“... Энэ цасыг хурдхан шүүрдэхгүй бол хөгшин бид чинь хальтирч уначих гээд байдаг юм аа хүү минь...” хэмээн хэлж зогсох тавь нэлээд хол гарсан бололтой бөгтгөр жаахан өвөө өөрийн эрхгүй миний нүдэнд туссан юм. Түүнтэй цааш үргэлжлүүлээд ярьвал. “Ах нь залуу насандаа сайхан ажил хийж явлаа. Харин тэр нэг гайтай өдөр осолд орж, өрөөсөн хөлөө алдаангүйсэн бол юунд ингэж хүний гарт орох билээ”. Ингэж хэлээд томоо алаг нүднээсээ нулимс дуслуулан, хоолой нь зангирах өвгөнийг харсан би үргэлжлүүлэн гэр бүлийнх нь талаар асууж төвдсөнгүй.
Сэтгэлийн зовлон гэгчийг өтөл насандаа эдлэж яваа эмзэгхэн сэтгэлийг нь хөндөх вий гэж бодоод дотогшоогоо үгээ залгиад хойш ухарсан юм. “Миний хүү хотоос яваа юу энд сүүлийн үед их олон хүн ирж бидэнд сэтгэлийн дэм өгөх болсон шүү” гээд ихэд баяртай хэлэхийг нь харахад яг л жаахан хүүхэд гэмээр төрх ажиглагдана. Миний ийнхүү өгүүлэх болсон маань арваннэгдүгээр сарын гурваны өдөр “ТЭНДОҮ” төвийн санаачилгаар зохион байгуулсан Батсүмбэрийн улсын асрамжийн газарт очиж тэндхийн хөгшидтэй нэг өдрийг хамт өнгөрүүлсэнтэй холбоотой. Өглөөний нар нэлээд дээр хөөрөхтэй уралдаж бид зорьсон газраа очлоо. Урьд нь очиж байгаагүй миний бодсоноос тэс өөр орчин, нөхцөл угтан авсан юм.
Асрамжийн газрын нийгмийн ажилтан нь намайг дагуулан орчин нөхцөлтэй нь танилцуулахаар болов. Ахмадууд мань нэг өрөөнд хоёулаа амьдардаг аж. Цэвэрхэн тохилог, өрөөндөө хөгшид зурагтаа үзэж далуу, хөзрөө тоглоно. Телевиз бүр нь кабельтэй бололтой нэг сэмбэгнэсэн өвөө зурагтаа гялалзтал нь сольж байгаа харагдав. Нийгмийн ажилтан нь “Манайх нэг үеэ бодвол үнэхээр эрс өөрчлөгдсөн. Төр засгийнхаа болон сайхан сэтгэлтэй хүмүүсийн тусламж дэмжлэгээр тав тух сайтай болсон” гэж өгүүлнэ. Ямартай ч нэг үеэ бодвол орчин нөхцөлийн хувьд нэлээд сайжирчээ. Харин багтаамжийн хувьд асрамжийн газар дүүрэх тал руугаа хандсан байна. Одоо арав хүрэхгүй хүн аваад л багтаамж нь дүүрнэ гэж эмч нь хэлэв. Уг нь удахгүй өргөтгөл барих л юм гэнэ. Тэнд суугаа буурлуудыг харахад хайрламаар бас хааяа нэг сэтгэл өвдмөөр. Батсүмбэрийн улсын асрамжийн газар нь 1924 онд байгуулагдаад 88 жил болж буй юм байна. Улсаас санхүүжиж Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг аж. Өнөөдрийн байдлаар тэнд 110 хүн амьдарч буй. Асрамжийн газар хүмүүсээ хоёр хэсэгт хуваажээ. Хамгийн дээд талын гурван давхарт хөдөлж явахгүй чадваргүй буюу хамгийн хүнд хүмүүс байдаг аж. Энэ давхарт 40 хүн хэвтэж буй юм байна.
Хөгшид бүхэн энэрэлтэй тул, хүндлэн хайрлахад цаг гарга хүмүүс ээ. Ариун хишиг нь бурхных тул хайрлан халамжлахад цаг гарга гэж хэлмээр санагдлаа.
ЦЭНДИЙН БАДАРЧ: ТӨР ТҮМЭНДЭЭ ЗҮТГЭСЭН ХӨДӨЛМӨРИЙН МИНЬ АЧ БАЙХ ДАА
Бадарч гуай их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн шиг санагдсан. Жаахан юм яриад л уйлчих гээд байх нь тэр. Бид хоёр түүний өрөөнд их удаан ярилцсан юм. Сүүлдээ намайг явах болоход их л дурамжхан үлдэв. Хөөрхий дөө, залуу халуун насандаа төр түмнийгээ соёл урлагт хөтөлж явсан нэгэн буурайтай ярилцсан минь энэ.
