Үйлдвэржилт гэдгийг хэдэн жилийн турш хэн дуртай нь ярьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл өнөөх л импортоос бүрэн хараат улс хэвээр. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны өрхийг татаж, үүдийг нь нээж өгсөн. Үйлдвэрээр овоглосон яам цаг хугацаатай уралдан үйлдвэржүүлэх бүтээн байгуулалт хийхээр ажилдаа шамдан оржээ. Юуны түрүүнд хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр, хүнд үйлдвэр, барилга, химийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ”Үйлдвэржилтийн эрин үе” чуулганы үеэр салбар тус бүрээр хуралдав.
Энэ үеэр ҮХАА-н сайд Х.Баттулга “Салбар хуралдаанаар гомдол бага ярьж, төр засагтайгаа яаж хамтарч ажиллах, улс шиг улс, үйлдвэр шиг үйлдвэртэй болох талаар нэлээд ярилцсан нь их ололттой хэрэг юм.
Үйлдвэр эрхлэгчдэд хамгийн том асуудал бол санхүүжилт. Өнөөдөр арилжааны банкуудаас тэр өндөр хүүтэй зээл аваад үйлдвэрүүдийг авч явна гэдэг хамгийн том зовлон. Монгол Улсаа сэргээн хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийнхээ санхүүжилтийг арилжааны банк шиг биш, өөр хэлбэрээр хийе гэсэн санаагаар “Хөгжлийн банк” байгуулсан.
”Үйлдвэржилтийн эрин үе” чуулганы салбар хорооны хурлуудаар холбоодыг нэгдсэн нэг удирдлагатай болгоод аж ахуйн нэгжүүд нь холбоондоо нэгдэж, татвараа төлж, нэг зорилготой өндөр цалинтай, хариуцлагатай байх тухай ярилаа. Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын үйлдвэрлэгчдийн холбоо гээд бүгд тус, тусдаа. Ажлын өрөө, цалин хөлс, унаа машин ч байхгүй хүмүүс энэ холбоог удирдаад байдаггүй.
Энэ тал дээр гол анхаарлаа хандуулаад нэг холбоондоо харьяалагдаад явбал ҮХААЯ-тай, Засгийн газар хамтраад ажиллах боломжтой. Үйлдвэрлэгчдийн хувьсгал, үйлдвэржилт гээд яриад л байдаг. Одоо бодитоор энэ үйлдвэр барихгүй бол цаасан дээрх лоозонгууд яваад байгаа. Засгийн газар, ганц сайд байгаад, гоё үг хэлээд ажил явахгүй байна. Та бүхэн өөрсдөө засаг төрөө шахаад ажиллах нь зүйтэй. Энэ олон нэгж хоорондоо нийлж тодорхой том төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй ажил хэрэг болно. Үйлдвэрлэгчдийн шинэ эринийг өнөөдрөөс эхлүүлье гэж хүсч байна. Монгол Улс маань хөгжихөд үйлдвэрлэгчид та бүхэн маань тэргүүн эгнээнд алхаж яваарай” гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Б.Цогтгэрэл, Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, үйлдвэрлэлийн бодлого зохицуулах газрын дарга нар, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн үйлдвэрлэгчдийн төлөөлөл 800 гаруй хүн “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” ирснийг ийн тунхаглалаа. Монгол Улс түүхий эдээ хямд үнээр экспортолж, эдийн засгийн хувьд уул уурхайн түүхий эдийн үнээс хараат байхаа болих цаг ирснийг албан ёсоор зарлалаа. Арьс шир, ноос ноолуур, зэс, төмөр, нүүрс гэх мэт түүхий эдээ өөрсдөө нэмүү өртөн шингэсэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг үйлдвэржсэн орон болох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг амьдралд хэрэгжүүлэгчид ийнхүү хамтран ажилдаа орлоо.
“Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээнд оролцогчдод хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулсныг уншиж сонирхуулсан юм. Төрийн тэргүүн илгээлтдээ “Үйлдвэржилтийн шинэ давалгаа ирж байгаад Ерөнхийлөгч миний бие баяртай байна. Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа үйлдвэржилт байх болно гэж хэлж байсныг та бүхэн тодхон санаж байгаа болов уу. Монгол Улсын хөгжлийн суурь үйлдвэржилт байх болно. Бид шороо зөөж бус бараа үйлдвэрлэж хөгжих болно. Үүний төлөө төр, хувийн хэвшил хамтдаа гар, гараа барин алхах ёстой” хэмээн дурджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнгөрсөн дөрвөн жил Засгийн газар, УИХ зөв бодлого гаргаж тодорхой амжилтад хүрч болдог гэдгийг харууллаа. Жижиг дунд үйлдвэрлэлд нэг тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол өдгөө 400 тэрбумд хүрсэн. Баруун аймгууд Улаанбаатар болон Хятад улсаас цементээ зөөж байгаа учраас барилгын үнэ өндөр байсаар. Иймд баруун таван аймгийн дунд цементийн үйлдвэр барихаар төлөвлөж байна. Бизнес эрхлэгчдэд цаг, минут тутам үнэ цэнэтэй байдаг. Гэтэл нэг үйл ажиллагаа эхлэхийн тулд зөвшөөрөл хөөцөлдөж хэдэн сар, жилээр явж, дарга нарын гарыг хүндрүүлэх шаардлага гардаг. Үүнийг цэгцэлж олон шат дамжлагыг болиулна. Ямар нэг зүйлийг импортлоход найман зөвшөөрөл авдгийг гурав болгон цөөрүүлнэ. Экспортонд бараа бүтээгдэхүүнээ гаргахын тулд 10 бичиг баримт бүрдүүлдэгийг гурав болгоё. Үүнээс гадна бид хоцорч яваа гэдгийг сануулъя. Барилга байгууламжийг гурав, дөрвөн жилээр биш нэг жилийн дотор барьдаг болох хэрэгтэй. Барилгын салбарт гарч буй дэвшил технологийг хэрэглээд байвал заавал дулааны улирлыг хүлээх шаардлагагүй болж байгааг анхаарах хэрэгтэй” гэв.
Үйлдвэр, аж ахуй нэгжүүд салбар бүрээр хуралдаанаа хийж эрдэмтэн судлаачидтай хамтран тэргүүн эгнээнд хэрэгжүүлэх төслүүдээ өргөн барилаа. Нийт 450 гаруй төсөл салбар хуралдаан бүрт хэлэлцэгдэж шигшигдсээр 120 төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх нь зөв гэдгийг үйлдвэрлэгчид, эрдэмтэн, судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. Хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр, хүнд химийн үйлдвэр, мэдээллийн технологи, нанотехнологийн үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх бодлогыг тусгасан, төслүүдийг ҮХАА-н сайд Х.Баттулгаар дамжуулан шинэчлэлийн Засгийн газарт гардуулан өглөө. Мод, модон үйлдвэрлэлийг дэмжье гэдэг бодлого салбарынх нь яаманд байдаг. Харин нөгөө талаас ой мод байгаль орчноо хамгаалахаар энэхүү үйлдвэрлэлд сөрөг байр сууринаас ханддаг яам бас бий. Иймд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай Санамж бичигт Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Х.Баттулга нар гарын үсэг зурсан юм.
Хэрэглэгчдийг импортын бараа бүтээгдэхүүнээс татгалзаж үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байхыг санал болгов. Юуны түрүүнд төр үүнд анхаарал хандуулж тэргүүлэгч байр суурьтай байх ёстой гэдгийг компани, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл санал нэгтэй байлаа. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм. Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, ИНЕГ-ын дарга С.Батмөнх нар Санамж бичигт гарын үсэг зурлаа. Зорчигчдод үйлчилдэг томоохон хоёр байгууллага үйлчилгээндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болж байгаа гэдгийг энэ үеэр дуулгалаа.