Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн 2012 оны төсөвт хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулсан талаар  танилцууллаа. Нийслэлийн төсвийн орлогыг нэмж улсын төсвөөс нийслэлд оруулах санхүүгийн төсвийг 11.2 тэрбум төгрөгөөр бууруулж 109.1 тэрбум төгрөг болгосон байна. Монгол Улсын 2012 оны төсөвт нийслэлийн өнөөгийн байдалтай уялдуулан тодотгол хийж орлогоо 17.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 327.3 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Тухайлбал, төсвийн урсгал зардалд НИТХ-ын ажлын албаны бүртгэл орон тоонд  440.6 сая, НЗДТГ 325 сая, Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь нэгжүүдэд 220 сая, гэр хорооллын хог тээвэрт  578 сая төгрөг тусгасан. Замын хөдөлгөөний ачаалал  бууруулахад 787.7 сая, урьдчилан цэвэрлэх байгууламжид 396 сая төгрөг, аймаг, сум ИТХ-ын сонгуулийн зардалтай холбоотой 2.2 тэрбум төгрөгийг дүүргийн төсөвт нэмсэн байна. 2012 оны төсөв батлагдахад нөөцийн мах бэлтгэх хөрөнгөөс 1.2 тэрбум төгрөг хасчээ.

Хогны менежмент шинээр хийхтэй холбоотой  728 сая төгрөгийг бууруулсан. Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн төсвийн тодотгол хийгдээгүй байгаа тул анх баталсан төсөв дээр төрийн албан хаагчдын цалингийн гарах зөрүүг тусгасан байна. 2012 онд шинээр хийх есөн нэр төрлийн ажлын тендер зарлагдаагүйгээс 12.3 тэрбум төгрөгийн ажлыг хойшлуулжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахад дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ шууд хийж эхлэх зураг төсөлд үндэслэн 1.9 тэрбум төгрөг суулгажээ. Улаанбаатар хотын Тохижилт үйлчилгээний газарт зам цэвэрлэгээний ажилд 5.9 тэрбум төгрөгийн техник худалдан авахаар тусгажээ. Ингэснээр төсвийн нийт орлого 327.3 тэрбум төгрөг, нийт зардал 385.1 тэрбум  болов. Дүүргийн төсвөөс  нийслэлд төвлөрүүлэх орлогын хэмжээ 22.2 тэрбум, дүүрэгт ногдох санхүүгийн дэмжлэг 8.8 тэрбум, улсад төвлөрүүлэх орлого 70 тэрбум, улсаас авах санхүүгийн хэмжээ 109 тэрбум төгрөг байх төсвийг өргөн барилаа. Тус төсвийг НИТХ-ын тэргүүлэгчид  дэмжиж НИТХ-ын ээлжит бус хурлаар маргааш хэлэлцэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан