Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТАНЫ ХҮҮХЭД ЯГ ОДОО ХААНА БАЙНА ВЭ..?

Монгол Улсын ирээдүй хүн бүрт гэрэл гэгээтэй сайхан харагдаж байгаа байх. Тэгвэл тэр сайхан ирээдүйг нь цогцлоон бүтээх бяцхан үрс маань хаана юу хийж яваа бол гэж та нэг удаа бодож үзсэн үү. Өглөө эрт хичээлдээ гараад явсан хүүхэд тань нар шингэхтэй уралдаж гэртээ ирж байна уу. Хаана юу хийж явна вэ. Энэ бүгдийг эцэг эхчүүд бид эргэцүүлж нэг бодох цаг иржээ. Яагаад гэвэл таны хүүхэддээ өгсөн унааны мөнгө яг юунд зарцуулагдаж байгаа бол. Магадгүй хэн нэгэн мөнгөний шуналтан РС тоглоом гэгч бээлийгээр таны хүүхдийн халаасыг тэмтэрч байгаа юм биш биз. Орчин үеийн хүүхдүүд нийгмээ дагаад тоглох тоглоом нь хүртэл өөрчлөгдөж. Өөрөөр хэлбэл хурдацтай хөгжиж буй цахим ертөнцтэй салшгүй холбогджээ. Компьютэр мэддэггүй, тоглодоггүй хүүхэд бараг байхгүй болсон байна. Хамгийн их харамсч, халагламаар зүйл бол эх орны минь ирээдүй болсон бяцхан үрс маань РС тоглоом гэсэн намагт өдрөөс өдөрт улам бүр гүн шигдээд буй хэрэг  юм. Сэтгэцийн эмгэг судлалын эрүүл мэндийн төв буюу бидний нэрлэж заншсанаар Шархадын эмнэлэгт тоглоомонд донтсон хүүхдүүдийн цуваа тасархайгүй үргэлжилсээр л. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь өнөөдөр бидний хөндөх гэсэн асуудал билээ.

Ц.Жаргалмаа: Цагдаагийн байгууллага үйл ажиллагааг нь шууд зогсоодог байгууллага биш

