Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх жил хорт утааг 93 тэрбум төгрөгөөр “сэвнэ”

Тавдугаар цахилгаан станцын шавыг тавьсан ч өнөөдөр хийсэн зүйл огт байхгүй. Арван мянган зуух тараана хэмээн ам өчиг өгсөн компаниуд талыг нь ч үйлдвэрлээгүй. Нийтийн тээвэрт яваа том оврын 400 гаруй автобусыг хийн түлшинд шилжүүлэх ажил нь 10 хүрэхгүй хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэхүү ажилд 3,5 тэрбум төсөвлөсөн ч, одоогоор 43 автобус л хийн түлш ашиглаж буй гэнэ. Харин утаагүй, бүрэн шаталттай зуухны хувьд хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн тендерт ялсан компаниуд товлосон цаг хугацаандаа нийлүүлж чадаагүй гэсэн тайлбар хийжээ.

Хүн амын эрүүл мэндэд заналхийлсэн хорт утаатай тэмцэх аян, ажиллагаа үргэл­жилсээр. Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гээд төрийн тэргүүн зарлачихсан. Иймээс утаатай тэмцэх тусгайлсан Нийслэлийн агаа­рын бохирдлыг бууруулах Үндэс­ний хороо байгуулан тэмцэж эхэлсэн байгаа. Тус хороо өчигдөр ээлжит хур­лаа хийж, ирэх оны төсөв, ули­ран одож буй онд хийж хэрэг­жүүлэхээр төлөвлөсөн ажлын­хаа үр дүнгийн талаар ярил­цав. Мөн эрчим хүчний салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хэрэгжүүлэхээр төлөв­лөсөн зүйл, Зам тээврийн яамнаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэ­лээр хэрэгжүүлж буй ажлын явц хэр байгааг сонслоо. Өнгөр­сөн онд хортой агаараа цэвэршүүлэхээр 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөж, чам­гүй их ажил амжуулахаар бол­сон байна. Гэвч өнөөдрийн байдлаар тийм ч хангалттай бус байгаа аж. Харин ирэх онд 93 тэрбум төгрөгийн ажил амжуулахаар тусган Засгийн газарт саналаа өгчээ.

Хийж хэрэгжүүлэхгэсэн өмнөх ажил нь үр дүнд хүрч амжаагүй байгаад гишүүд тун сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байлаа. Энэ мэт хариуцлагагүйн зуднаас болж энэ жил хорт утаатайгаа дахин гар барин золгож, хөл нийлүүлэн алхах нь. Ерөн­хий­дөө төлөвлөсөн аж­лыг саармагжуулан, хойш чан­гааж буй хүмүүс нь хаа бай­на гэсэн асуулт эндээс гарах. Байдаг бол тэдэнд зайлш­гүй хариуцлага тооцох ёс­той. Тэгвэл өнөөдрийн байд­лаар үүнийг нуруундаа үүрч буруутан болох хүн олдох­гүй нь бололтой. Бүгд бурууг бусад руу түлхсээр ус­наас хуурай гарахаар зүт­гэж байна. Хийн түлшинд хол­бох ажил хойшилсон нь авто­бус­ны жолооч, компанийн удирдлагуудын эсэргүүцлээс үүдэл­тэй гэв. Тэд тэсэрч дэлбэ­рэх аюултай, төрөөс авах та­таас багасч, орлого буур­на хэмээн өөрсдийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж, төрийн ажилд садаа болсон гэнэ. Үүнээс харахад ашиг орлогын төлөөх хоёр гуравхан автобус компанийн атганд төрийн бодлого орчихсон мэт. Тэд хийж, хэрэгжүүлэх дургүй байвал элэгдэж хуучирсан, хар утаа суунаглуулан, агаарын бохирдуулаад яваа тээврийн хэрэгслүүдийг нь зогсооход яагаад болохгүй гэж. Нийслэл өөрийн гэсэн компани байгуу­лан, “Уучлаарай ,танай компа­нийн машин нийтийн тээвэрт явахгүй эдэлгээний хугацаа дууссан байна. Баяртай” гэж болно. Харин хэн хэзээ ажил хэрэг болгох л таамаг төдий.

Зуух үйлдвэрлэгчид ч ялгаагүй мөнгө өгөхгүй байгаа юм чинь бид үйлдвэрлээгүй хэмээн хэлэх. Уг нь, анх тохиролцохдоо хийсэн хэм­жээ­­гээр нь хөрөнгийг нь ший­дэж өгөх гэрээ байгуулсан аж. Нэг иймэрхүү нөхцөл байдал үүсчихээд хариуцлага тооцох эзэнгүй болж. Тэгээд ч хувийн компанийг хэрхэн хатуу үгээр зэмлэж, нударганы амт үзүүлэх билээ.

