УМБГ-ынхан “Цэвэр агаар төсөл”-ийг хэрэгжүүлэх нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэж Баянзүрх дүүргийн зарим хорооны Засаг дарга, “Сэлбэ дулаан” компанийн захирал Н.Мөнхтогтох нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Энэ төслийг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Мянганы сорилтын сан хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төсөл хэрэгжүүлэх өртөг нь 47,5 сая ам.доллар. Гэтэл энэ мөнгөний тодорхой хувь нь хүрэх ёстой эзэддээ хүрээгүй нь цагдаагийн байгууллагынхны шалгалтаар тодорхой болжээ.
“Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд оршин сууж байгаа амьдралын төвшин доогуур ядуу өрхүүдийг монгол гэрийн дулаалга, бүрээс дээвэр, туурга гэм мэт дулаалгын хэрэгслээр хангах ёстой. Энэ төслийг хэрэгжүүлэх нэрээр зарим дүүрэг, хороонд албан тушаалтнууд хуйвалдаж, мөнгө завшсан байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга н.Атар, ХАС банк, “Сэлбэ дулаан” компанийн удирдлагуудтай хуйвалдаж төслийн хөрөнгөөс мөнгө завшсан байна. Мөнгө завшихын тулд Баянзүрх дүүргийн хороодод оршин сууж байгаа иргэдийн иргэний үнэмлэхийг тухайн хорооныхоо хэсгийн ахлагч нараар дамжуулан хураалгажээ. Хураалгасан иргэний үнэмлэхүүдээ канондож, хуурамч баримт бүрдүүлэн “Сэлбэ дулаан” компанид өгсөн гэнэ. Тус компани ХАС банкаар дамжуулж, Мянганы сорилтын сангаас их хэмжээний мөнгө авсан байна.
Мөрдөн байцаалтаар тогтоогдсон баримтаас үзвэл, одоогоор 120 гаруй иргэний үнэмлэхийг хуурамчаар ашиглаж, төслийн мөнгөнөөс 66 сая орчим төгрөг завшсан нь тодорхой болжээ. Хэргийг цаашид үргэлжлэн шалгах учир холбогдогчид болон завшсан мөнгөний тоо нэмэгдэнэ. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Батзоригийг ч энэ хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай гэдгийг Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай хэллээ. Тус дүүргийн нэг хорооны 750 гаруй иргэнээс хэрэгт холбоотойгоор мэдүүлэг, тайлбар авах юм байна. Тэгэхээр хэргийг шалгах хугацаа сунжирна гэдгийг ч хууль хяналтынхан хэлсэн юм. Мэдээж “Цэвэр агаар төсөл”-ийг зөвхөн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлээгүй. Тиймээс хууль хяналтынхан бусад дүүрэгт энэ төслийг хэрхэн, яаж хэрэгжүүлэв, төслийн хүрээнд олгох ёстой зүйлс хүрэх учиртай эзэндээ хүрсэн үү гэдгийг ч шалгахаар болоод байна.
Б.Алтан