Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард “Тэмүүлэнбаатар” компани долоон давхар орон сууц барьж, иргэдэд худалджээ. Иргэд тухайн байрыг хууль ёсны зөвшөөрөлтэй гэж итгэн 2006 онд захиалга өгсөн аж. Гэрээнд байр эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл мөнгийг тушаахаар заажээ. Гэтэл тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг гэрчилгээгээ авах шаардлага тавьсан иргэдийн байрыг давхар борлуулжээ. Энэхүү маргаанаас болж оршин суугчид шүүхдэлцэн иргэдийн талд гарчээ.Тус байрны оршин суугчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандан биечлэн ирж, нөхцөл байдалтай танилцах хүсэл гаргажээ. Иргэдийн хүсэлтийн дагуу ч Засаг очоод учрыг олж хужрыг нь тунгааж. Тэрээр “Энэ байрны газрын зөвшөөрөл нь будлиантай. Уг нь 200 ам.метр газрыг 2007 онд үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх Б.Эрдэнэчимэгт олгосон юм билээ. Гэтэл энэ хүн өөрийн дураар 423 ам.метр болгоод орон сууц барьж борлуулжээ. Нөгөө талаар байшингийн зураг таван давхар байхаар батлагдсан. Гэтэл долоон давхар сууц барьжээ. Таван давхрын суурин дээр долоон давхрыг барина гэдэг нь та бүхэн, танай үр хүүхэд аюултай нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Компанитай бол ярих зүйл байхгүй. Харин одоо иргэдийг яаж хохироохгүй байх талаар та нартай ярилцана. Зарим компанийн хууль бус үйлдлийн гол хохирогч нь иргэд болоод байгаа. Засаг даргын хувьд иргэдийг хохироохгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр нь хангахын төлөө хариуцлагатай ажиллана” гэжээ. Байрны оршин суугчид цахилгаангүй, түүнийгээ дагаад дулаан байхгүй, хүйтэн байшинд гадуур хувцастай сууж байгаа аж. “Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг энэ байрныхаа урд талд залгаад 139 ам.метр газар эзэмших эрх авсан ч мөн л 375 ам.метр болгоод дөрвөн давхар карказ цутгаад амжжээ. Тэрбээр баригдаагүй байгаа барилгадаа урьдчилгаа нэрээр иргэдээс нэг тэрбум 97 сая төгрөг авсан талаар байр авах захиалга өгсөн иргэдийн төлөөлөл Засаг даргад хошуу нэмэрлэжээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл олгосон зөвшөөрлийг хэтрүүлж дур зоргоороо авирлаж хууль зөрчсөн “Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг, түүнийг хянаж шалгах үүрэг бүхий төрийн албан хаагч нарт хариуцлага тооцно гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдэв. Тус компанийн газар эзэмших гэрээг цуцалж, газар чөлөөлөх захирамж гаргахаар болсон юм.
Б.Эрдэнэчимэг: Хэн барилга нураах эрхтэйг тогтоолгоно
Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэрийн тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг хэвлэлийнхнийг цуглуулав. Түүний хэлснээр тус компани газрын, тог цахилгааны, техникийн нөхцөлийн гээд бүхий л зөвшөөрөлтэй гэнэ. Б.Эрдэнэчимэг “Хотын даргын хийж байгаа ажлыг үнэлж байна. Ер нь, энэ замбараагүй ажлыг цэгцлэх нь зөв. Гэхдээ компанийн харьяалалтай барилгуудын цахилгааныг таслах шийдвэр гаргаж байна. Орон сууцны захиалгын ажлуудыг бүгдийг нь зогсоосон. Манай компанийг газрын зөвшөөрөлгүй гэж олон нийтэд мэдээлсэн. Хэвлэлийн хурал дээр нь орж олон нийтэд газрын зөвшөөрөлтэй гэдгээ хэлье гэтэл Газрын албаны дарга, удирдах эрх бүхий хүмүүс “Дараа энэ асуудлыг авч уулзана” гэсэн. Тэгээд орой Н.Гантөмөр дарга өрөөндөө авч уулзаж залруулна гэж хэлсэн” гэв. Хотын мээрийн зөвшөөрөлгүй хэмээн барилга нураах шийдвэр гаргасан нь эмэгтэй хүнийг дээрэлхэж байна. Өөрийгөө нам бус, хоёр намын дунд хохирч үлдсэн гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн тус барилгыг буруутгах шалтгаан нь таван давхар барилга барина гэж зураг төслөө батлуулчихаад долоон давхар болгосонтой холбоотой. Үүнийгээ тайлбарлахдаа тухайн үед дөрөв дэх давхраа барьж байхад эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд нэмж барилга барьж болно гэж аман гэрээ маягийн юм хийсэн гэв.
“Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн асуултанд ийн хариуллаа.
-Танай барилгыг эхлүүлэх зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудын нэрийг дурдаж болох уу?
-Зөвшөөрөл өгсөн нэрсийг хэлэхэд оройтохгүй. Над шиг ингэж хэлмэгдэх хүн олон байна. Намайг барилгаа илүү гаргаж барьсан хэмээн буруутгасан. Мэргэжлийн хяналтын газрын хариуцаж байсан байцаагч нарын нэрийг энд дурдмааргүй байна. Би айж эмээж, тэднийг хаацайлж байгаа юм биш. Хамгийн гол Эрдэнэчимэгийн барилгыг нураах эсэхийг хэн шийдэх вэ. Өмнө нь , би өөрийн өмчлөлийн газарт найман нэрийн дэлгүүр ажиллуулж байсан. Миний компани ямар ч зөрчилгүй. Хөрөнгө оруулалт байхгүй ганц эмэгтэйг ард түмэнд хямдхан барилга барьж өгсний төлөө нураах гэж байна. Манайх бүх шатны зөвшөөрөл авсан. Эрх бүхий хүн нь ирээд барилгаа барь л гэсэн. Тэгээд л би барьсан.
-Эрх бүхий гэдэг нь хэн юм бэ. Аман байдлаар зөвшөөрөл өгсөн хүмүүст та авлига өгсөн юм биш үү?
-Намайг саяхан нэг хэвлэлээр авлига өгсөн гэж бичсэн. Би хэнд ч авлига өгөөгүй. Би нам бус хүн. Хууль ёсны дагуу л ажлаа хийдэг. 2008 онд ид хямралын үед байрны захиалгийн үнэ ам.метр нь 850 мянгатай байхад манайх 500-600 ам.доллараар үнэлсэн. Би маргааш шүүхэд хандана. Өөрийн өмчийн газраа тогтоолгоно. Хэн барилга нураах эрхтэйг ч мөн олно.