Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНЫ УДИРДАХУЙН АРГА


Удирдахуйн менежментийн япон арга гэдэг нь нихонтеки кейей буюу удирдлагын япон загвар гэнэ. Барууны загвараас ялгарах гол зүйл нь боловсон хүчний бодлого байдаг аж. Япончуудын удирдлагын энэ арга барилыг  барууныхаар бол “Японы удирдлагын загвар” гэж болно.
Хамгийн гол нь хувь хүний сэтгэлзүйд сайнаар нөлөөлөх хамт олонсог байдалд тулгуурладаг байна. Энэ нь юун түрүү хувь хүн хамт олныхоо өмнө хариуцлага хүлээж тэдний нэг гишүүн байхад тулгуурладаг байна.
Ер нь Японы удирдлагын арга барил нь барууныхнаас, Европ, америкийн олон оронд хэрэглэдэг арга барилаас юугаараа ялгаатай вэ.

Юун түрүү үндсэн зорилгоороо ялгардаг байна. Энэ нь хүний нөөцөө бэлтгэдэг арга барилаараа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл японы байгууллагын удирдлагууд байгууллагынхаа ажлын үр ашгийг дээшлүүлэхийн тулд ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ёстой гэж үздэг байна. Гэтэл америк, европын удирдлагын арга үндсэн барил нь  өндөр ашиг олох, үр дүнд хүрэхэд чиглэдэг , үүндээ гол анхаарлаа хандуулдаг байна.
Тухайлбал япончууд ашиг олохыг боддог ч үүнийхээ тулд ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ёстой, тэгэхдээ хөдөлмөрийн хөлс, урамшууллын аргыг давуу хэрэглэх нь илүү гэж үздэг.

Японы корпорациуд үндсэндээ хөдөлмөрийн удирдлагын “бурхны гурван хишиг” хэмээн нэрийддэг уламжлалт гурван урамшуулал хэрэглэдэг гэнэ. Энд  сюсин хоё буюу “насан туршийн”, нэнко тингин буюу  “өндөр насалсны”, кигёбуцу родокумиай буюу “үйлдвэрчний нэмэгдэл” гээчийг хэрэглэдэг.
Мэдээж “насан туршийн” найма нь тухай хүнийг нэг байгууллагадаа бүх насаараа  тогтвор суурьшилтай, удаан хугацаагаар ажиллах, тэгээд албан тушаал карьерын хувьд шат дараалан өгсөхийг  дэмжсэн урамшуулал. Энэ нь тухайн ажилтан боловсролоосоо үл хамааран нэг албан тушаал дээр сайндаа л 2-3 жил болоод шат ахиж байхаар тооцдог байна.

Их сургууль төгссөн хүн гэхэд л тэр байгууллагад ирмэгцээ хамгийн бага тушаалаас эхлээд бүхий л зүйлийг өөрийн биеэр хийж үзэж, хамт олны дунд төлөвшиж эхлээд эндээ амжилт гаргаад л байвал шат шатаар дээшилж албан тушаал карьер ахина гэсэн үг. Ингэснээр үйлдвэрлэлийн шат дамжлага бүхнийг өөрийн биеэр мэдэрч тэнд юуг яаж өөрчилж, сайжруулах шаардлагатай байна гэдгийг хамгийн сайн ойлгож авдаг. Байгууллага ч тухай ажилтны ажиллах нөхцөл, цалин урамшууллыг бас л дороос дээш өгсөх маягаар  бүрдүүлж өгдөг. Ажил дээрээ идэвхтэй байгаад үр дүн гаргаад байхаар байхаас гадна, мэдээж өөр компани, байгууллага руу яваад өгөхөөргүй байх ёстой.

