2012.10.22 Улаанбаатар хот
Монгол төрийн тэргүүн, Монгол хэмээх өрх гэрийн аав Танд Улаанбаатар хотын чинь жирийн нэгэн иргэн аав би, өөрийн гэр бүлд учирсан тэр хар өдрийнх шиг зүрх зүсэгдэж, элэг эмтэрч, сэтгэл урагдам аймшигт мэдээ, дүр зургийг дахин хэн нэгэн өрх бүлд, аав ээжид, тэдний бяцхан хүү, охинд бүү давтагдаасай гэсэн чинхүү сэтгэлээр хүсч энэхүү захидлыг бичиж сууна.
2012 оны 9-р сарын 3-ны өдөр буюу хичээлийн шинэ жилийн анхны өдөр Та олон монгол хүүхдийн “аав”-ын ёсоор миний охинд “Хүн болох багаасаа” хичээлийг ‘заасны дараа охин маань ээж дүүгийнхээ хамт гэртээ харьж явахдаа зэрлэгээр алагдан, хайртай бүхнээ алдан, биднийгээ үүрд орхин одсон. Бидэнд охины минь Таны заасан хичээлээс “онц сурдаг ажилсаг хүүхдийг аз жаргалтай ирээдүй хүлээж байдаг... Ангийнхнаасаа хамгийн их хүсэх зүйл бол хичээл хөдөлмөр ба онц сурах. Эцэг эхийнхээ ачийг хариулахын тулд бидний одоо хийх зүйл бол онц сурах юм...” гэж өөрийн болгон ойлгож, бичиж тэмдэглэсэн дэвтэр нь л үлджээ...
Тиймээ, миний охин хязгааргүй их хүсэл мөрөөдөлтэй, сурч мэдэх, хийж бүтээхийн арвин их тэмүүлэлтэй, урлаг спорт, сурлага хөдөлмөртөө үргэлж манлайлагч, орчин тойрон, эх хотоо цэвэр цэмцгэр байлгах чинхүү сэтгэлтэй, нялх эх оронч нэгэн байсан бөгөөд, Таны хэлсэнчлэн охин минь сайн хүүхдийн үлгэр байсан... Гэвч...
Тэр аймшигт өдөр миний охины амь нас бетон зуурмагийн машины цемент шахагч хоолойд бус Монгол төрд үүрлэсэн хүнд суртал, авлигаас үүдэлтэй нийгэм дэх ёс суртахуун, үзэл бодлын доройтлын хоолойд даруулан алагдсан гэж үзэж байна.
Үлдэж хоцорсон өнчин янзага шиг дүү, зовж шаналсан ээжийг нь харах бүр өр урагдаж, 12-хон настай бяцхан охины минь хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсан оюун бодолт тархийг нь тэр увайгүй хоолой няц даран унахдаа тараан цацсан тархиных нь хөрч үхээгүй эд эс, хэсэг бүрийг, гэгээн ариухан хүсэл мөрөөдөл, хэлэх эцсийн үг бүхний хамт нийлүүлчихвэл сонсчих юм шиг, боломжгүй хүсэлдээ автан хаман хийж суусан арга мухардсан аав би, хаана, яаж, ямар нийгэмд, юу болоод байгааг үнэмшиж ядан, өр зүрх минь урагдаж... байснаа хэлэхийн сацуу Монгол түмний аав Танд ийнхүү хандпаа.
Та Ардын элч кинон дээр гардаг хошуу ноён шиг “Үүнийг магадлая, Та бүхэн тайван амгалан байцгаа” гэж хандахгүй гэдэгт найдаж байна.
Эх оронд минь эрдэнэт хүний амь үрэгдлээ гэх мэдээ ямар нэгэн арилжааны зар мэт хэлэгдэж, дайн дажинтай улс оронд үхэж үрэгдэж буй цэргийн тоотой ардчилсан Монгол улсад,
хүнлэг энэрэнгүй гэх өнөөгийн нийгэмд золгүй байддаар алагдаж байгаа иргэд, үр хүүхдийн чинь тоо дүйж байгаад Таныг хариулт өгөхийг хүсч байна.
Олон тооны “хошуу ноёд” дор бүрнээ “асуудлыг хуулийн дагуу магадалж байх” зуур дахин ямар ч гэмгүй кино үзэхээр явсан 19-хөн настай оюутан хүүгийн дээрээс мөн л барилгын тулаас төмөр унан амийг нь авч одлоо... Хүүгийн аав, ээж болон монгол түмэн түүний амийг мөн л барилгын тулаас төмөр биш харин авлига, хүнд суртлын тулгуур авч одсон гэдгийг мэдэж байгаа.
Та биднийг авлига, хүнд сурталтай цаасан дээр төрийн ордноос тэмцэлдэж суух зуур төрийн авлига, хүнд суртлын тогтолцоо хувийн хэвшлийнхний хариуцлагагүй бизнестэй “худ ургийн холбоо” тогтоон Улаанбаатарын гудамжинд, магадгүй цаашлаад Монголын уудам талд “хөлгүй найр наадам” хийж байна.
Монголын үрс таны хүүхдүүд хариуцлагагүй бизнес болон авлига, хүнд суртлын золиос болсоор байх уу? Эрдэнэт хүний амь ямар үнэтэй вэ, бидний охины, хүүгийн амийг хэн хариуцах вэ, Монголын төр иргэнийхээ амийг юугаар төлөх вэ, энэ бүхэнд үр хүүхэд бид Таниас хариулт нэхэж байна.
Тийм ээ, миний охин өнөөгийн нийгэмд бугшсан булхай бүхнийг илчилж, засч залруулах цаг болсныг алтан амиараа сануулан, Монголын мянга мянган хүүхдийн сайн сайхны төлөө амь насаа зориулсан юм.
Зураг, зул хоёроор сэтгэлээ зогоон амьд явж буй хүчин мөхөс аав би, миний нэгэн адил бодгаль ХҮН, өрх гэрийн ААВ хүний тань хувьд зүрх сэтгэлд тань Хайрт охиныхоо хүслийг чадан ядан хүргэхийг хичээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байддын зөвлөлийн тэргүүн Та миний охин амь насаа “зүгээр нэг зорнулаагүй юм” гэдгийг бодит үйлдлээр харуулж, “МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАС ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙХ”-ыг хуульчлан баталгаажуулахыг бид хүсч, хариулт нэхэж байна.
Жич: 9-р сарын 3-ны өдрийн хичээл, бичсэн шүлгийн эх хувиас нь хуулбарлан хавсаргав. Мөн холбогдох СБ болон охиныхоо зохиосон шүлгийн түүврийг хавсаргалаа.
Таныг цаг зав гарган үзэхийг хичээнгүйлэн хүсье.
Таныг хүндэтгэсэн:
Есүгэн охины аав:<^3 /Б. Батсайхан/
Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, Өнөр хороолол, 3-р байр, 35 тоот
Харилцахутас: 99092714