Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, шинээр байгуулах эрчим хүчний болон дулааны эх үүсвэрийн талаар Эрчим хүчний сайд М.Сономпил болон Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэв нартай ярилцлаа.
-Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд өсч байна. Өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 5-6 хувиар тогтмол өсч байгаа. Яг оргил ачаалал буюу арваннэгдүгээр сараас хоёрдугаар сард эрчим хүчний хэрэглээ огцом өсдөг. Өнгөрсөн арванхоёдугаар сард эрчим хүчний ачаалал 782 квт байсан бол нэгдүгээр сард 810 квт хүрсэн.Дээрээс нь, ОХУ-аас 170 мгВт-ын эрчим хүч аван өнгөрсөн жилийг давсан. Ер нь, эрчим хүчний хэрэглээ өсч, ид оргил ачааллын үедээ 840 мгВт хүрдэг юм. Тиймээс энэ жил 810-815 мгВт горим өгч, ОХУ-аас 170 мгВт-ын эрчим хүч худалдан авч энэ өвлийг давна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Гэхдээ эрчим хүч гэлтгүй дулааны асуудал ч үүсч байна. Тэр дундаа шинээр баригдсан болон баригдах орон сууц, барилгуудыг дулаанаар хангаж чадахгүй гэх юм?
-Дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станцын нийт үйлдвэрлэж буй ккалор нь 1585, өнөөдрийн байдлаар 1555 болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, дулааны ачаалал тулчихсан гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар шинээр баригдаж буй барилга, орон сууцнууд дулааны эх үүсвэр авч чадахгүй байгаа гэдэг нь үнэн. Ялангуяа, хотын зүүн зах буюу Баянзүрх орчимд дулаанд холбогдох боломжгүй олон барилга бий. Тэнд голчлон уурын зуух байдаг.
Тиймээс УС-15 байрны уурын зуухыг түшиглэж 250ккалорын хүчин чадалтай ДЦС барихаар төлөвлөж, яамдуудаас саналыг нь аваад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Түүнээс гадна Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад 70 сая ам.долларын өртөгтэйгээр эрчим хүчийг нь 100мгвт, дулааныг нь 180 ккалороор нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх юм. Ингэснээр Эрчим хүчний хэрэглээнд сая гаруй квт цаг, дулаанд 400 гаруй ккалор нэмэгдэж, 2015 оны дулаан, эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хаах буюу ТЭЦ-5 баригдтал хангах боломжтой болно гэж үзсэн.
-Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барина гээд дөрвөн жилийг үдсэн. Энэ станцыг эцэстээ Хонхорт барих сураг гарлаа?
М.С -Өмнөх Засгийн газрын үед дулааны гуравдугаар цахилгаан станцыг түшиглэн байгуулах талаар яригдсан ч нэлээн хүндрэл учирч байгаа. Нэгд, ДЦС-5 ашиглалтад орсноор Улаанбаатар хот руу 1,8 сая тн нүүрс тээвэрлэгдэн ирж, төмөр замын ачааллыг өсгөнө гэж үзсэн. Хоёрд, их мөнгө зарцуулахаар байгаа. Яагаад гэвэл, гуравдугаар цахилгаан станцыг түшиглэн байгуулна гэхээр хажууд нь буй 16 аж ахуйн нэгжид 56 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох юм билээ. Нөгөөтэйгүүр, тус станцын үнсний сав дүүрчихсэн. Тиймээс эдгээр шалтгаан нь тав дахь эх үүсвэрийн байршлыг өөрчлөхөд хүргэсэн. Одоогоор Хонхор, Ургах наран хорооллын урд талд гэсэн хоёр байршил сонгоод байна. Ер нь, Улаанбаатар хотын төмөр замын урд талын газрууд тусгай хамгаалалтын бүсэд ордог учраас УИХ-аар оруулж шийдвэрлүүлэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Гэхдээ газрын байршил нь хамгийн тохиромжтой нь Ургах наран гэж үзсэн
-Тэгэхээр тав дахь эх үүсвэрийг дулааны гуравдугаар цахилгаан станцыг түшиглэн байгуулна гээд багагүй мөнгө төсөвлөн ажлаа эхэлчихсэн шүү дээ?
-Дулааны гуравдугаар цахилгаан станц дээр нэг ч хүрз шороо хөдөлгөөгүй байгаа. Ажил огт хийгдээгүй. Засгийн газрын шийдвэрээр хажууд нь буй 16 аж ахуйн нэгжийг нүүлгэх ёстой гэсэн ч ажил нь эхлээгүй байсан юм. Тиймээс шинэ байршлыг сонгож байгаа, сонгохоос ч өөр замгүй. Ямар ч гэсэн маш хурдан хугацаанд ашиглалтад оруулна. Гэрээг нь энэ арваннэгдүгээр сард багтаан хийнэ. Гэрээ хийснээс хойш 3,6 жилийн хугацаанд ашиглалтад орно гэж төлөвлөж байгаа.
