Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хотын нийтийн тээврийн ачааллыг үүрч буй ууган тээврийн байгууллага болох “Цахилгаан тээвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнийг дагалдан явсан ННТГ-ын дарга П.Наранцэцэг ““Цахилгаан тээвэр” тээврийн үйлчилгээ үзүүлж буй манай ууган байгууллага. Өнөөгийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд дуобус, монбус, утаа хаядаггүй автобус гээд монгол инженерийн ур ухааныг гайхуулсан тээврийн хэрэгслийг зохион бүтээн үйлчилгээнд явуулж байна. Энэ залуусын санал санаачилга бусад тээврийн байгууллагад ч гэсэн үлгэр дууриал болоосой гэж боддог юм” хэмээв. Үнэхээр түүний хэлсэнчлэн энэ хамт олны бүтээсэн олон бүтээл нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж буй. Тус байгууллагын дарга Д.Жаргалсайхан “Манай хамт олон өөрийн үйлдвэрлэлийн баазаа түшиглэн хотын хүн амыг шинэлэг, үнэ хямд, ашиглалтын зардал багатай, байгаль орчинд ээлтэй, тохитой тээврийн хэрэгслээр үйлчлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 онд JEA-800 троллейбус, 2007 онд JEA-800 маркийн электробус, 2008 онд Олимпын медальтнуудад зориулж JEA-800F дуобус, 2010 онд монбус үйлдвэрлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байна. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 800 автобус тасралтгүй 16 цаг ажиллан их, бага хэмжээгээр агаарын бохирдол үүсгэдэг. Тэгвэл манай инженер, техникийн ажилчдын зохион бүтээсэн автобус утаа хаяхгүй, жолоочийн ажлыг хөнгөвчилсөн нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийхийг зорьсон бүтээл гарч байна. Үүний илрэл нь ч 2009 онд Казахстан улсаас манай хамт олны зохион бүтээсэн JEA-800F дуобусыг худалдан авсан. Манай залуус автобус, троллейбусаар хязгаарлагдахгүй ХАА-н салбарт МОН-100 маркийн будаа ачигч машин зохион бүтээж Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйлдвэрлэлд нэвтрүүлэн ашиглаж байна” гэв. “Цахилгаан тээвэр” компанийн хувьд техникийн сэтгэлгээтэй залуусыг сурган авахаас гадна энэ чиглэлээр суралцаж буй залуусыг дадлагажуулдаг байна. Гэхдээ шинийг сэдэн санаачилж буй залуусыг урам дүүрэн ажиллахад хурд сайтай компьютер, санхүүжилт хэрэгтэйг хэлээд 2010 онд бүтээсэн цахилгаанаар явдаг машинаа хотын мэр болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүст танилцуулав.
