Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймаг уул уурхайн хөгжлөө даган хүн амын тоо эрс нэмэгдэх болсон. Тус аймгийн хүн ам 2011 оны байдлаар 53 мянгад хүрээд байсан бол албан бус тоогоор хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 60 мянга хол давсан байгаа аж. Тэр тусмаа аймгийн төвийн хүн амын тоо нэмэгдэж, тэднийг амьдрах орчин нөхцөлөөр ялангуяа дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлага гарч байгааг албаныхан хэлж байна. Аймгийн төв Даланзадгад хотын айл өрхүүд нэмэгдэхийн хэрээр тэдний цахилгаан, эрчим хүчний хэрэглээний асуудал тулгардаг. Тиймээс өнгөрсөн жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын “Дунд сайхан” хороолол, баруун сайхны “Төгөл-А”, “Төгөл-Б”, “Ногоочид”, “Жаал уул” зэрэг таван гэр хорооллын 35/10/0,4 кв-ын ЦДАШ-ын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулсан билээ. Харин уг ажлыг үргэлжлүүлж энэ удаад Даланзадгад хотын Нисэх хорооллын айлуудын 0,4 цахилгаан дамжуулах агаарын шугамд холбох ажлыг амжилттай гүйцэтгэн улсын комисс хүлээн авлаа. Ингэснээр дээрх хорооллуудын айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр бүрэн хангаж эхэллээ. Шинээр тог тавигдсан уг хорооллыг цаашдаа шинэ Даланзадгад хот болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.