Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн удирдлагуудад хариу шаардлага хүргүүлжээ

Зөвшөөрөлгүй гэгдэж байсан 80 гаруй барилгаас хоёрыг нь нураах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан. “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг энэ шийдвэрээ эргэн харж, алдаа дутагдлаа зас гэсэн шаардлагыг нийслэлийн захирагч Э.Бат-Үүл болон бусад удирдлагад тавиад байна.
Энэ оны есдүгээр сарын эхээр барилгын цемент цутгадаг кран явган хүний зам дээр унаж бяцхан охин амь эрсэдснээр энэ асуудал сөхөгдсөн юм. Гэтэл энэ мэт аймшигт осол ойр ойрхон тохиолдох болсон нь нийгмийг айдаст автуулсан билээ. Зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэхийг нийслэлчүүд шаардаж байлаа.
Хэдийгээр нийслэлийн захирагч Э.Бат-Үүл “нураана” гэж ярьж байсан ч санааны зоргоор болох зүйл биш байжээ. Нураая гэвч эрх зүйн орчин нь тодорхойгүй. Энэ асуудалд УИХ хүртэл онцгой анхаарч ажлын хэсэг томилон ажиллуулж байсныг та санаж байгаа биз. Олон дахин хуралдсаны эцэст удирдлагууд албаныханд ч алдаа байгааг ухаарч сайтар шалгасны дүнд асуудалгүй гэж үзсэн зарим барилгынх нь зөвшөөрлийг олгож, зөвхөн зайлшгүй шаардлагатайг нь нураахаар болсон юм. Барилга барихад хэтэрхий олон зөвшөөрөл, бичиг цаас бүрдүүлдэг гэж тус салбарынхан гомдоллодог. Тэдгээр бичиг баримтаас нэг нь л дутуу байхад МХЕГ-аас барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгодоггүй байна. Дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн хоёр сарын хугацаанд МХЕГ-аас нийслэлд баригдаж буй барилгуудад шалгалт хийхэд 100 гаруй нь бичиг баримтын зөрчилтэй болох нь илэрчээ.
Харин зайлшгүй нураах шаардлагатай барилгаар “Авзага трэйд” ХХК-ийн Сүхбаатар дүүрэгт барьж буй барилга, “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт барьж буй орон сууцны барилга тодров.
Хөрөнгө мөнгөө зарцуулсан эзэд нь энэ шийдвэрийг “баярлалаа” гэж хүлээж аваагүй нь мэдээж. Барилгаа нураалгах гэж буй “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдэгдлээ. Барилгыг нураах шийдвэр гарсанаас хойш тус барилгыг зээлийн барьцаанд байгаа, “Тэмүүлэнбаатар” гэдэг компани байхгүй, дампуурчихсан гэх мэт яриа гарах болсон байна. Түүний ярьж буйгаар тус компани хууль зөрчиж барилга барьсан гэдэг нь ташаа мэдээлэл ажээ. Тэрээр сэтгүүлчдийн өмнө барилгатай холбоотой бичиг баримт, зөвшөөрлийн эх хувилбарыг дэлгэн үзүүлсэн юм. Тэрээр анх 2007 онд 200 ам.метр газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрх авсан байна. Түүнийгээ дараа жил нь орон сууцны барилга барих зориулалттай болгож өөрчлүүлжээ. Анх газрын зөвшөөрлийг олгохдоо Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Б.Нямдаваа нь бүртгэлдээ зөвшөөрлийн бичиг дээрхээс бага талбайтай бичсэн нь ийм байдалд хүргэлээ гэж  ярьсан юм. Тус компани нь уг газарт хоёр барилга барьсан бөгөөд нэгийг нь ашиглалтад оруулан захиалагчид нь байрандаа орсон гэнэ.
Тэгвэл уг барилгыг яагаад нураах болсон шалтгааныг албаныхнаас тодруулахад “МХЕГ-аас шалгалт хийх үеэр тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг нь ямар ч зөвшөөрөл, захирамжаа үзүүлээгүй” гэсэн тайлбарыг Сонгинохайрхан дүүрэгт ажилласан нийслэлийн байцаагч н.Мөнхсүх өглөө. Түүнчлэн ашиглалтад өгчихөөд байгаа гэх нэг орон сууцыг нь улсын комисс хүлээж аваагүй байсан ажээ. Ямартай ч, Б.Эрдэнэчимэг хариугаа арваннэгдүгээр сарын 9-ний 12:00 цаг хүртэл хүлээнэ гэлээ.

Ц.Элбэг

0 Сэтгэгдэл
ШУУД НУРАА
Хамгийн их уншсан