Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оршин суугчдын байшингийн цонхыг хаасан 13 давхар барилгыг нураахаар болов

Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуульдаа тунхагласан ч нийслэлчүүд бид эрхээ эдэлж чадахгүй байгаа нь үнэн. Өдөр ирэх бүр янз бүрийн саад бэрхшээлтэй тулгарч, түүнээсээ болж эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амсч байгаа. Бүр цаашлаад эдийн засгийн гүн гүнзгий хохирол амсаж байгаа нь худал биш.
Амьдарч байгаа байшингийнх нь цонхыг таглаж барилга барих, хүүхдийн тогломын талбай, ахмадуудын амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг саравч, сүүдрэвчийг нурааж барилга барих нь өнөөдрийн Улаанбаатар хотод байдаг л үзэгдэл болж. Тэгвэл энэ бүхэндтэй эвлэрч чадахгүй гэдгээ Улаанбаатар хотын мээр Э.Бат-Үүл хэлсэн. Үүнтэй тэмцэж эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга болсоор зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуйн нэгжүүдийн барилгыг нураах хүртэл арга хэмжээ авч эхлээд буй. Үүний үргэлжлэл болгож хотын мээр өнөөдөр амралтын өдөр гэлгүй Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд очиж ажиллалаа. Тус хорооны 14 дүгээр байрны оршин суугчдын байшингийнх нь цонхыг таглаж 13 давхар барилга сүндэрлүүлжээ. Мөн машин орж гардаг байсан гарцыг таглаж байшин барьж. Үүнээс болж 14 дүгээр байрны оршин суугчид сүүлийн зургаан жил нар үзэхээ байсан байшинд амьдардаг болж. Өөрөөр хэлбэл, ямар ч зөвшөөрөл аваагүй том толгойтой “Адор пропортиз” компани энэ барилгыг барьж эхэлжээ. Барилга баригдах үед л оршин суугчид барилга бариулахгүй гэж тэмцсэн ч үр дүнд хүрч чадаагүй аж. Улмаар дүүргийн Засаг даргадаа хандсан ч “Нийслэл газраа мэддэг юм. Бид мэдэхгүй” гэж хэлж иргэд тусыг эс олсон гэнэ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр болон захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

Захиргааны хэргийн шүүхээс газар олгосон захирамжийг хүчингүй, тус барилгыг хууль бусаар барьсан гэж үзэн нураах шийдвэр гаргаж. Мөн тухайн үеийн хотын мээр ч гэсэн барилгыг нураах захирамж гаргасан байна. “Мэргэжлийн хяналтын газраас тус барилгын С блок буюу зөвхөн хоёр давхар барилгыг нураахад 40 сая төгрөг шаардлагатай” гэсэн төсөв гаргажээ. Гэсэн ч нийслэлээс мөнгө гаргахгүй, буруутай этгээдээр өөрөөр нь буулгуулна гэсээр өдий хүрчээ. Гэтэл С блок буюу хоёр давхар барилгыг нураавал цаад өндөр барилга нь нурна гэж хойрголсоор байгаа аж.

 Энэ мэт гомдол дагуулсан барилгатай танилцсан хотын мээр Э.Бат-Үүл оршин суугчдад, “Та нарын тавьсан шаардлага зүй ёсных. Орчин муудахаар хөрөнгийн үнэлгээ муудна. Тэгэхээр эдийн засгийн, эрүүл мэндийн ч хохирол амсаж байна. Энэ барилгын тухайд шүүхийн болон захирагчийн шийдвэр гарчээ. Зөвхөн хоёр давхар барилга нураахад 40 сая төгрөгийн зардал гарна гэж тооцож. Тэгвэл 13 давхар барилгыг нураахад ямар хэмжээний зардал гарах вэ гэдгийг мэргэжлийн хүмүүстэй ярилцана. Улсын орлого болгож авах арга зам байна уу гэдгийг хайж үзье. Иргэдэд үүссэн эдийн болон сэтгэл санааны хохирлыг нөхөх талын арга хэмжээ авах уу. Аль эсвэл бүүр нураах уу. Шүүх шийдвэрээ гаргаж. Бид гүйцэтгэх ажлыг нь хийнэ. Би нүдээрээ харлаа. Та нарын амьдралд ийм том хор хохирол учруулсны өмнөөс би уучлал гуйя. Нэгэнт тал талын шийдвэр гарсан болохоор хөрөнгө мөнгийг нь гаргаад буулгая. Хүйтрэхээс өмнө л буулгах арга хэмжээ авъя. Судлая гэж хойш тавиад яах вэ” гэсэн юм. Харин оршин суугчид, “Судлая гэж ярьсан төрийн албаныханд олон жил хууртлаа шүү дээ. Тиймээс та бүхэн үүнийг хүйтрэхээс өмнө буулгах арга хэмжээ авч өгөөрэй” гэж захисан юм. Барилга нураах ажлын төсвийг долоо хоногийн дотор тооцож гаргахыг Хотын дарга Э.Бат-Үүл Ерөнхий архитектор Хүрэлбаатарт үүрэг болгов.

Туйлширсан иргэд бантаж Э.Бат-Үүл даргыг чулуу хөөлгөв

Нийслэлийн барилга хот байгуулалтын хэлтсийн албан хаагчдын барилга гэж Улаанбаатар сувилалын орчимд байдаг юм байна. Түүний урд нэгэн барилга баригдаж байгаа аж. Гэтэл тэр хавийн оршин суугчдын төлөөлөл хотын даргад “манай энд барилга баригдаж. Айлын цонх таглачихлаа. Ирж үзэж, арга хэмжээ авч өгөөч” гэж хүсэлт тавьсан аж. Үүний дагуу хотын дарга Э.Бат-Үүл газар дээр нь очсон ч хууль зөрчиж, машины орох гарах гарц хааж, айлын цонхыг хаасан зүйл харагдсангүй. Оршин суугчдаас үнэхээр цонхыг нь тагласан эсэхийг тодруулахад, “Тийм зүйл байхгүй ээ. Танд хүсэлт гаргасан хүмүүс өөрсдөө ирээгүй байна” гэсэн юм.
Болохгүй, бүтэхгүй байна гэж гомдол гаргасан иргэдээс нэг нь ч хоншоороо цухуйлгаж, Э.Бат-Үүл даргад учир байдлаа хэлж чадсангүй. Нэг ёсондоо ямар ч асуудалгүй зүйлд сүр бадруулсан иргэд хэт туйлширчээ гэж дүгнэхэд хүрэв. Ийн туйлширсан иргэд бантаж, хотын даргыг чулуу хөөлгөв.






Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан