Мөнгөн ус ямар хор нөлөө үзүүлдгийг бид сайн мэдэх болоод удаж. Энд, тэндээс их хэмжээний мөнгөн ус илэрч, дуулиан болж байсан нь саяхан. Мөнгөн ус хийн төлөвтэй үедээ буюу ууршихдаа амьсгалын замаар дамжин хүний биед хуримтлагдаж тархи, биеийг хүчтэй хордуулдаг. Өнөөдөр мөнгөн усны уурыг агуулдаг нэгэн бүтээгдэхүүн хэдэн мянгаараа хог дээр хаягдаж хотын экологи, хүн амын эрүүл мэндийг хордуулж байгаа ч бид огт тоохгүй л явна. Энэ зүйл бол та бидний “өдрийн чийдэн” гэж нэрлэж сурсан эрчим хүчний хэрэглээ багатай, люминсенц чийдэн юм. Чийдэн доторх мөнгөн ус нь цахилгаан соронзон орны нөлөөгөөр хэт яагаан туяа ялгаруулж, энэ туяа нь чийдэнгийн дотрыг бүрхсэн люминфор гадаргаар дамжин гарахад гадарга нь бидэнд харагддаг гэрэл цацруулдаг.
Тэгвэл хотын хүн амын нягтрал, байшин барилгын тоо эрс нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь гарцаагүй өсч байдаг зүйл чийдэн. Ердийн чийдэн ашиглагдах хугацаа бага, эрчим хүч их хэрэглэдэг, гэрэл багатай гэж шүүмжилдэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр ердийн чийдэнгийн хэрэглээг багасган эрчим хүч хэмнэгч чийдэн буюу хар ярианд “өдрийн гэрэл”-ээр бүрэн орлуулах ажил эрчимтэй хийж байна. Манайд ч адил энэ төрлийн чийдэн маш их хэрэглэх болсон. Харамсалтай нь, чанар муутай учир удалгүй шатаж хогийн саванд ордог. Шатсан өдрийн чийдэн хэдэн мянгаараа өдөр бүр айлын хогийн савнаас хотын хогийн цэг рүү ачигдаж байдаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй.
Гэтэл энэ олон чийдэнд агуулагдаж байгаа тэр их мөнгөн усны уур хогийн цэг дээр ямар их хэмжээгээр дэгдэж байдгийг төсөөлөхөд ч бэрх. Ялангуяа, айл гэрийн хогийн саванд ороод хагарсан өдрийн чийдэнгийн мөнгөн усны хор бүр ч их. Задгай талбайд бол агааржуулалт сайн. Харин гэрт, байрны битүү орчинд хагарсан чийдэнгээс ялгарсан мөнгөн усны уур хуримтлагдан хүмүүсийг чимээгүй хордуулж эхэлнэ.
Дэлхий нийтээр энэ аюулыг мэдэхгүй байх учиргүй. Тэр тусмаа Европт. Европт энэ оноос эхлэн ердийн чийдэнгийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, 2-5 жилийн дараа гэхэд зөвхөн эрчим хүч хэмнэдэг өдрийн чийдэн хэрэглэх болсон. Гэхдээ энэ улсууд өдрийн чийдэнгийн аюулыг маш сайн мэдэж байдаг болохоор шатсан чийдэнг тусад нь цуглуулаад тусгай газар аваачин тусгай төхөөрөмжөөр дамжуулан устгаж, мөнгөн усны уурыг аюулгүй болгодог. Зөвхөн үүний дараа л чийдэнд байдаг шил, төмөр зэргийг дахин ашигладаг. Ийм төхөөрөмж Европт хангалттай олон байгаа нь ойлгомжтой. Манай хойд хөрш энэ асуудалд илүүтэй анхаарал тавих болж, өөрийн гэсэн төхөөрөмжүүдээр том хотуудаа хангаад эхэлжээ. Орост хаягдал өдрийн чийдэнгээс ялгардаг мөнгөн усны хэмжээ жилд 1,5 тоннд хүрдэг гэхээр анхаарал тавихаас ч өөр аргагүй.
Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарах болсон бид ч цаг алдалгүй ийм төхөөрөмж, үйлдвэр оруулж ирэх зайлшгүй шаардлагатай болжээ. Мөн өдрийн гэрлийг хэрхэн зөв, аюулгүй хэрэглэх талаар иргэдэд мэдээлэл өгөх, худалдаалж байгаа өдрийн чийдэнгийн чанарт илүү хатуу хяналт тавих хэрэгтэй.
Уншигч та шатсан өдрийн чийдэнг ямар ч тохиолдолд хагалж болохгүй гэдгийг тогтоож аваарай. Их болгоомжтой солих хэрэгтэй. Хагалвал орон гэртээ нэн даруй салхи оруулан агаараа цэвэрлэх нь чухал. Тэгэхгүй бол цахилгаан эрчим хүч хэмнэх гэсэн биш эрэмдэг болж магадгүй.