Хотын удирдлагууд ажлаа цахилгаан машинаар амжуулна

Японы Дайхацу маркийн машины кузовыг ашиглан бүтээсэн эл бүтээл нь ямар ч дуу гаргадаггүй, найман цаг цэнэглээд 200 км явдаг гэнэ. 100 километрт 1000 төгрөгийн зардал гаргана. Энэ талаар “Цахилгаан тээвэр” компанийн дарга Д.Жаргалсайхан “Дэлхийн машин үйлдвэрлэл, хэрэглээний хандлага цахилгаан машин руу шилжиж байна. Технологийн энэ шийдлээс хоцрохгүйн тулд монгол инженерүүд анхны цахилгаан машин бүтээсэн юм. Уг нь, цахилгаан машины авто баазыг байгуулах төслөө хотын удирдлагуудад өгсөн боловч дэмжигдэхгүй мартагдсан. Дэмжвэл Улаанбаатар хот Лондон шиг цахилгааны шийтүүдийг олон газар байршуулан хэрэглээнд нэвтрүүлэх боломж бий. 100 км явахын тулд жолооч машиндаа хэдэн литр шатахуун хийдэг билээ. Тэгвэл цахилгаан машин үйлдвэрлэвэл эдийн засаг, байгаль экологио хамгаалахад оруулж буй хувь нэмэр болно. Ийм машин Герман, Италид 73 еврогоор зардаг ба манайд хямд өртгөөр хийх боломжтой” гэв. Эл машиныг унаж үзсэн хотын мэр “Хотын захиргаа нийслэлд хийж буй ажлын үлгэр жишээ байх ёстой. Тиймээс цахилгаанаар явдаг 10 машин захиалж авмаар байна” хэмээв. Анхны хэрэглэгч нь болох гэж буйд талархлаа илэрхийлээд “Гол нь ийм жижиг эсвэл акталсан машины кузов байхад л болно. 220Вт-той газарт найман цаг цэнэглээд л 200 км хотын дотор явж болно” гэв. Тэрээр шийдвэр гаргах төвшний хүмүүстэй уулзах боломжийг ашиглан ”Хөрөнгө мөнгийг нь шийдээд өгвөл бид олон зүйл хийж чадна. Шинжлэх ухааны акамдемид баахан төсөл аваад хэрэгжүүлнэ гээд мөнгө төсөвлөдөг ч хэрэгжүүлдэг эсэх нь эргэлзээтэй. Технологийн энэ төслүүд рүү мөнгөний урсгал ороод ирвэл таван жилийн дараа гэхэд машины кузов хийдэг болно. Цаг хугацаа, хөрөнгө оруулалтын бодлого, хүн хүчээ сургах хэрэгтэй шүү дээ. Бид Монголын анхны Хьюндэй шиг компани болгож чадна” хэмээв.
Татаас өгөх биш хөрөнгө оруулалтаар дэмжинэ
Үүний дараа “Эрдү” компанийнхан утаа хаядаггүй троллейбусаа үзүүлэв. Цахилгаангүй болсон үед хуримтлуулж нөөцөлсөн цахилгаанаар явдаг байх гэнэ. Тохилог, тухтай эл троллейбус нь газраас 60 см өндөртэй, 26 хүний суудалтай, орчин үеийн цахилгаан тоормостой, утаа гаргадаггүй, Евро 3 стандартын мотортой хэмээн тус компанийн ерөнхий инженер Г.Максим танилцуулав. Хятад, Орос, АНУ, Японтой хамтарч бүтээсэн эл троллейбус нь үйлдвэрлэгдээд долоон сар болж байгаа бөгөөд үйлдвэрлэлийнх нь байшин баригдвал жилдээ 100-120 ширхгийг үйлдвэрлэх боломжтой аж. Одоогийн байдлаар дөрвийг л үйлдвэрлэсэн гэнэ. Анхны зорчигч болсон нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Автобус өдөрт 150 сая, троллейбус 15 сая төгрөгийн зардал гаргадаг. 10 дахин бага зардалтай эл троллейбусны стандарт чанар Хятад, Оросынхоос сайн болж. Иймэрхүү байгаль, экологио хамгаалсан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийг дэмжих учиртай. Гэхдээ бид дэмжинэ гэж татаас өгөх биш худалдан авах нь оновчтой. Урьдчилсан байдлаар “Цахилгаан тээвэр” компаниас 6,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авъя. Ер нь, гадаадад зах, дэлгүүрийнх нь гадна цахилгаан машин байж байдаг бөгөөд хүссэн нь ухаалаг иргэний үнэмлэхээ уншуулаад унаж болдог хэмээн машин, автобус үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллана” гэв.
