Арав гаруй хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийслэлийн иргэдийн гар дээр очиж байгаа нүүрсний үнийг 14 хоногийн дотор хэд дахин буулгана гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл товлосон хугацаанаасаа өмнө хямд үнээр борлуулагдах нүүрс борлуулалтын цэгүүд дээр буужээ. Хан-Уул дүүргийн иргэд өчигдрөөс эхлэн 3200 төгрөгөөр 40 кг-аар савласан нүүрсийг худалдан авч эхэллээ. Багануурын нүүрсийг хэрхэн тээвэрлэж, савлан, худалдаалж байгаатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцлаа. Багануурын нүүрсний уурхай жижиглэнгийн борлуулалтад зориулж тусгай мөргөцөг гарган, өдөрт 27 вагон нүүрсийг шигшиж, бэлтгэжээ. “Толгойт” болон “Амгалан” өртөөнд буулгасан нүүрсийг 40 кг-аар шуудайлж, тэндээс портер машинаар борлуулалтын цэгүүдэд түгээж эхэлсэн төдийгүй нэг хороонд хоёр борлуулалтын цэг байхаар тооцоолжээ. Борлуулалтын цэг нь цэнхэр дарцаг бүхий тэмдэг, хаягтай байх аж. Төслийн хүрээнд 1000 гаруй иргэн ажилтай болжээ. 500 гаруй шуудайлагч, 320 жолооч, 176 борлуулагч нүүрс худалдаалах ажлыг хийж гүйцэтгэх юм. Зохион байгуулагчдын зүгээс нүүрс худалдан авахдаа банкинд мөнгөө тушаадаг байхаар төлөвлөсөн ч иргэд нүүрсээ бэлэн мөнгөөр худалдан авахыг илүүд үзсэн байна. Иймд энэ асуудлыг зохицуулж, борлуулагчдад мөнгөө төлөөд, нүүрсээ авах боломжийг олгожээ. Хан-Уул дүүрэгт худалдаалагдаж эхэлсэн хямд нүүрс ирэх долоо хоног гэхэд нийслэлийн бусад дүүргүүдэд ч түгээгдэх юм байна. Иргэдэд хямд үнээр нүүрс худалдан авах боломжийг олгож байгаа энэ төслийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдын ажлын алба, Хөдөлмөрийн яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам, Улаанбаатар төмөр зам, Багануурын нүүрсний уурхай болон хувийн хэвшлийнхэн оролцож байна.