Шинэчлэлийн Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорьж буй. Гэвч энэ нь олон саадтай тулгарах бололтой. Учир нь, хямд үнээр нүүрс хэрхэн худалдан авах талаархи танилцуулга хурлын үеэр хэсгийн хорооны ахлагч нар амьдралд буухгүй, агаарын бохирдлыг бууруулах ажлын эсрэг хандсан ажлыг төрийн анхан шатны нэгж болсон хороо, түүний ажиллагсдаар хийлгэх нь буруу хэмээн эсэргүүцэв. Хэдийгээр нэг тн нүүрсний үнэ дунджаар 225 мянга, шуудай нэртэй ч жижиг тортой нүүрс 1500-2000 төгрөг хүрсэн өнөө үед иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөвчлөх гэсэн санаа нь зөв ч, арга нь буруу байна хэмээн хэлэх нэгэн ч байв.
Угтаа 40-кг-аар савласан жижиглэнгийн нүүрсийг 3200 буюу нэг тонныг нь 80 мянган төгрөгөөр гэр хорооллын иргэд авах аж. Ингэснээр айл өрхүүд нүүрсний зардлаасаа 320 мянган төгрөг хэмнэж, нийслэлийн хэмжээнд 40 тэрбумыг хэмнэнэ гэж үзжээ. Эл арга хэмжээ ирэх сарын 7-ноос 2013 оны тавдугаар сарын 7 хүртэл буюу зургаан сарын хугацаанд хэрэгжинэ гэнэ. Гэр хорооллын 126 мянган өрх тус бүр 2,6 тн нүүрсийг хэмнэлттэй үнээр авна гэж тооцсон байна. Гэхдээ 2.6 тонн нүүрсийг нэгэн зэрэг олгох боломжгүй учир гурван хоног тутам 40 кг-аар савласан нэг шуудай нүүрс авах гэнэ. Энэ нь, олборлолт, тээвэрлэлт, савлалт, хүргэлт, түгээлтийн олон дамжлагатайгаас нэг дор бөөнөөр өгөх боломжгүй аж. Нөгөөтэйгүүр, 88 хороо тус бүр хоёрт 176 нүүрс борлуулах цэг байгуулахдаа борлуулагчийн хашаа байшинд Багануурын уурхайгаас ирсэн нүүрсээ буулган иргэдэд худалдаална.
Мөн хэн хэдэн тн нүүрс авах талаархи судалгааг хэсгийн ахлагч нар айл бүрээр орж судалгаа хийнэ гэсэн нь тэдний ундууцлыг төрүүлж, бухимдуулсан нь энэ. Энэ талаар Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга С.Нацагдорж “Энэ бол амьдралд нийцэхгүй. Агаарын бохирдлыг бууруулъя гээд багагүй мөнгө төсөвлөн зарцуулж байж төрийн анхан шатны нэгж болсон хорооны ажиллагсдаар улс орныхоо бодлогоос зөрсөн үйл ажиллагаа явуулах гэж байна. Түүхий нүүрс битгий түлээч гэдэг мөртлөө хямд үнээр даллан зарахаар агаарын бохирдол буурах уу” хэмээв. Харин тус дүүргийн хэсгийн ахлагч н.Цэнд “Гурван хоногт 40 кг шуудай нүүрс хүрэхгүй шүү дээ. Тэгээд ч 1990 оны картын барааны үе биш заавал гурван хоногийн дараа авна гэдэг нь ямар учиртай юм. Гэр хорооллынхон аль болох хэдэн тонноор нь нүүрсээ базааж өвлийн бэлтгэлээ хангадаг. Та ойрын 5-10 жилд гэр хороололд амьдарч үзсэн үү. Үзсэн бол ингэж хэлэхгүй байсан. Тэгээд ч борлуулагчийн хашаанд нүүрсээ буулгах нь өдөр тутмын амьдралд нь болоод эрүүл мэндэд нь халтай юм биш үү. Тэрний оронд Толгойт, Амгалан өртөөнд буулгах хэрэгтэй” хэмээв. Харин Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хорооны ахлагч хэмээн танилцуулсан эмэгтэй ”Яагаад Багануурын нүүрсийг