Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Химийн үйлдвэрлэлийн салбарынхан шинэ технологийн талаар ярилцав

Үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнийг угтаж хими, химийн  технологийн эрдэмтэд, үйлдвэрлэл эрхлэгчид 2012 оны 10 дугаар сар 10-нд зөвлөгөөн зохион байгууллаа.  
ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, ШУА-ийн хими, химийн  технологийн эрдэмтэд, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын төлөөлөгчид зэрэг 25 хүн оролцсон байна.
Зөвлөгөөнд оролцогчид  химийн аж үйлдвэр Монгол Улсад хэрхэн хөгжих, ямар чиглэлийг барьж ажиллах, химийн суурь үйлдвэрийн хөгжлийн эхлэлийг тавих, хэрэглээний түвшний үйлдвэрлэлийг голлох гэх мэт асуудлуудаар санал бодлоо солилцлоо.
Тус хуралдаанаараа төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатай асуудлуудаа  тодорхойлж, өөр хоорондоо туршлага солилцож, салбарын хөгжлийн хөтөлбөр төслийг тодорхойлох ажлын хэсэг ажиллуулж, баасан гаригт асуудлаа нэгтгэж ярилцахаар болов.
Түүнчлэн хими-хими технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн сэдвийн удирдагч академич Б.Пүрэвсүрэнтэй нүүрсний органик массыг шингэн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийн өргөн боломж байгаа талаар сонирхолтой сэдэв хөндсөн юм.
Эрдэмтэд маш олон үнэтэй саналууд гаргасан бөгөөд ШУА-ийн академич Б.Амгалан эрдэс бордооны үйлдвэр, Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болж, санхүүжилт хүлээж байгаа зэрэг асуудлыг танилцууллаа. Мөн ШУА-ийн эрдэмтэн доктор   Т.Ган-Эрдэнэ эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг төр бий болгож өгөх шаардлагатай байгаа талаар санал гаргаж, нэгдсэн зөвлөгөөнд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Дэд сайд зөвлөгөөнд оролцогчдод хандаж, “Эрдэмтэд та бүхэн олон жилийн судалгааны ажлынхаа үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төслөө боловсруулж, гаргаж ирэх хэрэгтэй. Монгол улс өнөөдөр наймаа арилжаа хийдэг бус үйлдвэрлэж бүтээдэг улс болох шаардлагатай байна. Шинэ засгийн газар ийм бодлого барьж ажиллана. Энд үнэхээр хүндтэй хүмүүс, бахархмаар эрдэмтэд цугларсан байна. Та бүхний шинэ санаа, төслийг дэмжиж ажил хэрэг болгох талаар хамтарч ажиллана.” хэмээн хэлээд,   ажлын амжилт хүсч, хамтран ажиллахыг уриаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан