Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ӨГЛӨӨНИЙ АЧААЛАЛ...

Өрхийн эмнэлгүүд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг  тэр бүр хангалттай  өгч чаддаггүй. Дээр нь эмч нарынх нь мэдлэг, чадвар хомс гэдэг. Иймд “Өөдрөг Энх”  өрхийн эмнэлгийн нэг өдрийн үйл ажиллагааг сурвалжлахаар  зорилоо. Тус эмнэлэг Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу мэргэжилтний 20-н замын эсрэг талд орших аж. Уг өрхийн эмнэлэг нь хоёр давхар бөгөөд саяхан ашиглалтад орсон бололтой.  Өглөө 10:00 цагийн үед  тус эмнэлгээр ороход нэлээд хөл хөдөлгөөнтэй байв. Эмнэлгийн хаалгаар  хөл тавингуут үүдний жижүүр 100 төгрөгөөр улавч худалдан авч өмсөхийг сануулав.  Хотын төвийн эмнэлэг болоод ч тэр үү  үүднээсээ авахуулаад л цэвэр цэмцгэр харагдсан. 100 төгрөгөө төлөөд улавчаа өмсөөд дээш орлоо. Эмнэлгийн хоёр давхарт тарианы,  үзлэгийн, чийрэгжүүлэлтийн гээд таваас зургаан өрөө байх  аж. Тарианы өрөөний үүдэнд иргэд дугаарлан зогсож байлаа. Тэд бүгд тариа, зүү, дуслаа барин өөрсдийн  ээлжээ  хүлээн сууна.  Харин  үүдэнд  тариа хийлгэхдээ иргэд спирт , хөвөн наалттайгаа ирэх  мөн цахим картанд хамрагдаж бүртгэгдсэн байх гэсэн анхааруулсан пайз өлгөжээ. Өрхийн эмнэлэгт тэр бүр ирээд байдаггүй иргэдийн хувьд  цахим картыг нь хаанаас авдаг юм бол хэмээн сураглаж харагдсан. Тэгвэл өрхийн эмнэлгээрээ байнга үйлчлүүлдэг иргэд цахим картыг ингэж ав, тийшээ очих хэрэгтэй  хэмээн сурамгай гэгч нь хэлж өгч нэгэндээ тусалж байв. Өрхийн эмнэлэг тариа, дуслыг үнэ төлбөргүй хийдэг учир ихэнх иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авдаг аж.  Харин хувийн эмнэлгүүдийн хувьд нэг тариаг 1500 төгрөг, дусал 3000 төгрөгөөр хийдэг. Өрхийн эмнэлгийн гол үйлчлүүлэгч нь жирэмсэн, хүүхдээ дагуулсан эхчүүд болон хөгшид.  Эмнэлгүүд өглөөгүүр олны хөлд дарагддаг аж. Энэ нь  эмч нар үдээс хойш 2 цаг 30 минутаас хойш хэвтрийн өвчтөн, нярайн  үзлэг хийхээр явдаг гэнэ. Иймээс иргэд 2 цаг 30 минуттай уралдан үзлэгээ хийлгэдэг байна. Ингээд явсаар хоёр хүн дусал хийлгэх хооронд нэг л мэдэхэд цагийн зүү 12:00 цагаас хойш заасан байлаа.

Ш.ДОЛЖИН: ИРГЭДИЙН ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДСӨН
Тус өрхийн эмнэлгийн ахлах эмч Ш.Должингоос цөөн асуултад хариу авлаа.