-Сайхан намаржиж байна уу та? Таны нэр алдар хэн билээ?
-Сайхаан, сайхан намаржиж байна. Намайг Цэндийн Бадарч гэдэг. Миний хүү хаанаас явж байгаа билээ.
-Хотоос явна аа. Энд та хэзээ ирсэн юм бэ?
-Өвөө нь Батсүмбэрийн асрамжийн газарт ирээд хоёр жил болж байна.
-Та бага залуудаа ямар ажил эрхэлдэг хүн байв. Тэр тухайгаа надтай хуучлахгүй юу?
-Бололгүй яахав дээ, болно. Насаараа киномеханикч хийсэн юм. Тоолж барахгүй олон кино гаргасан даа. /Инээв/ Сүүлд тэтгэвэрт гарахаасаа өмнө одоогийн “Тэнгис” кино театр хуучнаар бол “Ялалт” кино теарт ажиллаж байлаа. Кино театрыг маань Солонгосууд худалдаж аваад орчин үеийн техник технологиор тохижуулаад сайхан болгосон доо.
-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр хэзээ энгэрээ мялаав?
-Би Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат хүн. Ажлын гараагаа аймгийнхаа клубээс эхэлсэн дээ. Энэ сайхан хүндтэй цол тэмдэгийг надад Энхбаяр дарга өгч байлаа. Тэр үед чинь сэтгэл хөдлөөд жигтэйхэн гоё мэдрэмж авч байлаа шүү.
-Уучлаарай, та энд ямар учраас ирсэн юм бэ? Гэр бүлийнхээ талаар ярьж болох болов уу?
-Яахав дээ, хөгшин болсон намайг харж хандах хүн байдаггүй. Тэгээд л энэ асрамжийн газарт ирчихээд сууж байна. Гэр бүл гэвэл өвөө нь эхээсээ ганцаараа хүн. Гэхдээ залуу зандан насандаа эхнэр хүүхэдтэй байсан юм аа. Гэхдээ бүтэхгүй юм гэдэг болдоггүй л юм байна. Манай хоёр бурхны оронд явсан даа, хөөрхий.
-Энэ газрын ахуй нөхцөл хэр байна. Тав тухтай сайхан амьдарч чадаж байна уу?
-Өө, ёстой ярих юм байхгүй сайхан. Өглөө болгон биднийг усанд оруулж, өдөр болгон хувцас хунрыг маань сольж өгч байна. Эмч нар маань өдөр болгон асарч сувилаад л байна. Ийм байхад сайхан гэж ярихгүй бол алдас болдог юм миний хүү. Төр түмэндээ зүтгэсэн хөдөлмөрийн минь ач энэ байх даа.
-Та залуу насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Чиний насан дээр ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй л явлаа шүү дээ. Киномеханикч гэдэг хүн хөдөө газар их нэр хүндтэй байсан. Арга ч үгүй биз дээ, хөөрхий. Кино дуусаад л хүн бүр гэр орондоо уриад, цай хоол болоод л их сайхан байж.
-Ойр дотны хамаатан, ах дүүс нь таныг эргэж ирч байна уу?
-Ирнэ ээ, ирнэ шүү. За, нэлээд хэд ирсэн юм байна. Бас намайг ийм болчихлоо гээд хаячихгүй л байгаа хүмүүс. Тэр хүмүүст маш их баярладаг юм.

-Сайн байна уу та. Таны нэр алдар хэн билээ. Нас сүүдэр хэд хүрч байна даа?
-Намайг Цэндийн Солонго гэдэг. Одоо 63 нас хүрчээ. Сэлэнгэ аймгийн Дархан сумын хүн.
-Уучлаарай, энд яагаад амьдарч байгаа юм бол?
-2005 онд ирсэн. Манай хүүхдийн бие муудаад бид хоёрыг харж хандах хүнгүй болоод наашилсан даа. Хүүтэйгээ хамт байгаа. 2006 онд манай дарга хөөцөлдөж байгаад хүүг маань Солонгос явуулж мэс засалд оруулж эдгээж өгсөн. Манай дарга их ач буянтай хүн шүү.
-Гэр бүл, хамаатан садан гэж хүмүүс бий юү?
-Эхээсээ тавуулаа л даа. Намайг Сэлэнгэ аймаг рүү өргүүлсэн юм. Ах эгч хоёр маань бурхан болсон доо, хөөрхий. Одоо хоёр дүү маань байгаа.
-Хоёр дүү нь хаана юу хийдэг юм бол. Тантай холбоотой байгаа юу?
-Нэг нь хотод байдаг. Нөгөөх маань хөдөө байдаг л гэсэн. Ер нь гайгүй ээ, хааяа нэг утсаар ярьчихдаг л юм.
-Хоёулаа асрамжийн газрынхаа талаар жаахан ярилцъя. Ер энд амьдрахад ямаршуу байна даа?
-Анх 2005 онд ирэхэд асрамжийн газар маань дөнгөж 80 жилийн ойгоо тэмдэглээд л байсан. Тухайн үед ер нь гайгүй сайхан байлаа. Одоо өдрөөс өдөрт л сайжраад сайхан болоод байна шүү. Эмч, дарга, нийгмийн ажилтан гээд бүгд л их сайхан хүмүүс дээ.
-Та бүхний маань нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-За өглөө 6 цаг өнгөрөөгөөд босно доо. Тэгээд өглөөнийхөө цайг уугаад, 8 цагт дуусгана. Ажилчид 9 цаг гэж цуглана. Энэ үеэс эхлээд ёстой бужигнаж эхлэнэ шүү дээ. Энд ч ийм ажил хийнэ. Тэнд ч тийм юм хийнэ гээд л. Зургийн хичээл, дууны хичээл гээд хүүхэд шиг гүйж өгдөг юм.

-Та сайхан намаржиж байна уу? Таны нэр алдар хэн билээ хоёулаа танилцъя.
-Сайхан намаржиж байна аа. Ахыг нь Дашийн Амгаланбаатар гэдэг. Одоо 50 нас хүрсэн байна.
-Хэзээнээс энэ газарт амьдарч байна?
-Анх хүүхэд байхаасаа л энд өсч хүмүүжсэн дээ. Сургуульд яваад, ажил төрөл хийж байгаад 1990 он гаргаад ажилгүй болоод буцаад ирсэн. Манай ээжийн бие тааруухан байсан болохоор энд байсан юм. Тэгээд л энд бага балчираасаа эхлээд амьдарсан хүн.
-Уучлаарай, хамаатан садангийн хүн гэж танд бий юу?
-Бараг байхгүй шахам. Ээжээсээ хоёулаа өссөн. Нэг эмэгтэй дүү бий. Тэр маань Улаанбаатарт амьдардаг.
-Энэ олон жилийн турш энд байхад хааяа дүүгээ санадаг л байх. Дүү нь таныг эргэж тойрч байх юм уу?
-Холбоотой байдаг. Гар утастай байгаа болохоор хоорондоо яриад л байна даа. Яахав, ажил төрөл нь болдоггүй байх сүүлийн үед ирэхгүй л байна.
-Та ямар ажил эрхэлж байв?
-Багануурын Дулааны станцын тээвэрт дамжлагад түлш хариуцсан ажил эрхэлж явлаа.
-Таныг асрамжийн газрынхаа ахмадын зөвлөлийн дарга гэсэн?
-Тийм албан тушаал хашдаг са?кнаатай. Миний дарга ч гэж юу байх вэ дээ. Хэдэн хөгшдөө зургаан бүлэг болгож хувааж байгаад ажилладаг. Энд байгаа хүмүүс өдрийн хоёр цагт нь хөдөлмөр эрхлэх хуультай юм гэсэн. Жаахан тэнхээтэй хэд нь ойрхон газар төмс, лууван, байцаа гээд хүнсний ногоогоо тарина. Бас жижүүр, цэвэрлэгч гээд чадал хүрэх бүгдийг нь хийх гэдэг юм.
-Сэтгэлийн дэм өгөх гэсэн хүмүүс хэр зэрэг ирж байна даа?
-Сүүлийн үед зөндөө их ирдэг болжээ. Долоо хоногт хоёр гурваараа ч ирэх нь бий. Бүр зарим сард нэг ч ирэхгүй үе байдаг. Бас буяны ажил хийх гээд энд байгаа хөгшдөд хоол цай, хувцас хунар авч ирэх нь элбэгшсэн. Өмнө нь барагтай л бол тэгдэггүй байлаа. Гадна дотноос хүмүүс ирэхэд хөгшид маань баярлаад сэтгэл өөдрөг байна. Доошоо хараад уйлах нь ч бас бий. Ер нь хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм даа.