сонгосон юм бэ. “Цэвэр агаар сан”-гийн төслийн хүрээнд худалдаалж буй утаагүй зуух Налайхын нүүрс түлнэ гэсэн зааварчилгаатай ирсэн. Гэтэл эл уурхайн нүүрсийг түлэхийн тулд хоёр, гурван мод ноцоож байж галаа асаадаг. Багануурын нүүрс бол асах ч үгүй. Та нэг түлээд үзээрэй. Асах уу үгүй юү ” хэмээв. Нэлээн бухимдал дагуулсан эл хурлын үеэр зарим нэг хэсгийн ахлагч нар АН орон нутгийн сонгуулийн өмнөх бэлтгэл ажлаа биднээр хийлгэх гэж байна. Заавал айл бүрээр орж судалгаа авах ямар хэрэгтэй юм. Нүүрсээ аваагүй нэг нь Амгалан, Толгойт өртөөнд очоод авна биз. Хоногийн хоолоо яая даа гэж байгаа хүмүүсээс та хямдхан нүүрс авах уу гээд асуувал тавласан болно биз дээ” хэмээсэн шүүмжлэл, ундууцал, эсэргүүцлийн үг чулуудаж байв. Зарим нь 126000 өрх л 2,6 тонн нүүрс авах бол ингэж сүр бадрааж, мөнгө төгрөг үрж яадаг байна аа хэмээн ч бухимдаж байлаа. Нэлээн эсэргүүцэлтэй тулсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх “Би учрыг нь тайлбарлая. Борлуулалтын бүх цэг нийлээд нийслэлийн хэмжээнд өдөрт 40 гаруй мянган өрхөд нүүрс борлуулах хүчин чадалтай тул нэг өрхөд гурав хоног тутамд нэг удаагийн борлуулалт хийх юм. Харин хямд үнээр нүүрс авах иргэд хэсгийн ахлагчдаа бүртгүүлэн, банкинд тушаасан мөнгөний баримтаа борлуулагчид өгч нүүрсээ авна. Тиймээс та бүхэнтэй зөвшилцөн ойлголцох хэрэгтэй байна. Та нар хорооныхоо бүх өрхөөр орж судалгаа хийх ёстой. Налайхын нүүрсний уурхайн хувьд бүхэлдээ хувийн хэвшилд шилжсэн учир төрийн өмчийн оролцоотой Багануурын уурхайгаас иргэдэд хямд үнэтэй нүүрс өгөхөөр болсон юм. Нүүрсний чанарт онцгойлон анхаарч, 2-15 см-ийн голчтой нүүрс нийлүүлэхээр уурхайн өрөгцөгт тусга шигшүүр тавихаар хог багатай нүүрс ирнэ. Ингэснээр хаягдалгүй очих юм” хэмээн учирлав.
Тэрээр цааш нь “Нийслэлийн нэг өрх өдөрт дунджаар 14 кг гэж тооцвол гэр хорооллынхон өдөрт 1764 тн нүүрс түлнэ. Энэ хэрэглээг хангахын тулд Багануурын уурхайгаас өдөрт 28 вагон нүүрсийг саадгүй тээвэрлэхээр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэнтэй тохиролцоонд хүрсэн. Ингээд төмөр замаар тээвэрлэж ирсэн нүүрсийг Толгойт, Амгалан өртөөнд савлаж, хороодод хүргэх ажлыг “Эм Жи Эл Эс Би” компанид хариуцуулахаар болсон. Гол нь, хямд үнээр хүргэх болохоор ченжүүдийн гарт оруулахгүйн тулд судалгаа зайлшгүй хийх шаардлагатай. Хамрах хүрээний хувьд хороо тус бүрт эхний ээлжинд хоёр борлуулалтын цэг байгуулан ажиллуулна. Тухайн хорооны нутаг дэвсгэрийн хөл хөдөлгөөн ихтэй хэсгийг сонгоно. Хотын баруун талд Эмээлт, зүүн талд Хужирбулан хүртэлх нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд борлуулалт хийнэ гэж төлөвлөсөн” гэв. Гэвч түүний үгийг хорооны Засаг дарга, хэсгийн хорооны ахлагч нар сонсохыг ч хүссэнгүй бололтой эсэргүүцлээ илэрхийлэн хурлаа хаяж гарцгаав.
Энэ үеэр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзлаа.
-Хэсгийн хорооны ахлагч нар хурлаа хаяад гарчихлаа.Тэд АН биднээр ажлаа хийлгэх гэлээ хэмээн ярьж, шүүмжлэлээ?
-Өнөөдөр хэсгийн ахлагч нартай уулзаж, санал бодлыг нь сонсох гэсэн юм. Гэтэл зарим нэг нь хүлээж авахыг хүссэнгүй. Бүгдээрээ эсэргүүцэж байна. Хэсгийн ахлагч нараар дамжуулан хямдхан нүүрс авахыг хүсч байна уу, үгүй юү гэсэн судалгаа гэр хорооллын иргэдээс авах ёстой юм. Гэтэл хэсгийн ахлагч нарын дунд намчирхаж АН-ын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд биднийг ашиглах нь хэмээлээ. Бүх хүн тэгж хэлээгүй байх. Нэг зүйл хэлэхэд, хэсгийн ахлагч нараар дамжуулж борлуулалт хийхгүй шүү дээ. Борлуулах цэгээ байгуулаад түүгээрээ дамжуулан худалдах юм.
-Хотын зах орчмын банк санхүүгийн үйлчилгээнээс хол байдаг хүмүүс төв рүү орж тушаах юм уу гэсэн яриа гарсан?
-Өмнө нь хэсгийн ахлагч нар хорооныхоо иргэддээ хямд үнээр нүүрс худалдаалж байхад асуудал гарсан юм билээ. Гэхдээ хотын захын гэр хорооллын иргэд бэлэн мөнгөөр авч болно шүү дээ. Болохгүй юм байхгүй.
-Хэсгийн ахлагч нар эсэргүүцэн дэмжихгүй нь. Тэгэхээр эл цогц арга хэмжээг яаж, ямар аргаар хэрэгжүүлэх вэ?
-За яах вэ. Би Засгийн газрын өмнөөс гээд шахаж дарамтлаад байгаа юм алга. Хот-дүүрэг-хороо-хэсгийн ахлагч гэсэн механизмээр нийслэлийн ажил явдаг. Тэгэхээр хот эл ажлын гол гүйцэтгэгчээр ажиллах учраас энэхүү цогц арга хэмжээ хэрэгжинэ. Гол нь, иргэдэд ойлгомжтой болгохын тулд хамтарч ажиллая гэсэн юм. Ямар ч гэсэн журмаараа л явна байх. Үнэндээ хэсгийн ахлагч нар хариуцсан хорооынхоо 100-200 айлынхаа аж амьдралыг сайн мэддэг. Тиймээс л уулзъя гэсэн юм. Гэвч хурал маань сүүлдээ улстөржөөд явчихлаа. Бид ямар ч гэсэн хэрэгжүүлнэ гэв.
Харин хэсгийн ахлагч нарын хувьд төр хий гэж байгаа бол бид ажиллана. Гэхдээ сарын 100 гаруй мянган төгрөгийн урамшуулалтай бидэнд ядаж утасны нэгж өгчих. Бид ч гэсэн ялгаагүй хотын иргэн. Хэсгийн ахлагч нарын ихэнх нь өрх толгойлсон эмэгтэй байдаг хэмээн учирлалаа. Ямартай ч, хэл амаа ололцож чадаагүй эл хурлаас зөвшилцөлд хүрч чадаагүй ч, ажлын хэсгийнхний хувьд эл цогц арга хэмжээ удахгүй эхэлнэ хэмээлээ.