Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн шийдвэрээр өнгөрсөн сард Лениний хөшөөг буулгасан. Энэ үеэр тэрээр “Манайх капитиласт нийгмийн үеийн хөшөөнөөс саллаа. Хятадын Коммунист нам олон сая хүний амийг хядсан…” хэмээжээ. Энэ үг нь өмнөд хөршийн удирдлагуудын чихэнд хүрч, уур бухимдлыг нь төрүүлсэн байна. Тиймээс БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун Гадаад хэргийн сайд Л.Болдод Засгийн газрынхаа даалгавраар уулзах хүсэлт гаргасан тухайгаа тайлбарлаад “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн.
Одоо үед танай улс байтугай барууны орнууд ч бидний талаар ийм зүйл ярихаа больсон. Э.Бат-Үүл даргын хэлсэн үгийн талаар Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН-ыг албан ёсоор байр сууриа илэрхийлэх хэрэгтэй” гэжээ. Мөн “Хотын мэрийг албан ёсоор уучлал гуйх ёстой. Бид сүүлийн 20 гаруй жил танай улсын дотоод хэрэгт оролцож байгаагүй, бүрэн эрх, тусгаар тогтнолд үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн” хэмээсэн аж.
Тус улсын Гадаад хэргийн яам Бээжинд суугаа манай улсын Элчин сайдын яаманд энэ талаар албан шаардлага хүргүүлсэн байна. Үүнийг Гадаад хэргийн яамны Олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “Бээжин дахь манай Элчин сайдын яамнаас бидэнд энэ талаар мэдээлэл ирүүлээгүй. Одоогоор манай яам энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй” гэв.