-Биднийг цахилгааны хэрэглээ өсөх нь хэмээн гурав, дөрвөн жил ярьж байх хугацаанд хотын хүн ам хурдацтай нэмэгдсэн. Тав дахь эх үүсвэр баригдсан ч эрчим хүчний хэрэглээг хангаж дийлэхгүй хэмээн албаныхан ярьсан?
Ц.Б -Тиймээ. Стратегийн ордууддаа түшиглэн станцууд байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн 600мгВт, Нялга Чойрын бүсэд 600мгВт-ын цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын үйлдвэр аж ахуйн газруудын хүлээгдэж байгаа цахилгааны хэрэглээ 1000кВт хүрч байгаа. Жишээ нь, Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 250 мгВт, цаашдаа бүрэн хүчин чадлаараа ажиллавал 350 мгВт хүрнэ. Сайншандын аж үйлдвэрийн паркад 250мгвт, Цагаан суварга, Чойрын орчимд баригдаж буй цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад 80-100 мгвт дутагдал үүсээд байна. Мөн Таван толгой төсөл хэрэгжихэд 200мгвт дутагдаж байгаа. Эрчим хүчний хэрэглээ маш их нэмэгдэж байна. Тиймээс ганц тав гэлтгүй зургаа, долдугаар цахилгаан станц барих шаардлагатай.
-Өвлийн бэлтгэлээ хэр хангасан бэ. Тэр дундаа орон нутгийнхан?
-Ц.Б -Төвийн бүсийн эрчим хүчний системд тав, Дорнод, Өмнөговьд хоёр гээд нийтдээ долоон станц, мөн сэргээгдэх эрчим хүчээр хангагддаг 11 сум, Сэлэнгэ, зүүн талдаа Эрдэнэцогт сумын чиглэлд импортын эрчим хүч явуулж өвлийг давна. Ямар нэгэн шалтгаанаар эрчим хүчээр хэрэглэгчийг хангахгүй гэсэн шалтгаан байхгүй. Нэг ёсондоо төвийн бүс өвлийн ачаалалд бэлэн. Нүүрсний хувьд 90-95 хувийн хангалттай. Өмнөговийн дулааны цахилгаан станцын хувьд өөрийн хэрэглээ нь 6,8 мгВт байгаа. Эх үүсвэр нь хэрэглээнээсээ бага байгаагаас Ухаа худгийн ДЦС-аас 2,5 мгВт өгөхөөр болсон. Увс, Ховдын цахилгаан станцууд хоёр зуухтай, нэг бэлтгэл зуухтайгаар өвлийг давах учир хүндрэл бэрхшээл гарахгүй байх аа. Ирэх жил Дарханы дулаан цахилгаан станцыг 30 мгВт, Дорнодынхыг 100 мгвт-аар өргөтгөхөөр төлөвлөж байна.
-Сэргээгдэх эрчим хүчний станцууд ажиллаж байгаа юу?
Ц.Б-Усан цахилгаан станцын хувьд жижгүүд нь зогчихсон, Дөргөн, Тайширийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 100 мгВтын хүчин чадалтай Эгийн гол, Сөгнөгөрийн усан цахилгаан станц барихаар болж Дэлхийн банкнаас санхүүжүүлэн ТЭЗҮ нь хийгдэж байгаа. Ойрын хугацаанд баривал Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ, эдийн засгийн өсөлт, томоохон төслүүд хэрэгжихэд саад байхгүй болно.
-Нийслэлийн зарим айл тоггүй байна гэсэн гомдол ирэх юм. Энэ юутай холбоотой юм бэ?
Ц.Б -Улаанбаатар хотод орон нутгаас олон айл өрх шилжин ирсээр байна. Бид хотын захиргаатай яриад чадахынхаа хэрээр эрчим хүчээр хангаж байгаа. Төлөвлөгөөнд тусгагдаагүй айлыг холбох нь хөрөнгө мөнгөтэй холбоотой учраас холбож чадахгүй ээ. Нөгөөтэйгүүр, эдгээр айл дураараа уулын оройд буучихаад тоггүй байна гэж ярьдаг. Энэ нь эрчим хүч хүрэлцэхгүй байгаатай холбоогүй.
-Эрчим хүчний үнэ нэмэгдэх үү?
