УИХ-ын гишүүн С.Одонтуяа өчигдөр орой Гэмтэл согогийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Иргэдээс УИХ-ын гишүүний нэр дээр хаягласан захидал олон иржээ. Захидалд, “Та орой, үдшийн цагаар Гэмтлийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаач. Нүдээрээ хараач. Эмч нар ямар хүмүүст үйлчилдэг, ямар хүмүүс гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлж байгааг үзээч” гэсэн хүсэлт олон ирж. Үүний дагуу УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан нь энэ. Биднийг 21:00 цагийн үед тус эмнэлэг рүү ороход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүлээн авахын хаалган дээр яаралтай түрэн тусламжийн машин таван минут тутамд нэг ирж байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу. Ирсэн машин бүрээс биедээ ямар нэгэн гэмтэл авсан хүмүүс буух аж. Толгойгоогоо хагалуулсан, гарынхаа сарвууг гэмтээсэн, хөлийнхөө шагайг булгалсан гэмтэлтэй хүн бол энгийн үзэгдэл аж. Барилгаас унасан, авто машины осолд орж гар хөлөө хугалсан, дотуур цус алдсан гэх гэмтэлтэй хүн энэ эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч гэж бидэнд эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулсан эмч Амгаланбаатар хэлсэн. Түүнчлэн хөдөө орон нутгаас мориноос унасан, өшиглүүлсэн хүн ирэх нь багагүй жин дарна гэнэ. Гэхдээ гэмтэж бэртээд байгаагийн гол шалтгаан архидалт. Архины халуундаа нэгнийгээ зодсон, архины шилээр толгойг нь хагалсан, согтуугаас болж хүнд зодуулсан хүн тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн тэн хагасыг эзэлдэг аж. Харин үлдсэн хувь нь автомашины осол, ахуйн ослоос үүдэлтэй байдгийг гэмтлийн эмч нар хэлсэн юм. Хамгийн харамсалтай нь эмнэлэгт хүргэгдэж ирсэн иргэдийн гуравны нэг нь заавал мэс ажилбар хийлгэх шаардлага болсон байдаг аж. Гэмтэл, бэртлийн гаралтай өвчин эмгэг эдгэрэх нь удаан байдаг учир хагалгаанд орсон өвчтөнүүдээ заавал эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай. Гэтэл ор хүрэлцэхгүйгээс өвчтөнүүд эмнэлгийн хонгилд хэвтэх нь энүүхэнд аж.
Хүйтний улирал ирж байгаа энэ үед гэмтлийн эмнэлгийн ачаалал бүр ч их нэмэгддэг аж. Гэмтлийн эмнэлгийн эмч нар хоёр ээлжээр ажилладаг бөгөөд эхний ээлж 08:00-16:00 цаг хүртэл, 16:00-08:00 хүртэл ажилладаг юм байна. Гэтэл эхний ээлжийн эмч гарч байх үед тус эмнэлэгт 85 хүн ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байв. Харин үдээс хойших ээлж эхлээд дөнгөж таван цаг болж байхад 60 гаруй хүн иржээ. Үүнээс цааш хөл тасрахгүй, шөнө дөлөөр баар, ресторон хаах үеэр ачаалал бүр ч илүү байдаг тухай хүлээн авахын эмч А.Ерелан ярьсан.
Хүлээн авахын эмч А.Ереланаас цөөн асуултад хариу авсан юм.
-Өнөөдрийн тухайд ачаалал хэр байна вэ?
-Өглөөний ээлжийн эмч нар буугаад явсан байна. Өглөөний ээлжинд 80 гаруй хүн хүлээн авахаар үйлчлүүлж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан байна. Би үдээс хойш гарч байгаа. Хоёр эмч ажиллаж байна. Тус бүртээ 30 орчим хүн хүлээн авч үзсэн байх жишээтэй.
-Иргэд ихэвчлэн гэмтэж байгаа шалтгаан нь юу байна вэ?
-Олонх нь л архи дарсны холбоотой байна. Мөн автын осол олон байна. 25 хүнээс 10 гаруй нь автын осол. Автын осолд орсон хүн хүнд гэмтэлтэй байдаг. Үүнийгээ дагаад хэвтэх хүн олон болчихдог.
-Өвөл болохоор улам л нэмэгдэх үү?
-Тэгэлгүй яахав. Халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл ихэсдэг. Иргэд гутал хувцасаа тааруулж өмсөөгүйгээс болж гэмтэх нь их байдаг.
-Хүүхдүүд гэмтэж бэртэх нь их байна гэж байсан. Энэ талаар?
-Хүүхдийн гэмтэл их байгаа. Түлэнхийн төв нүүж ирсэнээс хойг ачаалал бүр ч их болсон. Хүүхдүүд түлэгдэх их байна. Зайлшгүй хэвтэх шаардлагатай хүн байгаад байдаг ор хүрэлцэхгүй байх үе гарна. Одоо ч тийм л байдалтай байна. Тиймээс эмнэлгийн хонгилд хэвтүүлээд эмчилгээ хийж байна.
-Зайлшгүй хэвтэх хүн ирээд тасагтаа багтахгүй, хонгилдоо багтахгүй бол яах вэ. Өмнөх хүмүүсээ эмнэлгээс гаргах уу?
-Дутуу эмчилгээтэй гаргана гэж байхгүй. Хагалгаанд ороод эдгэрч байгаа, боолт хийлгэж байгаа хүмүүсээ дүүргийн эмнэлэгт нь шилжүүлдэг. Түүнээс зайлшгүй хагалгаа хийлгэх ёстой хүнээ хэзээ ч гаргахгүй.
Түлэнхийн төвийнхөн “хажуу өрөөнд” толгой хорогдож байнаНМХГ-аас Түлэхийн төвийн барилгыг ашиглах боломжгүй гэж акталсан болохоор тус төв Гэмтлийн эмнэлэгт нүүж иржээ. Үүнээс болоод Гэмтлийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн гэх. Үүнээс гадна хуучин гэмтлийн эмнэлэг нь 150 ортой байсан аж. Гэтэл Гэмтлийн эмнэлгийн 80 орчим ортой нэг тасагт багталцахгүй байгаагаа түлэхийн эмч нар хэлсэн. Байдал ч яг тийм байлаа. Нэг өрөөнд 10 ортой байрлуулж өвчтөнүүдээ хэвтүүлжээ. Гэсэн ч багтахгүй байгаа болохоор эмнэлгийн хонгилд хэвтэн эмчлүүлж байгаа хүн байсан.
Уг нь, ЭМ-ийн сайдаар ажиллаж байсан С.Ламбаа тус эмнэлгийн барилгыг барих газрын асуудлыг шийдэж өгч, барилгыг концессийн гэрээгээр хувийн компаниудаар бариулахаар болсон аж. Гэтэл барилгын ажил одоо болтол эхлээгүй байгаа гэнэ. Тэгэхээр Түлэхийн төв гэх энэ байгууллага Гэмтлийн эмнэлгийн нэг тасагт айлын хажуу өрөө хөлсөлж байгаа юм шиг гурав, дөрвөн жилийг илээнэ гэсэн үг. Энэ асуудал УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санааг зовоож байгаа нэг асуудлын нэг гэнэ. Тиймээс асуудлаар УИХ, Засгийн газарт энэ ажлыг яаравчлуулах болно гэв.
түлэгдэлтийн эмчилгээ эдийн засгийн хувьд маш их зардал гардаг аж. Түүнээс гадна эдгэрэх явц удаан байдаг учраас өвөл болох тусам ачаалал улам нэмэгдэнэ гэдгээ Түлэнхийн эмч нар өгүүлсэн. Өвлийн улиралд түлэгдэлтээс гадна, хөлдөж, осгосон хүний цуваа Түлэнхийн төв рүү цувардаг аж. Тиймээс багтаж шинэхгүй жижигхэн байранд байгаа тус эмнэлгийнхэн шинэ барилгын асуудлыг яаравчлуулж өгнө гэсэн С.Одонтуяа гишүүний амлалтыг тун таатайгаар хүлээж авав. Түүнчлэн ГСҮТ-ийн Хүлээн авахын байр болон орчин үеийн тоног төхөөрөмж авахад Франц улс 5,6 сая еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний дагуу шинэ хүлээн авахын байр баригдаад дууссан байна. Гэвч тоног төхөөрөмж авах ажил одоо хэр нь шийдэгдээгүй байгаа юм байна. Тиймээс энэ ажлыг урагшлуулах талаар анхаарах болно гэдгээ УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлж, иргэдийн болон эмч нарын хүсэлтийг өвөртөлсөн юм.
Тэрээр эмнэлэгтэй танилцаж дууссаны дараа сэтгүүлчдэд ийнн ярьсан юм. “Иргэд эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд даатгал гэж мөнгө төлдөг ч түүнээс гадна халааснаасаа маш их мөнгө төлдөг. Аймаг дүүргийн эмнэлгүүд нь гэмтлийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж чадахаа байсан. Тиймээс ганц эмнэлэгт ингэж ачаалал үүсгэж байна. Эмч, ажилчдын нийгмийн асуудал шийдэгдээгүй, орно байргүй байна. Төрөөс тэрбумтан, олигархи төрлөө гэж ярьдаг ч баян эмч гэж би хувьдаа сонсоогүй. Тиймээс бид энэ эмч нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж, үнэ цэнэтэй болгож байж өөрсдийнхөө үнэтэй амь насыг даатгах ёстой юм. Эмч нь үнэ үнэ цэнэгүй, эмнэлэг нь үнэгүй, тоног төхөөрөмж нь үнэгүй ийм байхад бид эрүүл мэндээ даатгана гэдэг хэцүү. Намайг Эрүүл мэндийн яаманд ажиллаж байхад Түлэнхийн төвийн барилгын асуудлыг Ламбаа сайд шийдэж өгсөн. Гэвч барилга нь одоо болтол баригдаагүй байна. Үүнийг яаралтай шийдэхгүй бол энэ байдлаараа гурав дөрвөн жил, магадгүй түүнээс ч удаан хугацаагаар үргэлжлэх нь. ГСҮТ-ийн хүлээн авах, сэхээн амьдруулах тасагт Францын зээлээр санхүүжүүлэх гэрээ хэлэлцээрийг УИХ-аар баталсан. Гэсэн ч тоног төхөөрөмж нийлүүлэгдээгүй байна. Бид шат шатандаа энэ ажлаа түргэвчлэх хэрэгтэй. Монгол Улс баялгаараа дэлхийд эхний 10-т ордог гэдэг ч эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгаа байдлаараа сүүлийн байрт орж байгаа. Бид улсын төсөв харах бус, мөнгө байхгүй гэж суух ёсгүй юм. Эрүүл мэндийн салбар гэдэг бол сэтгэлийнх байдаг. Тиймээс энэ эмнэлэг наанадаж сахиурын өрөөгөө тохижуулах хэрэгтэй. Үүнд төдийлэн их мөнгө орохгүй. Би цаашид бусад эмнэлгийн нөхцөл байдлыг нэг бүрчлэн үзэх болно” гэсэн юм.