Зүүн дөрвөн замаас Саппоро ороход өмнө нь нийтийн тээврийн хэрэгслүүд дунджаар нэг цаг 10 минут зарцуулдаг байж. Засаг даргын шийдвэр хэрэгжсэнээс хойш буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дээрх замыг 30 минутын дотор туулдаг болчихож. Энэ бүхнээс шалтгаалан нийтийн тээврээр зорчигчдийн тоо 12 хувиар нэмэгдэж, ажлын өдрүүдэд замын ачаалал 20 хувь буурсан гэдэг эерэг үзүүлэлт гарсан гэнэ. Иймд нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр, автомашинуудыг дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх санал гаргалаа. Энэ шийдвэрийг сунгах эсэх асуудлаар НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдана. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Өнөөдөр нийслэлийн иргэдээс замын хөдөлгөөнийг бууруулахтай холбоотой шийдвэрийг цааш үргэлжлүүлэх эсэх санал авсан. 1200 лавлах утсанд одоогийн байдлаар /18 цаг/ 7000 гаруй иргэн санал өгсөнөөс 87 хувь нь дэмжиж, 13 хувь нь татгалзсан байна. Ямар ч шийдвэр арга хэмжээг заавал эсэргүүцэх ёстой юм шиг санадаг хэсэг бүлэг байдаг.
Тийм учраас би хувьдаа үүнийг нийгмийн идэвхтэй хэсгийн 100 хувь нь дэмжсэн шийдвэр гэж үзэж байна. Иргэд маань одоо л нэг дүрэм, журманд захирагдаж амьдрах ёстойгоо ойлгож эхэлсэн нь сайн хэрэг. Гэр рүүгээ орой явж байхад машин байхгүй гарцан дээр гэрлэн дохио хүлээгээд зогсч буй залуусыг хараад Япон улс санаанд орж байлаа” гэлээ.
Засаг дарга Э.Бат-Үүл “Нийтийн тээврээс асуухаар автомашины тоо буурч байгаа гэх юм. Гэсэн атлаа өдөртөө 100-150 автомашин шинээр дугаар авч байгаа гэсэн тоо авлаа. Тэгэхээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд 3000 автомашин хөдөлгөөнд шинээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь ч мэдрэгдэж байгаа. Орой 19 цагийн үед түгжрэл өмнөх шигээ болоод эхэллээ. Машины механик өсөлтөд ямар арга хэмжээ авах вэ” гэсэн асуултыг ЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайханд тавилаа. “Засгийн газар ялангуяа Зам тээврийн яамтай хамтарч энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Манай улс буруу талдаа жолоотой автомашин барих ёсгүй. Үүний эсрэг конвенцид нэгдсэн улс. Гэсэн атлаа үүнийг өнөөг хүртэл зөрчсөөр байгаа. 10-аас дээш жил явсан автомашины талаар арга хэмжээ авах цаг нь ч болсон” гэсэн хариулт өглөө. Буруу талдаа жолоотой автомашиныг гаалиар оруулж ирэхийг болиулах хэрэгтэй. Үүнийг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж арга хэмжээ авъя. Эхлээд гаалиар оруулж ирэхээ больчихсон байхад одоо явж байгаад нь ямар арга хэмжээ авах нь болох биз. Олон улсын конвенцид нэгдэн орчихоод дураараа зөрчөөд байж болохгүй гэдэг саналыг Засаг дарга гаргалаа.
Энэ хугацаанд улсын дугаар сольж хөдөлгөөнд оролцсон 42 тохиолдлыг илрүүлжээ. Зургаан жолоочийн эрхийг хасч, 22-ыг нь 440 мянгаар торгож үлдсэн 12-ыг шалгаж байгаа аж. Хөдөлгөөнд 123 дугааргүй автомашин оролцсоноос 15-ыг шалгаж байгаа бол үлдсэнд нь нэг сая 745 мянган төгрөгийг торгууль ногдуулжээ.