаа шүү дээ.Тэрийгээ амар хялбар, хямдхан өгье гэж хэн ч бодохгүй. Тиймээс газар чөлөөлөхөд иргэн, хотын сонирхлыг нэг төвшинд аваачих хэрэгтэй байна.
-Гэр хорооллыг орон сууцжуулах ажил яг хэзээ эрчимтэй хэрэгжих вэ. Хүлээлт бол нийгэмд үүсчихлээ шүү дээ?
-Ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжинэ. Улс, хотын төсөв буюу бүх хөрөнгө оруулалтаар санхүүжилтийг нь шийднэ. 2013 онд нийтдээ 228 орчим тэрбум төгрөгийг гэр хорооллыг барилгажуулахад зарцуулна гэж төлөвлөсөн. Эхний ээлжинд 15 байршлаас есийг шинэ суурьшлын бүс гэж сонгосон. Нийтдээ 250 орчим га газрыг хамарна даа. Ер нь, гэр хорооллыг орон сууцжуулах ажил дэд бүтцэндээ уягдаад байгаа. Одоогоор Улаанбаатар хотын 58 хувийг нь төвлөрсөн дулаанаар хангах боломжтой. Барагцаагаар Сонгинохайрханы Ханын материал, Толгойт, Баянголын амын дулааны нөөц гайгүй байгаа. Бусад газарт бол хомсдол үүсэхээр байгаа гэсэн тооцоо бий.
-Хот төлөвлөлтийн хүрээнд 24 газарт автомашины зогсоол барина гэж хот төлөвлөлтөд тусгасан гэсэн?
-Одоогийн байдлаар 2010 онд байгуулагдсан гурван төлбөртэй зогсоол үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Уг зогсоол Спортын төв ордны өмнө, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын урд, Улсын драмын эрдмийн театрын өмнө байгаа. Эдгээр зогсоол цагийн 1000 төгрөгийн төлбөртэй бөгөөд гурван цагаас илүү автомашин тавихыг хориглодог гэдгийг мэдэх байх. Түгжрэлийг сааруулах үүднээс зогсоолын тоог нэмэх шаардлагатай гэж үзээд нийслэлийн Газрын албанаас нийт 24 байршилд төлбөртэй зогсоол байгуулахаар жагсаалт гаргаж, төсөл сонгон шалгаруулаж Засаг даргын захирамжаар ажиллуулах шийдвэр гаргасан. Тухайлбал, шинээр Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ-ийн зүүн талд, Л.Энэбишийн гудамж дагуу, Баянгол дүүргийн ЗДТГ орчимд, ҮХААЯ-ны зүүн талд, Халдварт өвчин судлалын үндэсний төв, гурван яам, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Барилгачдын талбайн өмнө гээд төлбөртэй зогсоол барихаар төлөвлөөд байна.
-Нийтдээ хэдэн автомашины зогсоол байх юм?
-Авто тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж, зам талбайн ашиглалтыг сайжруулах юм. Өөрөөр хэлбэл, нийслэлээс газрыг нь өгч хувийн аж ахуйн нэгжүүдээр зогсоол байгуулж, хамтарч ажиллана гэсэн үг. Шинээр баригдах төлбөртэй зогсоолууд нь 4505 автомашины багтаамжтай байна. Ажлын найман цагаар үйлчилж байхаар төлөвлөөд байгаа.
-Нэг үеэ бодвол нийслэлийн авто замыг засч, шинэчилж байна. Харин үргэлж л чанарын асуудал сөхөгдөж ирлээ?
-Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын урт нь өнөөдрийн байдлаар 650.4 км. Үүний 70 орчим хувь нь ашиглалтад ороод 20-иос дээш жилийн насжилттай болсон, их засвар, шинэчлэлт хийгдээгүй авто зам эзэлдэг. Нэг сонирхолтой тоо хэлэхэд, Улаанбаатар хотын барилгажилтын хэмжээ 1980 оныхоос 3.5 дахин нэмэгдсэн байдаг ч авто замын сүлжээ бараг хэвээрээ байна шүү дээ. Үнэхээр сүүлийн хоёр, гурван жил хотоос авто замаа бага багаар засч, шинэчилж байна. Болдогсон бол бүгдийг нь засмаар байдаг ч нөгөө л хөрөнгө мөнгөтэй холбоотой. Гэхдээ хот гэлтгүй төрөөс авто замын засвар, шинэчлэлтэд анхаарч хөрөнгө мөнгийг нь боломжийн хэмжээнд төсөвлөж өгч байна. Чанарыг бол байнга гүйцэтгэгч нараас нэхэж буй. Авто замын газар хяналтаа тавьж байна. Энэ жил хэр чанартай зам барьсныг хавар л мэдэгдэх байх даа.
-Тусгай замын автобус, метро хэзээ биелэлээ олох вэ?
УБТЗ-тай хамтран төмөр замаар явах нийтийн тээврийг судлан үзэж байна. Энэ нь Эмээлтээс Хонхор хүртэл realbus-аар иргэдэд үйлчлэх үйлчилгээ юм. Хотын захаас орж ирж буй иргэд realbus-аар үйлчлүүлснээр олон талын давуу талтай. Жишээ нь, хотын захаас суугаад томоохон үйлчилгээний төв болох Хархорин зах, Гурвалжингийн гүүр, Вокзал, Нарантуул, Амгалан зэрэгт бууж үйлчилгээ авах боломжтой болно. Үүнийгээ дагаад хот руу чиглэх автомашины хөдөлгөөн давхар буурах боломжтой гэж үзэж байгаа. Метроны асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байна. 2020 онд Улаанбаатар хот метротой болно гэж тооцож байна.