Бас нэг зүйл бол ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор тэднийг өөр албан тушаал, ажил дээр байнга сольж мэргэшлийг нь дээшлүүлэх, нөгөө талаар юунд, аль албан тушаалд илүү тохирохыг сорих. “Мицубиши седан” фирм гэхэд л эхний 14 жилдээ бүх менежерүүдийнхээ ажлын байрыг 3-4 удаа сольсон жишээ байна. “Мацусити дэнки” фирм ажилтнуудынхаа таван хувийг жилдээ нэг албан тушаалаас нөгөөд шилжүүлэн ажиллуулдаг байна.

Хөдөлмөрийн хөлсийг японд албан тушаалаар нь жигдлэн тогтмол биш харин тухайн ажилтны хувийн чадвар  онцлог, гүйцэтгэх үүрэг, гэр бүл, орон сууцны байдал гэсэн гурван зүйлийг харгалзан ялгавартай тогтоодог байна. Эхний шалгуур бол мэдээж чадвар, гавьяа зүтгэл зэрэг. Энэ бүхнийг харгалзахын зэрэгцээ тухайн ажилтны ажил мэргэжил дээрэ  хэрхэн өсч байгаа, шат дамжлагаар хэр хурдан өгсч байгааг бас харгалзана. Үүнийг тогтоохдоо хамт олны болон үйлдвэрчний эвлэлийн саналыг харгалздаг байна. Ажлын зүтгэл гэдэг чухал ач холбогдолтой. Үүгээр шалгуур болгож зарим нь шат ахиж дэвшдэг бол нөгөө хэсэг нь уруудах нь ч бий.  Энэ бүхэнд мэдээж цалин хөлс хамт өгсч уруудна. Хамгийн бага тушаалын ажилтан хамгийн өндөр тушаалын ажилтнаас гурав дахин бага хөлс авах нь энүүхэнд.

Дараагийн нэг чухал хөшүүрэг бол урамшуулал. Японы фирмүүд ажилтнуудаа байгууллагынхаа ажлаас шалтгаалаад жилд хоёр удаа  урамшуулна. Энэ нь манай 13 дахь сарын цалин гэдэг шиг боловч хангалттай мөнгө л дөө. Яахав байгууллагынхаа цар хүрхээ, үйл ажиллагаанаас хамаараад янз бүр, том байгууллага бол том л хөдлөх жишээтэй. Зуны бонус нь сар хагасын цалинтай тэнцэх бол өвлийнх нь хоёр сарын цалинтай дүйх жишээтэй. Томоохон компани, корпорациуд бол сарын хөлсийг 4-6 дахин өсгөсөн урамшуулал өгнө. Энэ бол ажилтан шинэ машин авчихаар мөнгө л дөө.

Японд газрын үнэ жилээс жилд өсч үүнээ дагаад орон сууцны үнэ өсөөд байгаа болохоор том компаниуд өөрийн гэсэн орон сууц барьж ажилчиддаа үнэгүй юм уу, хямд үнээр өгдөг. Эсвэл хувийн орон сууц барихад нь удаан хугацааны зээл дэмжлэг үзүүлнэ.

Японы фирмүүдийн ажиллагсдаа тогтортой ажиллуулдаг бас нэг нууц нь байгууллагад урт удаан ажилласны урамшуулал. Энд хамгийн гол шалгуур нь тухайн ажилтан компанид 20-оос доошгүй жил ажилласан байх боловч хийж гүйцэтгэсэн ажил, хашиж байсан албан тушаал, боловсрол, мэдлэг, чадвараас хамаарна.

Энэ нь мэдээж манай зарим байгууллага тэтгэвэрт гарч байгаа ажилтнууддаа өгдөг шиг баярын бичиг, нэг телевизор биш л дээ.
Дээр дурдсан бүхэн мэдээж тухайн ажилтан нэг байгууллагадаа тогтвортой ажиллах, ажил мэргэжил дээрээ өсч албан тушаал ахих, илүү их үр бүтээлтэй ажиллах үндсэн хөшүүрэг болдог байна.
Магадгүй японы том том корпорациуд дэлхийд нэрээ гаргаж, бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр нэр гараад байгаагийн нэг учиг нь энэ ч байж мэдэх л юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан