2011 онд Хүннү гүрний 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 90 жил, Тусгаар тогтнолын 100 жил гээд ланжгар ой давхцаж их л өргөн дэлгэр тэмдэглэсэн. Дөрвөн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд хэчнээн төгрөг зарцуулсныг бүү мэд. Юутай ч зөвхөн улсын баяр наадамд зориулан лавтай нэг тэрбум 300 сая төгрөг зарлагадсан. Үргэлжлүүлээд МАН-ын 90 жил, Үндэсний эрх чөлөөний 100 жил, Зэвсэгт хүчний 90 жил, Монгол хүн анх сансарт ниссэний 30 жил, НҮБ-д элссэний 50 жил гээд л явж өгсөн. Эцэст нь Тусгаар тогтносон Монгол Улс түүхэндээ анх удаа таван яамтай болсоор 100 жилийг үдсэн учир тэгш ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн. Ингээд монголчууд маань түүхт үйл явдлуудаа нэрлэж ойгоо тэмдэглэсээр бүтэн жилийг өнгөрүүлсэн. Сонгуулиар амьсгалсан энэ жилийн хувьд ч томоохон ойнууд дахиад л тохиож байна. Хорьдугаар зууны эхээр төрсөн эмээ, өвөө маань он, сар өдрөө мэддэггүй атал Эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг бид олж тогтоодог тун ч азтай хүмүүс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож ёсчлох тухай зарлигтаа билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй. Их хааны мэндэлсэн өдрийг “Монголын бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслол тэмдэглэж байсугай” гэсэн юм. Ингэхээр энэ жилийн хувьд мянганы түүхт хүнийхээ 850 жилийн төрсөн өдрийг өвлийн тэргүүн сард юутай ч нижгэр зохион байгуулах нь ээ. Намрын адаг сарын жиндүүхэн энэ өдрүүдэд Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийг элээсэн гэдгээ тунхаглан янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулсаар. Үүнээс гадна зохиолчид маань С.Буяннэмэх, Б.Ширэндэв нарын 100 жил, М.Цэдэндорж, Т.Галсангийн 80 насны ойг тэмдэглэх гээд хэлэлцэж суухад зарим улс орнуудтай дипломат харилцаа тогтоосны 40, 30, 20 жилийн ой шил дараалан хүлээгдэж байх жишээтэй. Мэдээж хэрэг, түүхэн үйл явдлууд хойно сүр дуулиантайхан тэмдэглэж бололгүй л яахав. Хамгийн гол нь, арай өөр хэлбэрээр л олон түмэнд хүрсэн үлдэцтэй юм хиймээр санагдаад байх юм.
Нэгэн жишээг сонирхуулъя л даа. Чехийн Прага хотын амьтны хүрээлэн өнгөрсөн жил байгуулагдсаныхаа 80 жилийн ойг тохиолдуулан зөвхөн амьтны төлөө ямар нэгэн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 1990 оноос эхлэн баруун Европын амьтны хүрээлэнгүүд тахийг төрөлх нутагт Монголд буцаан нутагшуулах арга хэмжээ авч эхэлсэн ч санхүүгийн байдлаас зогсонги байдалд орсон. Тийм учраас Чехийн амьтны хүрээлэнгийн захирал М.Бовек болон түүний ажилчдын санаачилгаар дөрвөн тахийг Монголд нь нутагшуулахыг зорьжээ. Дөрвөн тахийг онгоцоор тээвэрлэж нутагт нь авчрахын тулд нэг сая гаруй крон буюу 72 сая төгрөгийн шаардлагатай болж. Амьтны хүрээлэнгийнхэн “Мөхлийг гэтлэн давахад тэдэнд туслацгаая” гэсэн хандивын аян өрнүүлж Чехийн Байгаль орчны яамнаас 300 мянган крон гэхчлэн ард иргэд, компаниудаас цуглуулсаар тахийг тээвэрлэх зардлаа олжээ. Мөн Чехийн Засгийн газар, Чехийн армийн жанжин штабаас цэргийн нисэх хүчний онгоцоор Монгол руу тахь тээвэрлэх зөвшөөрлийг нь авч чаджээ. Ингээд Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг тээвэрлэн Монголын баруун хязгаар Хомын тал хэмээх газарт нутагшуулснаар тэдний ойн баярын арга хэмжээ дуусгавар болжээ. Тэдний энэ буянтай ажлыг Ассошэйтэд пресс, Ройтерс зэрэг томоохон агентлагаас гадна Чехийн 30 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэлхийн дахинаа сурталчилжээ.
Энэ бүхнээс харахад манай улс хэтэрхий баян ч юм шиг. Ямар ч байгууллага ойг тэмдэглэхээрээ хэний ч гар харалгүй хэдэн зуун саяар нь хүлээн авалт, төрөл бүрийн арга хэмжээ дөмөгхөн зохион байгуулчихдаг. Гэхдээ эргээд Чехийн амьтны хүрээлэнгийн адилаар жишиг, үлгэр дууриал болон үлдэх зүйл юу байгаа билээ дээ. Хүннү гүрний 2220 жилийн ойд зориулан тавьсан “Тэнгэрийн хүү” жүжгээс өөрөөр сэтгэлд хоногшсон арга хэмжээ байгааг бодоод олсонгүй. Сүржин нэртэй ойг угтаж болсон болоогүй арга хэмжээ, баярын хурал, шагнал өргөмжлөл, хүлээн авалт гэсэн даржин төлөвлөгөөгөөр жилээс жилд найрлаад л байх уу.