Сархад савнаасаа бусдыг дийлдэг л гэдэг. Тэгвэл харин ялагдашгүй сархадыг дарахаар төрийн тэргүүнээс авахуулаад хүн бүр дээр, дооргүй чадах чинээгээрээ тэмцэж байна. Тэмцэхээс ч өөр аргагүй нөхцөл үүсчихээд буй. Энэ сарын 1-нээс эхлэн архи, тамхины онцгой албан татвар хоёр дахин нэмэгдсэнд үйлдвэрлэгчид гонсойж, иргэд талархаж сууна. Үнэхээр зөв алхам болсон гэдэг нь тоо баримтаар нотлогдож байна. Зөвхөн эрүүлжүүлэх байраар жишээ авъя. Улсын хэмжээнд өдөрт 300 гаруй хүн эрүүл болгох байранд морилж, баяр ёслолын үеэр урилгагүй зочны тоо 400 хол давж эрүүлжүүлэх байр хүчин чадлаа хэтрүүлэн ажилладаг байж. Аргаа барахдаа эрүүлжүүлэх байрны тоог нэмэх үү, архины үйлдвэрүүдээ багасгах уу гэдэг асуудал ч хөндөгдөж байсан удаатай. Өнгөрсөн онд гэхэд эрүүлжүүлэхэд саатсан иргэд улсад 169 сая төгрөгийн орлого оруулсан байх юм.
Архи, тамхины онцгой албан татварын ачаар эрүүлжүүлэх байр хүчин чадлаа хэтрүүлэхгүй, согтуу “зочилсон” иргэдийн хувьд ч таваараа амарч байгаа гэнэ шүү. Лхагва гарагт гэхэд нийслэлд 139 иргэн эрүүжүүлэгджээ. 70-80 хүний хүчин чадалтай нийслэлийн хамгийн том эрүүлжүүлэх байр болох Сонгинохайрхан дүүрэгт хоногтоо 100-120 хүн хүлээн авдаг байсан бол өнгөрсөн долоо хоногоос 29-32 болтлоо буурчээ. Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх 35 хүний багтаамжтай гэсэн ч өдөр бүр 50-70 хүн хүлээн авдаг байсан гэдэг. Харин одоо энэ тоо 19-25 болтлоо буурсан сайхан мэдээ байна. Энэ тооноос хараад архины онцгой албан татварыг нэмэх нь цагаа олсон зөв алхам байж гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Цаашдаа Монгол орон маань улам л эрүүлжих болов уу. Энэ оны эхний хагас жилийн байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн хүний амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэг 63.2 хувь, танхайрах 54, хүчин 52.5, бусдын бие махбодод гэмтэл учруулах 36, зам тээврийн осол 24.7, дээрэм 19.7, булаах 7.7, хулгай 3.8 хувийг эзэлсэн байх юм. Одоо сүүлийн хагас жилийн тайлан гарахад хоёр сар гаруйн хугацаа үлдээд байгаа хэдий ч өмнөх онтой харьцуулахад буурсан тоо үзүүлэлттэй шинэ оныг угтах болов уу.
ХУУРАМЧ АРХИЙГ ХАЗААРЛАХ Л ҮЛДЛЭЭ
Засгийн газраас архи, тамхины онцгой албан татварыг нэмээд хэд хоногийг ардаа орхилоо. Тэгвэл энэ хугацаанд архи согтууруулах ундааны борлуулалтад хэр өөрчлөлт гарч байгаа талаар сурвалжилсан юм. Баянхошууны эцсийн дэлгүүрийн худалдагч А.Баасанхүүгээс энэ талаар тодруулахад “Үнэ нэмэгдсэн нь архины борлуултад шууд нөлөөлсөн. Манай энэ хавийнхан ихэвчлэн хямд архи л авдаг. Тухайлбал, “Тэргүүн”, “Ерөөл” гээд л. Татвар нэмэгдсэнээр энэ архинуудын үнэ 2000 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл архи бараг л худалдан авах хүнгүй болчихлоо. Манайхаас архи авдаг хүмүүс харагдахаа больсон. Тэд мэдээж архи уухаа больсон гэвэл худлаа л даа. Өөр газраас хямд архи авч ууж байгаа байх” гэв.Үүнээс харахад архины үнэ нэмэгдсэн сургаар хуурамч хямд архи худалдаанд гарсан гэх хардлага төрж байгаа юм. Иймээс олны хөлийн газар болсон “Нарантуул“ ОУХТ-д хуурамч архинд хэрхэн хяналт тавьж байгааг тандлаа. Тус захын Үйлдвэрчний эвлэлийн дарга О.Байгальмаа “Манай захад хуурамч архи, архидалт газар авсан. Нэг газар хуурамч архи үйлдвэрлээд л архины үйлдвэрүүдийн тэмдгийг наачихдаг. Иймээс архины үйлдвэрүүд энэ дээр хяналтаа чангатгах хэрэгтэй гэдгийг компанийханд нь хэлье. Ер нь, хуурамч архи хяналтгүй л байгаа” гэв. Үүнийг бас холбогдох газрууд анхааралдаа авч хяналт тавих хэрэгтэй л байх. “Архины үнэ нэмэгдсэн ч манай дэлгүүрийн борлуулалт сайн байгаа. Гол худалдан авагч нар оюутнууд. Ихэвчлэн арван мянган төгрөгт багтах л архинууд илүү эрэлттэй. Татвар өссөнөөс нэг архинд дунджаар 1500-4000 мянган төгрөг нэмэгдсэн. Миний хувьд үнэ нэмсэн нь зөв гэж бодож байна. Угаасаа жил бүрийн өдийд архи, пиво сайн зарагддаг. Оюутнуудын мөнгөтэй үе хойно“ хэмээн Сүхбаатар дүүргийн 64 дүгээр дэлгүүрийн худалдагч ярьсан юм. “Эх орны хишиг” хэсэгтээ л эрүүлжүүлэх байрыг дүүргэж байсан. Одоо харин оюутнуудын 70 мянган төгрөгийг цалин түүнийг орлох болсон гэдэг нь худлаа биш бололтой.