Гэхдээ гаргасан амжилт байна аа. Анх агаарын бохирдлоороо дэлхийд эхний аравт жагсч, нийслэлийнхээ нэрийг хүртэл солих дөхөж байснаа бодвол өнөөдөр тавдугаарт бичигдэх болжээ. Энэ бол ахиц мөн. Үндэсний хороо ч сайн ажиллаж.

Өчигдөр болсон хурлын үеэр дээрх яриа өрнөж цаашид хэрхэх тухай гаргалгааг гаргахыг зорилоо. Хурлын үед гаргасан гишүүдийн саналыг тусгасан тогтоол үйлдэн хууль тогтоох дээд байгууллагад оруулах юм байна. Тухайлбал, Цэвэр агаар төслийг Засгийн газраас хэрэгжүүлэх 100 мянган айлын орон сууцтай уялдуулж, нийлүүлэн гэр хорооллын айлуудыг дулааны шугамд холбох, агаарын бохирдлын төлбөрийг нэмэх, нэг аймгийг хангах хэмжээний станц барих, импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэлд тавих шаардлагыг өндөр болгон бага багтаамжтай мотортойг нь татвараас чөлөөлбөл ямар вэ гэх мэт арав гаруй санал гарав.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэг “Төвийн дулаанд холбох ажил урт хугацаанд хийж гүйцэтгэх тул нэн тэргүүнд утаа үйлдвэрлэгч яндангуудыг цөөлөх хэрэгтэй. Дэд бүтцийн ажил өнөө маргаашгүй ший­дэг­­дэхгүй. Харин өнөөдөр үр хойчийн маань бие эрхтэн улам доройтож байна” гэв. Үүнийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан ч хүлээн зөвшөөрөн нэн тэргүүнд утаа гаргагчаа багас­гаад явах нь зөв. Тө­рөөс дийлэнх мөнгийг нь тө­лөөд ав гэж байгаа зуухаа авах­гүй байгаа нь иргэдийн хувьд цэвэр ухамсрын асуу­дал. Өөрийгөө болон үр хүүх­дээ хордуулж байгаагаа ойл­гох хэрэгтэй” гэж байлаа. Мөн гадаа­даас оруулж ирэх зуу­ханд 300 мянган төгрөгийн та­таас өгчихөөд дотоодын үйлд­вэр­лэгч нартаа 140 мянгыг өгөх нь шударга бус гэсэн байр сууриа ч илэрхийлэв. Иймд ирэх оноос эхлэн харь орны бизнесийг дэмжих бус дотоодын үйлдвэрлэгчдээ өөд нь татан, үйлдвэрийг нь өргөжүүлэх арга хэмжээ ава­хыг анхаарууллаа. Ерөн­хий­дөө зуух хэмээх бизнес нь өн­дөр дээд албан тушаалт­нуудын халаасыг түнтийлгэх нэг хэрэгсэл байсан гэдэг нь нууц биш. Дотооддоо үйлд­вэр­лэх бүрэн боломжтой зүй­лийг гаднаас оруулж ирэн төрөөс их хэмжээний татаас олгон иргэдэд тараасан. Үүний буруутанг ч олох ёстой мэт.

Ер нь, төр өгч чадаж байгаа бол бас авах эрхтэй гэдгийг хаа хаанаа ойлгох нь чухал.

0 Сэтгэгдэл
930000000001395=666666666 66say garui DOLLAR ene uher mongolchuud arai dendenee yamar muuhai idej handagui huurnuud ve.
930000000001395=666666666 66say garui DOLLAR ene uher mongolchuud arai dendenee yamar muuhai idej handagui huurnuud ve.
930000000001395=666666666 66say garui DOLLAR ene uher mongolchuud arai dendenee yamar muuhai idej handagui huurnuud ve.
Хөөрхий минь улаанбаатар гэж төв азийн цээжинээ утаандаа баригдсан ядаж байхад тэр утаанаас болж сая гаруй хүн уушиг гээч эд эрхтэнгээсээ салахдаа хүрээд байдаг бас л нэг бөөн мөнгө утаан дунд замхруулж хаяхнээ хайран 93 тэрбум төгрөг
Хамгийн их уншсан