-Танай өрхийн эмнэлгийн ачаалал хэр байна вэ. Хэдэн хорооны иргэнд үйлчилдэг вэ?
-Манай эмнэлэг гурван эмчтэй. Нэг эмч нь өнөөдөр сургалтад явсан. Гурван эмч маань хорооны 4000 гаруй иргэнд  бүрэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж чаддаггүй. Нэг эмчид 1800 гаруй хүн ногддог гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд ханиад улам ихсэх болсон. Үүнийгээ дагаад өрхийн эмнэлгийн ачаалал ч эрс нэмэгдлээ. Ханиадаа хүндрүүлсэн хүмүүс  ирэх боллоо. Иргэдэд хандаж хэлэхэд ханиад томуугаас  урьдчилан сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд сода, давстай  уусмалаар ам, хамраа зайл хэвшээрэй.
-Иргэдэд  тохирсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өгч чадаж байгаа юу?
-Манай эмнэлгийн хувьд мэдээж өгч чадаж байгаа. Дөрөвдүгээр хороо хотын төв гэдэг утгаараа иргэд нь хүртэл өндөр шаардлага тавьдаг. Үзлэг хийж байхад нэг юм нь л болохгүй байвал та нар ингээч, тэгээч гэж шаарддаг. Эмч нар ч иргэд юу хүсч, ямар үйлчилгээ авахыг хүсч байгааг мэддэг. Ер нь, иргэд сүүлийн үед  өрхийн эмнэлгээрээ үйлчлүүлэх нь ихэссэн. Нэг хэсэг муу нэртэй байсан л даа. Одоо иргэдийн хандлага өөр болсон.
-Тухайлбал, иргэдэд хэрэгтэй ямар үйлчилгээг  үзүүлж байна вэ?
-Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар төрөл бүрийн хавдар, хүнд өвчнийг илрүүлэх үзлэг хийж байгаа.  Жишээ нь, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх, артерын даралт өвчнийг илрүүлэх үзлэгийг 40-60 насны хүмүүсийн дунд хийж байна. Түүнчлэн умайн хүзүүний хавдрыг илрүүлэх үзлэгийг хийж эхэлсэн. Энд зориулж тусгай өрөө гаргаж тохижуулсан. 30-60 насны эмэгтэйчүүдэд  хавдар элбэг тохиолддог юм. Иймээс гурван жил тутамд дээрх насны эмэгтэйчүүд маань үзлэгт хамрагдах хэрэгтэй. Үзлэг шинжилгээ хийлгэх  гэж бөөн юм болж эмнэлэг зорьдог. Үүнийг өөрчлөх үүднээс өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний хавдрыг илрүүлэх үзлэг оношилгоог үнэгүй хийж байгаа нь энэ. Энэ жилээс өрхийн эмнэлэг дээр байнга явдаг болно. Шинжилгээний хариу 14-30 хоногийн дотор гардаг. Хэрэв эрсдэлтэй гэж илэрвэл хоёр, гурав дахь шатлалын эмнэлэг рүү гээ явуулдаг.
-Иргэд үзлэг оношилгоонд хэр хамрагдаж байна вэ?
-Манай өрхийн эмнэлгийн хувьд 30-60 насны 240 гаруй эмэгтэйг энэ үзлэгт хамруулах ёстой. Одоогоор 50 хувьтай явж байна. Хүмүүс энэ шинжилгээг өгөхөд хойрго хандаж байна. Бид хагас сайн өдөр хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа.
-Та эмнэлгийнхээ эмч нарынхаа мэдлэг чадварыг хэр үнэлдэг вэ. Иргэд тэр бүр итгэл хүлээлгэдэггүй шүү дээ?
-Өрхийн эмч нарыг мэдлэг чадвар дутуу гэх нь бий. Харин ч нарийн мэргэжлийн эмч нараас илүү. Зөвхөн нэг төрлийн гэхгүй бүх өвчтөнийг үзэж оношилдог.  Мөн хөгшин, залуу, хүүхэд гээд бүгдэд нь үзлэг оношилгоо хийдэг. Хэсэг ажлын хариуцлагагүй өрхийн эмч нарын балгаар бүх эмч нарыг тэгж ойлгож болохгүй.
-Эмнэлгүүдийн төсөв хөрөнгийг хэрхэн хуваарилж өгдөг юм бэ. Тариа хийлгэх иргэд наалт, хөвөнгөө авч ирээрэй гэх юм. Төсөвтөө суулгадаггүй юм уу?
-Бид нэг хүнд тооцсон зардлаараа санхүүждэг. Тэгэхээр манайх 4000 хүнтэй гэхэд насаар нь ангилсан байдаг. Тухайлбал, 0-17 насны хүүхэд гэхэд 17 мянган төгрөг гэдэг ч юм уу. Энэ маягаар төсөв нь орж ирдэг. Орж ирж байгаа мөнгөөрөө хүмүүсийнхээ цалинг тавьж, ариутгалын бодисоо авдаг. Иймд тэр бүр бүгдийг аваад байх боломжгүй.
Ингээд  “Өөдрөг-Энх” өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа зарим иргэнтэй уулзлаа.

