Жил бүрийн 10 дугаар сарын 14-нд Дэлхийн Стандартын өдөр тохиодог бөгөөд энэ өдрийг дэлхийн 164 оронд тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Олон улсын Стандартчиллын томоохон 3 байгууллагаас “Бага зардал - илүү үр дүн , Стандарт үр ашгийг нэмэгдүүлдэг” гэсэн уриаг гаргаж байгаа нь өнөөдөр дэлхий нийтэд шилдэг технологи, техник, стандартыг ашиглаж бага зардал, бага хог хаягдал гаргаж илүү үр дүнд хүрэхэд олон улсын стандарт хэрхэн сайн нөлөө үзүүлж болох вэ гэдэг дээр шийдвэр гаргачид, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн анхаарлыг хандуулж байгаагийн илрэл юм. Тэгвэл дээрх тэмдэглэлт өдрийн хүрээнд Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтран 10-р сарын 12-ний өдөр “Бага зардал - илүү үр дүн , Стандарт үр ашгийг нэмэгдүүлнэ” уриан дор төрийн болон төрийн бус байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан семинар зохион байгуулахаас гадна “Хаягдал, хаягдлыг үр дүнтэй ашиглах талаарх цаашдын зорилт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийх гэж байна. Цаашид Монгол оронд үйл ажиллагаа явуулж буй олон салбарт, тухайлбал уул уурхай, барилга, эмнэлэг, бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарах зардлыг багасгаж үр ашгийг нэмэгдүүлэх, гарч болох хог хаягдлын хэмжээг бодитойгоор бууруулах мөн нэгэнт бий болсон хаягдлыг эргүүлэн ашиглах тал дээр эрх зүйн баримт бичиг талаасаа ямар дэмжлэг хэрэгтэй байна судлаж холбогдох стандартыг үе шаттайгаар гаргахаар төлөвлөж байна.