Төмөр замаар явдаг автобус нэвтрүүлэх үү

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн очсон дараагийн газар бол УБТЗ байв. Нийслэлийн дундуур явж өнгөрдөг төмөр замыг хүн тээвэрт хэрхэн, яаж ашиглах боломж байгааг мэргэжилтнүүдийн саналыг сонсох гэсэн эл аялал нь түүний ажлаа авснаас хойш хэрэгжүүлэх гэсэн олон ажлынх нь нэг аж. Урьдчилж хийсэн тооцоо, судалгаагаар УБТЗ-аас төмөр замын сүлжээг ашиглан өдөрт гурван удаа хүн тээвэр хийх цонх байгааг хотын мэрт танилцуулсан байна. Цонх гэдэг нь тухайн өдрийн тодорхой цагт ямар нэг төмөр замын хөдөлгөөн байхгүй байх үеийг хэлдэг. Энэ үеийг ашиглаад төмөр замаар явдаг автобус ашиглах боломжтой байдаг байна. Тиймээс ОХУ-д үйлдвэрлэдэг хүн тээврийн энэ хэрэгслийг судалж үзэхэд 600 зорчигч суух боломжтой байдаг байна. Энэ талаар УБТЗ-ын Тээвэр эрхэлсэн орлогч дарга Д.Жигжиднямаа “Эмээлтээс Хонхорын хооронд өдөрт төмөр замаар явдаг зорчигчийн гурван автобус явуулах боломжтой. Одоо ашиглаж буй галт тэрэг, тоног хэрэгсэл нь алсын хүн, ачаа тээвэрлэхэд зориулагдсан. Тэгээд ч хот дотор буюу хүн зөөвөрлөх богино эргэлтэд зориулагдаагүй юм. Тиймээс үйлдвэрлэгч оросуудад хандахад түрээсээр эсвэл худалдаж авахыг санал болгосон л доо. Шинээр худалдаж авахад гурван вагонтой застав 3,7 сая ам.доллар байдаг. 600 хүний багтаамжтай төмөр замаар явдаг автобусыг явуулахад зорчигчийн буух, суух тавцан барих шаардлагатай” гэв. Төмөр замаар явдаг автобусыг хоёр сарын хугацаатай туршилтын журмаар явуулах эхний хувилбараар Хонхороос Эмээлт хүртэлх Тууз зөрлөг, цанын бааз, Амгалан, Нарантуул зах, Дунд гол, Улаанбаатар, Хархорин зах, 397 буюу сүлжмэлийн үйлдвэрийн орчим гээд есөн зөрлөг байна гэж үзжээ. Харин зорчигчийн аюулгүй байдал, бууж суух орчныг бүрдүүлэхийн тулд 70 метрийн урттай нэг тавцан барихад 42-45 сая төгрөг байх аж. Түрээс, тавцан байгуулах, ашиглалтын зардал, ажилчдын цалин хөлс гээд тооцвол төмөр замын хувьд алдагдалтай гарч байгаа гэнэ. Зөвхөн автобусны түрээст 60 хоногоор тооцоход 742 сая төгрөгийн алдагдал хүлээх бол эл зардлаа нэг хүнийг 800 төгрөгөөр тээвэрлэнэ гэвэл хоёр сарын хугацаанд 575 сая 495 мянган төгрөгийн алдагдал хүлээнэ гэжээ. Гэхдээ байнгын явбал алдагдал багасан хот доторхи тээврийн хэрэгслийн ачаалал багасах аж. Хэрэв Богд уулын урдуур шинэ зам тавиад ачааны галт тэрэг явдаг болчихвол нийслэлийн дундуур өнгөрч буй төмөр замыг хүн тээвэрт бүрэн ашиглавал арай өөр тооцоо гарах гэнэ. Ямартай ч, нийтийн тээврийг алдагдалтай салбар гэж ярьцгаадаг. Харин эл төмөр замаар явдаг автобус нь хотын хоёр захыг холбохоос гадна нийтийн тээврийнхний алдагдлыг бууруулсан анхны тээвэр болж магадгүй юм. Гадаадын улс орнуудад ашигтайд тооцогддог энэ салбар манайд ч гэсэн яагаад ашигтай ажиллаж болохгүй гэж...
Т.Оюунбаяр