Хүн ам өсөх тусам улс хөгжихийн үндэс гэдэг. Гэтэл манай улсын хүн амын өсөлт 1990 оноос хойш эрчимтэй буурч эхэлсэн билээ. Энэ нь нийгэм, эдийн засгийн хуучин тогтолцооноос шинэ системид шилжих болсонтой холбоотой. Нөгөөтэйгүүр 1950 оноос өмнө хүн амын өсөлт эрчимтэй буурч байсан, дайн байлдаан, халдварт өвчинтэй холбон тайлбарладаг. Гэхдээ дайн дуусч ЗХУ-ын эмч нарын тусламжтайгаар орон даяар тархаад байсан халдварт өвчнүүдээс салж, хүн ам өсөх нөхцөл бүрджээ. 1970 оны сүүлээр манай хүн амын өсөлт оргилдоо хүрч байж.
Гэтэл одоо дайн байлдаангүй амар амгалан цаг. Тийм байхад залуу гэр бүлүүд олон хүүхэдтэй байхыг төдийлэн хүсэхээ больчихжээ. Алдарт эхийн хоёрдугаар одонг дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж, зургаан хүүхэд төрүүлсэн эхэд нэгдүгээр одон олгодог. Гэсэн ч нэг байтугай хоёрдугаар одон хүртэх эхчүүд өдрийн од шиг цөөрчээ.
Хүн амын өсөлт буурч байгаа нь улс орны хөгжилд чимээгүй нүүрлэсэн аюул гэлтэй. Хувь хүн төдийгүй улс орны хэмжээнд анхаарч, санаа тавих зүй ёсны асуудал болоод байна.
“Сургуулиа ч төгсөөгүй байж юун хүүхэд, санах ч хэрэггүй”, “Шинэ ажилд орчихоод төд удалгүй жирэмсний амралт авах юм бол ямар нэмэр байхав дээ” гэх зэрэг зөвлөгөөг та хэн нэгэн найздаа, дүүдээ өгч л байсан байх. “Нас нь болсон юмсан ганц хүүхэд төрүүлээд, гараасаа хөтлөхгүй л юм байх даа” хэмээн охиндоо санаа зовж, шаналж суугаа ээжтэй ч таарч байлаа.
“Одоо ч хүүхэд төрүүлэхэд хэцүү болсон гэсэн. Дотны маань найз төрөх гээд өвдөөд эмнэлэгт хандахад бичиг баримтгүй гэж өөр эмнэлэг рүү явж байх хооронд хүүхэд нь эндчихсэн гэсэн”, “Манай найз саяхан төрчихөөд эмнэлгээс гарч амжаагүй байхад ньхүүхэд нь нярайн халдвар авсан гэнэ”, “Улаанбаатарын утаанд жирэмсэн эхчүүд байж болохгүй, хортой гэж байна. Утааны хор урагт нь нөлөөлдөг. Ер нь Улаанбаатарын эмэгтэйчүүдээс ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэнд утаа шигээ бүрхэг байна даа” гэсэн айдас төрүүлэм мэдээлэл хаа сайгүй л сонсогдоно.
Гэхдээ энэ айдсыг үргээх сайхан мэдээлэл түгээхийг хичээлээ. Эгэл жирийн буянтай ээжтэй уулзсан юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн энэ буянтны яриаг хүргэж байна. Үртэй хүн баян, үндэстэй мод нахиалдаг юм шүү.
Д.БАВУУЧИГ: НАМАЙГ ЗАЛУУД ЕСӨН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ ЦӨӨН АМ БҮЛТЭЙД ТООЦОГДДОГ БАЙСАН
/Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж/-Эмээ та аль нутгийн хүн билээ. Одоо нас сүүдэр хэд хүрч байна. Хэдэн хүүхэд төрүүлж өсгөв өө?
-Эмээ нь Сүхбаатар аймгийн уугуул. Хэнтий аймгийн суугуул даа. Залуудаа Хэнтий аймагт очиж ажиллаж байгаад, гал голомтоо бадраан айл болоод өдий хүртэл тэндээ амьдарч байна. Энэ жил 79-тэй. Есөн хүүхэд төрүүлсэн дээ.
-Таны үед ер нь олон хүүхэдтэй айлууд их байж ээ?
-Өө, тэгэлгүй яахав. Есөн хүүхэдтэй айл ам бүл цөөнд л ордог байлаа. Би эхээсээ 13-уулаа байсан.
-Залуудаа ямар ажил эрхэлж байв даа. Таны үед хүүхдээ төрүүлээд удалгүй л ажилдаа орчихдог байсан гэдэг?
-Хэнтий аймгийн барилга угсралтын газар 40 жил машинистаар ажилласан. Биднийг залуу байхад их хатуу байсан. Хүүхдээ төрүүлээд 45 хонов уу, үгүй юү хүүхдээ яслид өгөөд л ажилдаа ордог байсан. Дээрээс өгсөн төлөвлөгөө нормоо биелүүлэх гээд л ёстой үнэнч ажилладаг байж дээ. Сүүлдээ том хүүхдүүд маань дүү нараа харж хандаад, өсгөдөг болсон.
-Хэдтэйдээ анхныхаа үрийн зулайг үнэрлэж байсан бэ?
-22 настай, цэл залуугаараа л том хүүгээ төрүүлж байсан. Одоо хүү маань ээжтэйгээ хамт өтөллөө дөө.
-Харин отгон хүүхдээ...?
-44 настайдаа бага хүүхдээ төрүүлсэн. Нээрээ саяхан хэдэн хүүхэдтэйгээ яриад сууж байтал хамгийн том хүүгийн маань том хүүхэд бага охинтой маань чацуу юм билээ.
-Олон хүүхэд төрүүлж, өсгөөд ач, зээгээ тойруулаад суух л хүний жинхэнэ аз жаргал юм шиг?
-Эмээ нь боддог юм. Хүн ер нь залуу насандаа боломжтой байвал олон хүүхэд л төрүүлбэл нас дээр гараад ирэхээр сайхан шүү дээ. Тэгээд ч үр удмаа үлдээх нь амьтай бүхний ганц зорилго. Гэтэл өнөө үед хүмүүс мөнгө хөрөнгөтэй байхыг илүүд үздэг болж. Маш их хөрөнгө хурааж, хуримтлуулан цуглууллаа гээд ямар аваад үхэх биш дээ. Зах зээлийн үед олон хүүхэдтэй айлууд их хэцүү амьдрал туулсан.
-Одоо ач, зээ нийлээд хэд хүрч байна?
-Хүүхдүүд, ач, зээ нийлээд 100 хүрч байгаа байх. Эмээ нь тоогоо алдсан.
-Та 80 шүргэж байгаа гэхэд ануухан байна?
-Гурван охинтойгоос хоёр нь эмч, нэг нь багш мэргэжилтэй. Тийм болохоор хүүхдүүдийнхээ ачаар өвдөх өвчингүй сайхан л явна даа. Өвчингүй бол жаргал гэдэг шүү дээ. Олон хүүхэд төрүүлснийх сайхан байлгүй яахав.
-1990 оноос хойш ер нь хүн амын өсөлт буурсан гэдэг?
-Тэр үед чинь олон хүүхэдтэй айлууд их ядуу, зүдүү байсан шүү дээ. Хүүхдийн мөнгө гэж авсан хоёр мянган төгрөгөөрөө 10 кг гурил аваад хүүхдүүдээ хоол хийж өгдөг байлаа.