Интернэт болон РС тоглоомын газартай холбоотойгоор хичнээн хүүхэд гэмт хэрэгт холбогдоод буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар НЦГ-ын хэв журмын хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн ахмад Ц.Жаргалмаагаас тодруулга авсан юм.
-Насанд хүрээгүй хүүхүүд РС тоглоом ихээр тоглох болсон. Үүнээсээ болоод  хүүхдүүд маань гэмт хэрэгт ихээр холбогдох боллоо?
-Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд насанд хүрээгүй хүүхэд бусдын биед гэмтэл учруулах хэрэг гурав, бусдын эд зүйлсийг хулгайлах хэрэг хоёр, танхайн хэрэг хоёр, бусдын эд хөрөнгийг санаатай устгах болон гэмтээх хэрэг нэг гарсан. Энэ бүхэн  РС тоглоомын газартай ямар нэг байдлаар холбоотой үйлдэгдсэн.
-Интернэт болон РС тоглоомын газарт танай зүгээс ямар хяналт тавьж ажилладаг юм бэ. Зөвшөөрөлгүй болон чанарын шаардлага хангахгүй байгаа газруудыг хааж болдоггүй хэрэг үү?
-Цагдаагийн байгууллага тус газруудад хэв журам л  сахиулах  үүрэгтэй. Жишээлбэл газар доор буюу подвалд  үйл ажиллагаа явуулж болохгүй. Цагийн хуваариа хэтрүүлэхгүй байх. Хоногоор болон удаан хугацаагаар хүүхэд тоглууж болохгүй гэдэг шаардлага тавьдаг. Хэрвээ зөрчил гаргавал МХЕГ-д тус тоглоомын газрыг хаах санал хүргүүлдэг. Мөн торгууль тавьдаг.
-Торгуулийн хэмжээ нь хэр зэрэг байдаг юм бол?
-Торгуулийн хэмжээ нь хувь хүнд хамгийн дээд тал нь 15 мянган төгрөг хүртэл. Аж ахуйн нэгж бол 5-50 мянган төгрөгөөр торгодог.
-Цаг хэтрүүлж ажилладаг, хоногоор тоглуулдаг, хэрэг зөрчил байнга гаргадаг газруудыг цаашид яах ёстой вэ?
-Үйл ажиллагааг нь боловсронгуй болгох дүрэм журмыг нь баталж өгөх хэрэгтэй. Дан ганц цагдаагийн байгууллага хяналт тавих биш бусад газрууд хамтарч ажиллах нь чухал. Ер нь интернэт цахим тоглоомтой холбоотой харилцааг олон талаас нь харж, ёс зүйн болон эрх зүйн байдлаас нь зөрчилгүй болгох хэрэгтэй. Мөн хүүхдүүдийг насны ангиллаар нь ялгаж тоглуулж байх. Комьпютерийг нь тодорхой цагт сүлжээг нь таслах боломж бололцоог бүрдүүлэх нь зүйтэй. Түүнээс биш бид шаардлага тавьж, торгууль тавиад ямар ч нэмэргүй. Торгуулиа төлчихөөд дахиад л зөрчлөө гаргана.
-Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хэдэн газар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Аравдугаар сарны байдлаар интернэт тоглоомын 426 газар ажиллаж байна. Үүнийгээ ангилж үзнэ. Дан ганц РС тоглоомын зорилгоор үйл ажиллагаа явуулж буй нь 293 газар, бусад нь интернет болон тоглоом гэсэн хосолсон үйлчилгээ үзүүлдэг. Энэ оны нэгдүгээр сард “Интернэт цахим тоглоом” гэсэн нэгдсэн арга хэмжээ зохиосон. Энэ ажлын хүрээнд цахим тоглоомын нийт 311 газартай түншлэлийн гэрээ байгуулж, 374 газарт  мэдэгдэл хүргүүлсэн. Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор дахин шалгалт хийж нэг газрын үйл ажиллагааг зогсоож, цаг хэтрүүлэн ажиллаж байсан 11 газарт торгууль оногдуулсан.

П.Гэрэлцэцэг: Хуулийн төсөл санаачилж Хууль зүйн яаманд хүргүүлсэн

Өнөөдөр бидний амар тайван байдлыг хангадаг байгууллага маань энэ тоглоомын газруудад хэв журам сахиулахаас өөр зүйл хийж чаддаггүй юм байна. Тэгвэл ерөнхийд нь хааж нээх асуудлыг хариуцдаг улсын МХЕГ –ын Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч П.Гэрэлцэцэгээс энэ талаар мөн тодрууллаа.

-Хамгийн сүүлд хэзээ РС тоглоомын газарт шалгалт хийсэн бэ?
-Дэд даргын удирдамжийн дагуу дөрөвдүгээр сарын 11-ээс зургадугаар сарын 11-ний хороонд нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж  буй  цахим тоглоомын 154 газрыг хамруулан шалгалт хийсэн. Шалгалтыг эрүүл ахуйн улсын байцаагч болон нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтарч хийсэн. Зориулалтын бус ажлын байртай 119 , ариун цэврийн өрөөгүй 112 байна гэсэн дүн гарсан.
-154 газарт шалгалт хийсэн юм байна. Яагаад нийслэл хотод 400 гаруй тоглоомын газар байхад тэн хагаст нь ч хүрэхгүй газарт шалгалт хийсэн юм бол?
-Нэг дор бүгдийг нь шалгах боломжгүй. Энэ ондоо багтаагаад үргэлжүүлэн шалгаж дуусгана.
-Яг ямар зүйлийг нь шалгадаг юм бол. Зөрчилтэй газрууд хэр их илэрч, ямар арга хэмжээ авсан бэ?
-Ашиглаж байгаа тоног төхөөрөмж, компьютер нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд, эрүүл ахуйн байцаагчид маань эрүүл ахуй талаас нь хяналт шалгалт хийсэн.
-Энэ талаар батлагдсан хууль журам гэж бий юу?
-Харамсалтай нь энэ талаарх хууль тогтоомж дутмаг байдаг. Урьд нь хууль байгаагүй. Бид энэ шалгалтын дараанаас уг асуудлыг зохицуулах хууль хэрэгтэй юм байна гэж үзээд Хууль зүйн яаманд хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Удахгүй батлагдах байх.