Л.Оюун: Хэсгийн эмнэлэг чирэгдэл ихтэй байдаг


-Өрхийн эмнэлгээрээ хэр үйлчлүүлдэг вэ. Таны хүссэн  эрүүл мэндийн үйлчилгээг өгч чадаж байна уу?
-Манай хорооны иргэд тариа, дусал хийлгэхээр байнга ирж үйлчлүүлдэг. Үйлчилгээ бол сайн.  10:00-12:00 цагийн үед ачаалал ихтэй байдаг. Хөрөнгө мөнгө нь болдог бол суух сандал нэмж авмаар байна. Нэг хүн дусал хийлгэхэд 30-40 минут болдог. Энэ хооронд үүдэнд нь хүлээж байгаа иргэдэд хэцүү байдаг. Тэгээд ч өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн ихэнх нь өндөр настан, жирэмсэн хүмүүс.
-Дайх ямар нэгэн санал байна уу?
-Иргэд эм, тариагаа аваад ирэхэд урдаас нь хөвөн, наалтаа авч ир гээд явуулдаг. Тэгэхээр зүү, спирт, хөвөн зэргийг эмнэлгийн төсөвт тусгаж өгвөл зүгээр санагдана. Нэг удаа тариа хийхэд багахан хөвөн хэрэглэнэ  шүү дээ. Тэгээд ч  бид нийгмийн даатгал төлж байгаа. Заримдаа хэсгийн эмнэлэг чирэгдэл ихтэй байдаг. Очихоор цаг ав гэдэг. Цагаа авахаар хоёр, гурван цагийн дараа ир гэх нь бий.  Мөн саяхан гэхэд би хэсгийнхээ эмнэлэг рүүгээ орох гэтэл  эргэн тойронд нь бөөн нүх ухчихсан хаагуур нь орох нь мэдэгдэхгүй байсан.

Х.Алтангэрэл: Тарианы өрөөг жаахан томсгомоор байна

/Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч/

-Таныг өрхийнхөө эмнэлэгт үнэлгээ өг гэвэл хэд тавих вэ?
 -Үнэнийг хэлэхэд өвдөхөөрөө л өрхийн эмнэлэгтээ ирдэг. Түүнээс биш барагтаа л ирдэггүй.  Өнөөдрийн хоолоо яая гэж байгаа тэтгэврийн хөгшид тариа, дусал зэргийг тэр бүр төлбөртэй хийлгээд байж чаддагүй. Тиймээс гэр зайдуу ч гэсэн өрхийн эмнэлгээ л бараадах юм. Манай эмнэлгийн эмч ажилчдын хувьд дажгүй ээ. Би энэ нь ийм, тэр нь тийм гэж муулахгүй.
-Ингээд зохицуулаад өгөөсэй гэсэн санал, хүсэлт байна уу?
-Өрхийн эмнэлгээрээ тариа хийлгэх юм. Тэгэхээр тарианыхаа өрөөг жаахан томсгоод сандал нэмж тавиасай. Хөл муутай хөгшчүүл удаан зогсох хэцүү юм. Заавал эмнэлгээ давхарлаж том барилга болгоно гэхгүй. Жаахан зохион байгуулалт л хийгээд өгчихвөл өрхийн  эмнэлгийн үйлчилгээ сайжирна шүү дээ.

0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
АЧЛААЛ ИХСЭН ДЭЭ
ИХ ТЭЙ ШҮҮ
Хамгийн их уншсан