Замын цагдаагийн газрын гаргасан судалгаагаар авто замын ослын дийлэнхи нь хотын захын хороололд гардаг гэдэг. Энэ нь төвөө бодвол явган зорчигчийн аюулгүйн гарц болон гэрлэн дохио байдаггүйтэй холбоотой гэнэ. Уг нь, энэ талаар нийслэлийн Замын цагдаагийн газар, хотын удирдлагууд удаа дараа ярьж байсан хэдий ч хөрөнгө мөнгөний асуудал тулгамдсан уу эсвэл хийх эзнийг нь олж чадаагүй юу шийдэлд хүрээгүй л байна.
Хүн ам нь хурдацтай өсч буй Улаанбаатар хотод жилд дунджаар 300 гаруй хүн авто тээврийн ослоор амиа насаа алддаг гэсэн тоо бий. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд авто замын ослоор 313 хvн нас барж, 891 хvн бэртэж гэмтжээ. 10 мянган хүн ам тутамд тооцон бусад оронтой харьцуулсан тооцооллоор манай улс авто замын ослоор амиа алдсан хүнийхээ тоогоор эхний тавд жагсч байна гэсэн үг. Уг жагсаалтыг Коста Рика тэргүүлж Камбож, Энэтхэг, Малайз орж Монгол удаалсан байх юм. Арга ч үгүй биз. Энэ жилийн эхний есөн сарын байдлаар л 315 хүн авто замын ослоор амиа алдсан нь үүнийг батлах мэт. Энэ нь эрүүл аюулгүй хоол хүнс, орчин, амьдрах нөхцөл гэх мэт үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудтай нэгэн адил яригдах учиртайг илтгэх мэт. Үүнийг ч нийслэл, замын цагдаагийн газрын удирдлагууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан ”Авто замын осол гарах шалтгаан нь муу зам, насжилт ихтэй авто машин, чадвар муутай жолооч, явган зорчигчийн буруутай үйлдлээс гардаг. Хотын захын хороололд осол их гарч байгаа шалтгаан нь гэрлэн дохио, замын тэмдэг тэмдэглэгээ бага байдагтай холбоотой” гэв. Харин замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохиог яагаад нэмэхгүй байгааг асуухад ”Улаанбаатар зам засвар арчлалт компани хариуцдаг юм” гэв. Уг нь, тэднийх хариуцдаггүй, хийдэггүй ч гэлээ ядаж урьдчилан сэргийлэх цаашлаад замын тэмдэг тэмдэглээг нэмэх талаар холбогдох газруудад нь хэлж шахаж шаардмаар. Ингээд авто замын осол их гардаг гэгддэг Баянзүрх дүүрэг дэх ЗЦГ-ын олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн ахмад Г.Батбаяртай холбогдоход “Үнэндээ хотын захаар замын тэмдэг, тэмдэглэгээ бага байдаг.
Манай дүүрэг 280 мянган хүн амтай, 60-70 мянган автомашинтай. Гэтэл хяналт тавьдаг 39 хүний 10 нь байцаагч, жижүүр хийгээд явчихаар хаанаа ч хүрэлцдэггүй. Тиймээс Бөхийн өргөө, Сансар, Нарантуул худалдааны төв гэгчлэн замын хөдөлгөөний ачаалал ихтэй газруудад замын цагдаа зогсдог болохоор хотын захын авто замын хөдөлгөөнд хяналт тавьж чаддаггүй. Ер нь, хотын төвөөсөө зах руугаа замын тэмдэг, тэмдэглэгээ бага байдаг л даа. Гэхдээ зам засварын хүрээнд тэмдэг, тэмдэглэгээ хийж байгаа болохоор муу гэж хэлэхгүй. Байдал сайжрах биз ээ. Автын осол гарлаа гэхэд замын тэмдэг, тэмдэглэгээгээр л хэргийг нь шийддэг. Нэмэх шаардлага бол бий. Болдогсон бол камержуулбал цагдаагийн ажлыг хөнгөвчлөх юм. Бүх замыг камержуулах хүсэлтээ нийслэл болон холбогдох газрын удирдлагуудад албан бичгээр өгсөн. Ирэх оны төсөвт суулгана гэж яригдаж байгаа гэсэн” гэв.
Бүх замыг камержуултал автын ослоос урьдчилан сэргийлэхэд замын тэмдэг тэмдлэгээ чухал. Эл ажлыг хариуцдаг “Улаанбаатар зам засвар, арчлалт” компанийн ерөнхий инженер Т.Янжиндуламаас тодруулахад ”Манайх байгууллагуудын захиалгын дагуу хийдэг. Өөрөөр хэлбэл, хот төлөвлөлтийн хүрээнд зам засах, шинэчлэхэд замын цагаан зураасыг тодотгох, замын тэмдэг тэмдэглэгээ хийж өгдөг. ЗЦГ, нийслэлийн Авто замын газар болон зам засварын компаниуд ханддаг ” гэв. Харин тус компанийн бүтээгдэхүүнийг судалж үзвэл шонтой зогс тэмдэг 11200, явган хүний гарц 96600,термопластикаар хийх хэвтээ тэмдэглэгээ м.кв 30676, будгаар тэмдэглэгээ хийхэд м.кв нь 14144 төгрөг байдаг гэнэ. Энэ нь харьцангуй хямдхан гэдгийг ч тус компанийнхан онцолж байсан. Гэхдээ нийслэлийн Замын цагдаагийн газраас жилд нэг удаа тоолдог бүртгэлээр нийслэлд дунджаар 1500-3000 орчим тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх шаардлага гардаг ч тухайн жилийнхээ батлагдсан төсвийн хэмжээнд 600-800 сэргээн засварладаг гэдэг. Өнөөх л дутах, гачигдахын зовлон эдлүүлж буй хөрөнгө мөнгөтэй холбоотой. Ямартай ч, авто замын ослыг бууруулах хүрээнд холбогдох газрууд агаарын бохирдлын татвар авах, 2000 оноос өмнөх машиныг хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй зэрэг олон арга хэмжээ авахаар төлөвлөж буй. Тэр олон арга хэмжээнийхээ хүрээнд хотын захын дүүргийн замуудад стандарт шаардлага хангасан замын тэмдэг тэмдэглэгээ цаашлаад ул мөр нь л үлдсэн цагаан зураасыг нь тодотгож өгөөсэй билээ.