Эрүүл мэндийн салбарт авлига хээл хахууль, эмч нарын хүнд суртал газар авч нийгэмд нэр хүнд нь унаад байгаа. Тэгвэл шинэ Засгийн газар 2013-2016 оны мөрийн хөтөлбөртөө эл салбарт тэр дундаа энхийн манаанд зогсдог эмч нарт итгэх иргэдийн итгэлийг сэргээх ажлыг тусгажээ. Энэ хүрээнд шинэчлэлийн гарааг өчигдөр эхлүүллээ. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Эрүүл мэндийн салбарт шинэчилж өөрчилж, засч залруулах олон асуудал бий. Бодлогын дутагдал, буруу төлөвлөлт, үр ашиггүй хөрөнгө оруулалт, мэргэжлийн удирдлагын манлайллын хомсдолоос болж олон нийтийн дунд эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд унаж байгаа. Шинэчлэлийг нэг мөсөн хийж, үр дүнг тэр дор нь олны нүдэн дээр гаргаад тавих боломжгүй юм. “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг эрүүл мэндийн салбар одоогийнхоо энэ арга барил, зан үйл, хуучин зуршлаараа хэрэгжүүлэх юм бол шинэчлэл хийж чадахгүй. Тийм учраас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй” гэсэн юм. Мөн тэрээр Эрүүл мэндийн салбарынханд ард түмнийхээ зовлонг өөрсдийнхөө зовлон шиг хүлээж авах өр нимгэн, өрөвч зөөлөн сэтгэл хэрэгтэй байна. Өвчиндөө шаналж, цөхөрч туйлдсан, арга нь барагдаж яваа өвчтөн, үйлчлүүлэгчээ дээдлэн хүндэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ шуурхай үзүүлж байдаг тийм соёл энэ салбарт үгүйлэгдэж байгааг онцолсон. Уулзалтад эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар болон орон нутгийн эрүүл мэндийн газрын төлөөлөл, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч ажилтнууд оролцлоо.
Уулзалтын үеэр хөндөж байсан хамгийн анхаарал татсан асуудал нь эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгал байлаа. Иргэд олон жил даатгал төлөөд л байдаг. Тэгсэн атлаа үр шимийг нь өнөөг хүртэл хүртэж чадахгүй байгаад гайхдаг. Тэгвэл эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийг таван аргаар хийхээр болжээ. Тухайлбал, улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг үйлчилгээний хүрээг тогтоох. Үүний дараа ямар үйлчилгээний хөлсийг иргэд хармаанаасаа төлбөл зохих жагсаалт гаргах аж. Хэдийгээр 2006 онд анх боловсруулж байсан ч мөрдөхгүй явсаар өнөөг хүрчээ. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилт, төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах болсон тухай ч энэ үеэр дуулгаж байлаа. Харин салбарын зардлыг аваад үзэхэд эм, эмнэлгийн хэрэгслийнх хамгийн чухал зардалд тооцогддог байна. Үүний дараа ажилчдын цалин, урамшуулал ордог аж. Эрүүл мэндийн салбарын төсөв хөрөнгө гарч буй зардлууд тэр дундаа эмийн зардалтай хэрхэн нийцэж байгааг харж үзэх юм байна.

-Бидний дунд эмийн зохистой хэрэглээ алдагдаад байгаа. Үүнийг эрүүл мэндийн салбарын шинэчлэлд хэрхэн шийдэхээр тусгасан бэ?
-Ямар ч байсан эхний гурван сард орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийнэ. Шалгалтын үр дүнг харж үзнэ. Ингэснээр зах зээлд зарж буй эмийн чанар аюулгүй байдалд дүгнэлт хийнэ. Цаашид Монгол Улсын зах зээлд худалдаалах эмийн журам батална. Мөн чанар аюулгүй байдалд ямар шинэчлэл хийх вэ гэдгийг ч үүгээр гаргаж ирнэ.
-Стандартын шаардлага хангахгүй эмийн сангууд их байна хэмээн албаныхан ярих юм. Ялангуяа, гэр хороололд?
-Эм ханган нийлүүлэх байгууллагуудын стандарт хангалтгүй байгаа. Хэдийгээр стандарт нь 2005 онд батлагдаж хэд хэдэн удаа өөрчлөлт орсон боловч хэрэгжилт нь хангалтгүйгээс стандартын шаардлага хангахгүй эмийн сангууд бий болсоор байна. Мөн тусгай зөвшөөрлийн бодлого алдагдсанаас хэт олон эмийн сан ойр ойрхон байгуулагдах болсон. Үүнээс гадна эмийн сангууд хувьчлагдсанаар тоо нь олширч эмийн стандартаа мөрдөхгүй борлуулалтын хойноос хөөцөлдөх болж. Улсын бүртгэлд эм бүртгэж авсны дараа ямар үр дүнтэй байна вэ гэдгийг нь анхаарахгүй байна. Дээрхээс гадна нэг аюул нь хүчтэй антибиотик жоргүй олгосноор эмэнд тэсвэртэй нян үүсэх болсон.
-Үүнээс гадна эмийн сангуудад эмийг жороор олгоно гэдэг хууль үйлчилдэггүй шүү дээ?
-Эм жоргүй олгож буй шалтгаан нь иргэд эмчид очихоос цааргалан дур мэдэн эм хэрэглэдэг. Нөгөө талаар эмч нар жор бичихэд их цаг орно гэдэг. Ер нь, эмийн сангууд жор барьж ирээгүй хүнд эм олгодог. Сүүлийн үед эмийн нэр төрөл олширсноор жор бичихэд хүндрэл гараад байгаа. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийснээр иргэдийг эмийн хэрэглээний боловсролтой болгоно. Ингэснээр өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих болно. Эмийн жор бичихийг сайжруулах ажлыг шат дараатай хийнэ. Дөрвөн жилийн дотор эмийн жорыг цахим хэлбэрт оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Өнөөдөр эмийн бизнес хамгийн ашигтай гэгдэх боллоо. Ховор эмүүд хэт өндөр үнээр зарагдах болсон. Энэ нь иргэдийг эдийн засгийн дарамтад оруулдаг. Энэ талаар ямар шинэчлэл хийх вэ?
-Эмийн үнэд төр зохицуулалт хийх дүрэм журмыг шинэчилнэ. Сүүлийн үед иргэдээс эмийн талаар хамгийн их ирж байгаа гомдол нь амбультороор зарж байгаа эмийн үнэ хэт өндөр байна гэх болсон. Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд эмийн үнийг нэмж зардаг. Гэхдээ борлуулалтын шатанд үнэ нэмэгдэх ёстой ч ямар ч хяналтгүйгээс хэт өндөр үнэлэх болсон. Одоогийн мөрдөж буй хууль эрхзүйн хүрээнд зөвхөн даатгалын сангаас олгож байгаа эмийн үнийг хөнгөлдөг. Харин түүнээс бусад эмийн үнийг хөнгөлөх зохицуулалт байхгүй. Төрийн зүгээс эмийн салбарт ямар ч дэмжлэг байхгүй. Тиймээс шаардлагатай эм, тоног төхөөрөмжийг НӨАТ-аас хөнгөвчлөх хэрэгтэй байгаа л даа. Ер нь, энэ шалтгаанаар л эмийн үнэ нэмэгдэж байгаа юм.
-Эмийн үйлдвэр, эм импортолдог аж ахуйн нэгжүүдэд хэрхэн хяналт тавьж байна вэ. Цаашдаа ямар бодлого баримтлах бол?
-Эрүүл мэндийн салбарт тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг бусад салбарын бизнес эрхлэгчидтэй адилтган ирсэн. Бизнес эрхлэгчдийн зүгээс төр хүнд суртал гаргалаа, тусгай зөвшөөрөл өгөхгүй нь гэсэн байнгын дарамтад байдаг. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн бодлого алдагдаж мэргэжлийн бус байгууллагуудад зөвшөөрлийг нь олгосон. Сүүлийн хоёр, гурван жилд илүү их ажиглагдах болсон. Эмийн үйлдвэрлэл эрхлэх, импортлогч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн. Иймээс хяналтаа сайжруулах нь чухал.