Х.Саранцэцэг: Эцэг эхчүүд хүүхдийнхээ өвчинг хүндэрсэн хойно нь ханддаг

Сэтгэцийн эмгэг судалалын үндэсний төвийн эмч Х.Саранцэцэгээс компьютер тоглоомд донтсон хүүхдүүдийн талаар тодруулга авсан юм.


-Компьютер тоглоомонд донтсон хүүхүүдэд ямар шиж тэмдэг илэрдэг юм бэ?
-Компьютер олон цагаар тоглодог энэ байдлыг төрөх үйлийн эмгэг гэж үздэг. Ийм эмгэгтэй болсон хүүхэд зан төлөвийн ямар нэгэн өөрчлөлттэй болдог. Хамгийн наад зах нь худлаа хэлэх, хулгай хийх, хичээл номдоо муудна. Энэ нь бүр даамжирвал цахим тоглоомгүйгээр байж чадахгүй болж донтох хэлбэрт шилждэг юм. Донтсон хүүхэд тухайн тоглоомд гардаг хэрцгий үйлдлүүдээ зүүдлэх, биечлэн хийж үзэхийг хүсэх гэх мэтээр хэрцгий догшин зан авир гаргадаг.
-Тоглоомонд автсан хүүхдүүд танай төвд хандаж эмчлүүлэх нь  хэр элбэг байдаг вэ?
-Ихэнхдээ хүндэрсэн хойно  нь ирдэг. Хүүхдүүд эхлээд худлаа ярих хулгай хийх, худлаа хэлэх гэх зэргээр ааш зан ихээр өөрчлөгддөг. Сүүлдээ энэ  нь ихээр илрэх үед ар гэрийхэн нь бидэнд  ханддаг юм. Хүүхдийн тань нойронд ихээхэн өөрчлөлт гарах эсвэл хар дарж зүүдлээд эхэлбэл зан үйлийн эмгэгтэй болж байгаа нь тэр. Ингээд уур уцаартай, балмад зан авиртай болно. Цаашлаад солиорно шүү дээ.
Компьютер тоглоомоос үүдэж болох аюулыг сурвалжилж мэдэх газруудаар нь ороход нэг иймэрхүү яриатай хүмүүс таарлаа. РС тоглоомын газартай холбоотой хууль тогтоомж гэж байдаггүй,  одоо л санаачилж эхэлсэн гэнэ. Тэр нь хэзээ батлагдаад хэзээнээс хэрэгжих нь бас л тодорхойгүй. Ийм байхад тоглоомын нөгөө хэдэн газартай цагдаагийн байгууллага мянга тэмцэж, түмэнтээ торгоод ч нэмэргүй биз. Энэ хооронд нөгөө тоглоомонд донтсон хүүхдийн хүрээ улам бүр тэлсээр л байна.  Миний хүүхэдтэй адилхан гэж бусдын хүүхдийг хайрлахгүйгээр мөнгө олох хэрэгсэл болгож байгаа РС тоглоомын газрынхантай хэн, хэзээ, яаж, ямар хуулийн дагуу харилцах вэ..? Нэг үгийг олон давтвал улиг болдгийн  адил бас замхраад үгүй болчихгүй л байгаасай билээ,  та минь ээ.

Б.Лхагва

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан