ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хууль зөрчсөн архи үйлдвэрлэгч нарын тусгай зөвшөөрлийг хураах, цуцлах эрх танай байгууллагад бий юү?
-Бидэнд шууд тусгай зөвшөөрлийг нь хураах эрх байхгүй. Харин эрх мэдэл бүхий байгууллагуудад нь шаардлага хүргүүлнэ.
Өмнө нь, архи, пиво үйлдвэрлэгчид хууль зөрчсөн тохиолдолд торгоод өнгөрдөг байсан. Одоо тэгж зөөлөн хандахгүй. Архи, пивоны ил болон далд сурталчилгаа явуулсан ямар ч байгууллагыг торгож болох хамгийн дээд хэмжээгээр торгоно. Энэ төрлийн сурталчилгаа замбараагаа алдлаа. Орон нутагт ч мөн ялгаагүй. Тиймээс ямар нэг байдлаар ил болон далд реклам явуулахаа болих хэрэгтэй.
-Хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?
-Тав хоногийн дараа. Энэ өдрөөс хойш хот болон хөдөө орон нутагт архи, пиво рекламдсан ямар ч самбар, сурталчилгаа олны нүдэнд харагдах ёсгүй. Тиймээс энэ өдрөөс эхлэн архи, пиво үйлдвэрлэгч компаниуд реклам сурталчилгаа хийх хэрэггүй.
-Үндэсний үйлдвэрлэгч компаниуд биднийг л нүд үзүүрлэлээ. Импортлогчдоо хянахгүй байж хэмээн гомдоллож байна шүү дээ?
-Хуулийг бүгд хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймээс дотоод, гадаадын үйлдвэр гэж ялгахгүй. Импортын бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар ирэх долоо хоногт уулзаж, холбогдох шаардлагуудаа тавина.
-Зөрчил гаргасан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр торгох нь тэдэнд юу ч биш. Зарим аж ахуйн нэгж энэ хэмжээний мөнгийг торгуульд өгнө гэж бэлдчихээд сууж байдаг гэх юм?
-Бид хуулиа мөрдөөд л ажиллаж байгаа. Хуульд торгох дээд хязгаарыг 10 сая төгрөг гэж заасан. Цаашид хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байх.