Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жишиг төрөхийн барилга ашиглалтад орох нь


150 ортой орчин үеийн амаржих газрын барилга барих гэрээнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, “Бороо гоулд” компанийн гүйцэтгэх захирал Жон Казакофф нар гарын үсэг зурж байсан цаг саяхан. Харин өнөөдөр зургаан давхар иж бүрэн тоноглолтой, орчин үеийн шийдэл бүхий нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээгэн өгөх өдөр ойрхон болжээ. Учир нь барилгын ажлыг гүйцэтгэгч “Цаст констракшн” компанийнхан товлосон хугацаа болох арваннэгдүгээр сарын 31 гэхэд хүлээлгэж өгөхөөр шамдан ажиллаж байна.

1963 онд ашиглалтад орсон нэгдүгээр амаржих газрын хуучин барилгын хэсэгт эхчүүд амаржих нь бүү хэл хүний аминд халтай болсон тухай дүгнэлт МХЕГ-ынхан гаргаж байсан юм. Ингээд шинээр эмнэлэг барих нь байтугай нураах ч төсөвгүйгээс 20 гаруй хувийн эмнэлэг түрээслэж байсан энэ эмнэлгийн барилгын суурин дээр орчин цагийн эмнэлэг хэдийнэ баригджээ. Санхүүгийн бэрхшээлээс болж Монгол Улс төрөх эмнэлэг шинээр барьж чадахгүй удсан ч холбогдох албаныхан “Бороо гоулд” компанийн удирдлагад хандсанаар хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн. Өнөөдрийг хүртэл 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Бороогийнхон эл төсөлд зарцуулжээ. Орчин цагийн шаардлагад нийцсэн жишиг болохуйц эл эмнэлгийг барихын тулд гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүд БНСУ-д очиж эмнэлгийн барилгатай танилцаж судалсан байдаг. Тиймээс орчин цагийн эмнэлгийн бүхий л стандарт шаардлагыг хангасан гэдэг нь ярианы сэдвийн гол нь болж байлаа. Тухайлбал салхивчны болон хүчилтөрөгчийн систем, цахилгаан тасалдахад автоматаар гуравхан секундэд ажиллах дизель цахилгаан үүсгүүр гээд олон давуу тал  бий. Өргөтгөл эмэгтэйчүүд, нярайн, эх барихын гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Гурван хэсэг нь тус тусдаа хүлээн авах, хагалгааны болон эрчимт эмчилгээний тасагтай. Дөрвөн вакум хагалгааны өрөөтэй, орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэ өргөтгөлийн хэсэг 150 ортой байх юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа болон албаны хүмүүс ирж бүтээн байгуулалтын явцтай танилцсан юм. Дэд сайд Ж.Амарсанаа нийгмийн хариуцлагатай үйл хийж байгаа “Бороо”-гийнхонд талархаж байгаагаа хэлээд, эрүүл мэндийн тэр дундаа төрөх эмнэлэг дутагдалтай байгаа энэ цагт эх нялхсын төлөө хийж байгаа энэ төсөл цагаа олсон ажил болохыг онцолсон юм.


Стив Ланг: Эмнэлгийнхээ дотор орж үзэхийг тэсэн ядан хүлээж байна

“Centerra gold INK”-ийн ТУЗ-ийн дарга Стив Ланг “Бороо гоулд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа нэгдүгээр төрөхийн өргөтгөлийн ажлын явцтай танилцахаар ирсэн юм. Ингээд түүнээс төслийн талаархи сэтгэгдлийг нь сонслоо.

-Төслийн ажлын талаархи сэтгэгдлээ хуваалцаач?
-Юуны өмнө шинэ эмнэлгийнхээ дотор орж үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтарч энэ төслийг хэрэгжүүллээ. Бид  10 тэрбум төгрөг үүнд зарцуулаад байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн энэ төсөлдөө сэтгэл хангалуун байгаа.

-Барилгын дотоод засал тохижилтыг танайхан өөрсдөө шийдээд хийх үү?
-Үгүй. Бид барилгын дотоод засалтай холбоотой бүх зүйлийг Эрүүл мэндийн яамтай хамтарч гаргасан. Энэ эмнэлгийн доторхи тавилга засалд юу шаардлагатай вэ гэдгийг яамтай ярилцаж тохирч шийдсэн гэсэн үг.

-“Бороо гоулд”-ынхан нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийдэг. Эмнэлгийн төсөл хамгийн том  нь байв уу?
-Тийм ээ. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа олон төсөл санхүүжүүлж, дэмжлэг үзүүллээ. Уурхайн орчмын орон нутагт төсөл хэрэгжүүлэхээс гадна  саяхан Дорнод аймагт усан хангамжийг сайжруулах зорилгоор худаг барилаа. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтаа бид хүнсний боловсруулах үйлдвэр, соёлын төв зэрэг бичил зээл гэх мэт олон төсөлд санхүүжилт үзүүлсэн. Ирэх хэд хоногт бид Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бүх төслийнхөө явцтай танилцана. Улаанбаатар хотын хувьд жижиг төслүүд байгаа, гэхдээ энэ эмнэлгийн ажил бол хамгийн том төсөл маань.  
Юутай ч өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор хагалгаагаар төрсөн нь гурав, хэвийн амаржсан эх нэг хоноод эмнэлгээс хөөгдөх шахам гардаг үе арилах бололтой.

0 Сэтгэгдэл
ХУРДАН АШИГЛТАНД ОРУУЛ
Хамгийн их уншсан