Ц.П -Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ашиг, алдагдал, төсөв нь ямар байна вэ гэдэгтэй уялдуулж, Эрчим хүчний зохицуулах хороон дээр авч үзэн тооцоо хийдэг. Үүний үндсэн дээр ШӨХТГ-тай хамтарч тооцоог нь хянадаг. Өнгөрсөн долоо хоногт ШӨХТГ-ынхантай уулзсан. Энэ асуудлыг судалж үзээд шинээр байгуулагдах зөвлөлийнтэй хамтарч ажиллана. Эрчим хүчний үнэ нэмэгдлээ гэхэд 155 квт цаг эрчим хүчний хэрэглээтэй айлуудын хувьд сандрах зүйл үгүй. Учир нь, Их хурлын 72 дугаар тогтоолын хүрээнд хамгаалалт хийгдсэн. 155 квт цагаас дээш хэрэглээтэйг нь нэмэх байх. Үе шаттайгаар шийдье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Харин уул уурхайн эрчим хүчний тарифыг нэмэх яриа гарч байгаа. Үндэслэлтэй л дээ. Дэлхийн зах зээлд алт, зэс өөрийн үйлдвэрлэлийн өртгөөр зарагддаг бол эрчим хүч ч гэсэн өртгөөрөө зарагдах учиртай. Манай уул уурхайн салбарынхан ойлгох байх. Энэ асуудлыг яаманд танилцуулсан. Холбогдох газрын удирдлагуудтай ярьж, тохиролцсон юм бий. Эрчим хүчний үнэ тариф нэмэх шаардлага бол бий, гэхдээ хэрэглэгчдийн хувьд айхтар нэмэгдэхгүй, сандрах юм байхгүй.
-Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг хувьчлах талаар яригдсан. Станцуудыг хувьчлах нь хэр зөв шийдвэр бол?
М.С-Дөрвийг хувьчилна гэснийг сонсоогүй. Эрдэнэтийн цахилгаан станцыг хувьчлах асуудал УИХ-д ороод буцаж байсныг санах юм. Төрийн өмчийн компаниудын 51 хувь нь төрдөө байх нь зөв. Тодорхой хувь нь хувьчлагдаж болно. Яагаад гэвэл, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө учраас хяналтаа тавиад, ТУЗ-д нь орж, хамтарч ажиллах боломжтой. Түүнээс гадна 10 хувийг нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс давуу эрхтэйгээр авах боломжтой юм. Багануур, Шивээ-Овоо нүүрсний уурхайн хувьд нээлттэй байлгах үүднээс тодорхой хэмжээнд хувьцаа гаргахаар болсон. Багануурын ТУЗ нь хуралдаад 51 хувийг нь төр, 49 хувийг нь арилжаалъя гэсэн санал ирсэн. Судалж үзээд ТӨХ-той ярилцаад хувьцааг нь арилжаалах боломжтой гэж үзсэн. Өнөөдөр энэ салбарт 11,000 гаруй хүн ажиллаж байна. Хувьцаа эзэмшүүлж болох юм гэж бодож байгаа.
-Оюу толгойн урд хөршөөс авах импортын эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
М.С-Энэ асуудал нэлээн удаан хугацаанд яригдсан. Өнөөдөр надад эерэг мэдээ ирлээ. Тус компанид ирэх долоо хоногт эрчим хүч нийлүүлэх боломжтой гэж Хятадын талаас санал ирсэн байна. Манай албаны хүмүүс долоо хоногийн өмнө уулзаж ярилцсан. Удахгүй гэрээ хийх байх. Ингэснээр тус компани эрчим хүчээр тасалдахгүй, бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болно.
-Нэгэн үе салбарын өр, авлага их яригддаг байсан. Одоо байдал ямар байгаа талаар?
М.С -Ер нь, сүүлийн 20 жил, өр, авлага их хуримтлагдсан. Хавар батлагдсан УИХ-ын 72 дугаар тогтоолоор өр,авлагыг нэлээн цэгцэлсэн. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний үйлдвэрүүд улсаас 34, 9 тэрбумын татаастай явж байгаа. Ирэх онд бууруулах бодолтой ажиллаж байна. Жилээс жилд татаасыг нь багасгаж, зах зээлийн горимд нь шилжүүлэх бодолтой байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт хэр их орж ирдэг вэ. Стратегийн гэдэг үүднээс хаадаг уу?
С.М -Манай салбарт урт хугацаатай төсөл, хөтөлбөрүүд хэрэгждэг. Түүнээс биш гадаадынхан хөрөнгө оруулах бололцоо байхгүй. Яагаад гэвэл, хаалттай 100 хувь төрийн өмчит учраас. Тийм болохоор хувьцааг нь биржээр арилжаалбал хөрөнгө оруулалт татах боломж нь нээгдэх юм.