Монгол Улсын таван өрх тутмын нэгд хорт хавдартай хүн байгаа гэхэд бараг хилсдэхгүй. Иймдээ ч хамгийн өндөр тархалттай өвчний хоёдугаарт хавдар бичигдэж байгаа юм. Тухайлбал, жилд 4000 гаруй хүн хавдартай гэж шинээр оношлогдох болсон сэтгэл сэртхийлгэм мэдээг “Хавдрын эсрэг үндэсний аян-2012”-ын үр дүнг хэлэлцэх үеэр эмч мэргэжилтнүүд дуулгаж байлаа. Хавдар дотроо ходоодных, улаан хоолойнх хавдар тэргүүлэх болжээ. Энэ нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг халуун, давс ихтэй хоол болон бусад хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж байгааг эмч мэргэжилтнүүд онцолсон. Аяныг хоёр жилийн өмнөөс зохион байгуулж, өнгөрсөн баасан гарагт салбарын эмч, профессорууд цуглан монголчуудад хавдар үүсэхэд нөлөөлж буй шалтгаан, хавдраас хэрхэн урьдчлан сэргийлэх үүнд төр засгийн зүгээс ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг зөвлөлдлөө. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал О.Баяр “Хавдрыг анх оношилдог нэгж бол аймаг дүүргийн эмнэлэг. Хэрэв тоног төхөөрөмж сайжирвал хавдрыг эрт үед оношлон эмчлэх боломжтой. Иймд үндэсний төв болон, аймаг дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах хэрэгтэй” гэдгийг хэллээ.
Мөн дээрхээс гадна хавдар газар авч буй шалтгаан нь хавдраар өвчилсөн ялангуяа төвөөс алслагдсан, орон нутгийн иргэд аймаг нийслэлийн нэгдсэн эмнэлэгт ирж оношлуулж эмчлүүлэлгүй цаг алддагтай холбоотой гэнэ. Харин өнгөрсөн жилээс уг аяныг орон нутагт өрнүүлсэн нь мэдээ мэдээллээс хол, алслагдсан хөдөөгийн иргэдэд хавдрыг эрт үед нь оношлуулах боломжийг нээж өгч байгаа аж.
Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Навчаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хавдартай тэмцэхэд манай эмнэлгүүдийн тоног төхөөрөмж хангалтгүй байгаа. Ялангуяа орон нутагт хавдрыг эрт оношлох багаж бараг байдаггүй. Үүнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Эрүүл мэндийн яам бодлогын хэмжээнд авч үзнэ. 2013 онд орон нутагт нэлээд хэдэн тоног төхөөрөмж шийдэж өгөхөөр ажиллаж байгаа. Гэхдээ нэг амьсгаагаар бүгдийг нь шийдэж өгч чадахгүй тул үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тоног төхөөрөмж сайтай бол эмчилгээ үр дүнтэй байхад нөлөөлнө. Ингэвэл төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн ачаалал буурч урьдчилан сэргийлэх үзлэгийг иргэд гэрийнхээ ойролцоо хийлгэх боломжтой болох юм.
-Хавдар судлалын үдэсний төвд одоо хэрэглэж буй багаж тоног төхөөрөмжүүд стандартад хэр нийцсэн байдаг юм бэ?
-Мэдээж өндөр зэрэглэлтэй, олон улсын стандартын төвшинд хүрэхгүй байгаа. Гэхдээ бид аль болох боломжоо ашиглаад ажилладаг. Монголын хууль, эм эмнэлгийн хэрэгслийн стандартаар батлагдаж зөвшөөрөл авсан эм, тоног төхөөрөмжүүдийг хэрэглэдэг. Хорт хавдрын эсрэг эмчилгээ өндөр өртөгтэй байдаг учир зарим нэг хими, туяаны эмчилгээ, дурангийн мэс засал дутагдалтай байгаа. Гэхдээ хэрэгтэй тоног төхөөрөмжээр хэрхэн хангах талаар арван жилийн стратеги төлөвлөгөөндөө оруулсан.
-Хорт хавдрыг оношлох, эмчлэх талаар манай эмч нарын мэдлэг дутмаг гэдэг. Ер нь энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг гадаадад мэргэжил дээшлүүлж, сургахад хэрхэн анхаардаг юм бэ?
-Эмч мэргэжилтнүүдээ сургаж байна. Шинэ тоног төхөөрөмж суурилуулах болгонд бид тухайн багаж дээр ажиллах мэргэжилтнүүдийг багаар нь сургадаг. Тухайлбал, өнөөдөр Эрүүл мэндийн яам БНСУ-ын Засгийн газрын гэрээгээр дөрвөн эмч “Samsung medical” эмнэлэгт 3-6 сарын сургалтад хамрагдаж байна.