Боловсрол шинэжлэх ухааны сайдын тушаалаар “Хүүхдийг интернэтийн аюулаас хамгаалах аян” эхлүүлсэн. Аяны хүрээнд дунд сургуулийн сурагчид цагдаа нартай хамтарч интернэт, тоглоомын газруудад өчигдөр гэнэтийн шалгалт хийлээ. СБД-ийн 16-р сургуулийн “Өсвөрийн цагдаа” бүлгэмийн 12 сурагч сургуулийнхаа ойр орчмын интернэт тоглоомын найман газрыг шалгасан юм.
Тэд энэ удаа нийслэлийн Цагдаагийн газраас гаргасан санамжийг тус газруудад өгч, бага насны хүүхдийг олон цагаар тоглуулж байгаа эсэх болон интернетийн зохистой хэрэглээ ямар төвшинд буйг шалгасан байна. Гэнэтийн шалгалтыг дунд сургуулийн сурагчдаар хийсэн нь тэдний оролцоотойгоор интернэт, компюьтер тоглоомын зохисгүй хэрэглээний хор уршгийн талаар ойлголттой болгох зорилготой аж. Гэнэтийн шалгалтад оролцсон сурагчид ч энэ ажилдаа дуртай байгаа харагдсан. Тэд сургуулийнхаа ойролцоох интернэт тоглоомын газруудыг мэддэг болохоор ажилд ч тустай байгааг цагдаа нар хэлж байлаа.
Улаанбаатар хотод 426 интернэт тоглоомын газар байдаг. Тэдний ихэнх нь байрны подваль, хонгил гээд хаа таарсан газраа байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Эрүүл ахуйн шаардлага хангах нь байтугай ариун цэврийн өрөөгүй газар ч байдаг аж. Гэхдээ хэн ч хууль бус гэж хэлэх эрхгүй гэнэ. Учир нь интернэт тоглоомын газруудын үйл ажиллагааг хуульчлан баталсан зүйл байдаггүй.
Үнэндээ интернэт тоглоомонд донтох хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Хэдийгээр цагдаагийн газрынхан хяналт тавьдаг ч тухайн газрын үйл ажиллагааг зогсоох эрхгүй байдаг аж. Тиймээс зөрчилтэй газруудад санамж өгч МХЕГ-т шалгуулах хүсэлтээ илгээдэг гэнэ. Гэвч МХЕГ зөрчил илрүүлэх хэдий ч торгуулийн хэмжээ нь хувь хүнд хамгийн дээд тал нь 15 мянга, аж ахуйн нэгж 5-50 мянган төгрөг байдаг байна. Тэд энэ торгуулийн мөнгөө хоёр гуравхан цагийн дотор л хүүхдүүдээс олдог байна. Ганц, хоёр удаа торгуулах мэтийг юман чинээ бодохоо байсныг шалгалтад оролцож явсан цагдаа нар ярьж байсан юм.
Мөн шалгалтын үеэр Цагдаагийн газарт зөвхөн энэ ажлыг даатгаад орхих биш холбогдох байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй. Тодорхой цагийн заагтай интернэт тоглоомын газруудын сүлжээг хязгаарлаж байвал цагийн хуваариа хэтрүүлэн ажиллах зөрчил арилна гэсэн саналууд гарч байлаа.
“Хүүхдийг интернэтийн аюулаас хамгаалах аян”-ы дараагийн ажил нь интернэтийн зохистой хэрэглээг зохицуулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих гэнэ. Ёстой нөгөө “нар мандлаа” гэдэг шиг борооны дараах мөөг шиг олширсон энэ олон газрыг журамлах дорвитойхон шиг л хуультай болоосой доо гэж залбирах хэрэгтэй болж. Хэрэв хууль батлагдан хэрэгжвэл хүүхдүүд гэрээсээ болон интернет кафегаар үйлчлүүлэхдээ хууль бус программ хэрэглэх, садар самууныг сурталчилсан сайтуудад нэвтрэх, вирус тараах, хориотой дуу, дүрс татаж авах боломжгүй болох юм.
Харин хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах техникийн шийдлийг БШУЯ судалж байгаагаа хэлсэн юм. Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 25 хүртэл үргэлжлэх аяны үр дүнд дээрх хуулийн төсөл болон техник шийдлүүд бэлэн болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.
Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань интернэт тоглоомонд донтсоноор худлаа хэлэх, хулгай хийх, хичээл номдоо муудах цаашилбал тоглоомгүйгээр байж чадахаа больдог байна. Донтсон хүүхэд тухайн тоглоомд гардаг хэрцгий үйлдлүүдээ зүүдлэх, биечлэн хийж үзэхийг хүсэх гэх мэтээр хэрцгий догшин зан авир гаргадаг гэнэ. Тоглоомын донтон хүүхдийн тоо нэмэгдэхээс өмнө нар мандуулсан хууль нь хурдан батлагдаасай билээ.