Өдрөөс өдөрт сэрүүсэн гэр хорооллынхон галаа өрдөж Улаанбаатарын утаа эхлэх цаг хаяанд ирлээ. Өнгөрсөн жилийн ажлын үр дүн, өнөө жилийн зорилтын талаар “Цэвэр агаар сан”-гийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүхээс цөөн асуултад хариулт авлаа.
-Утаатай тэмцэж байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байна. Жил ирэх тусам утаа улам өтгөрлөө гэсэн шүүмжлэл бий. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Утаа яагаад буурахгүй байгааг олон талаас нь бодох хэрэгтэй. Улаанбаатар хотын утааны тухай олон жил ярьсан нь үнэн. Сүүлийн 20 орчим жил энэ талаар ярьж, арга хэмжээ авч байгаа. Агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь хүн амын нягтаршилтай холбоотой. Өнөөдрийн байдлаар гэр хороололд 180 мянга орчим өрх байгаа гэсэн судалгаа бий. Статистик мэдээгээр жилд 30 орчим мянган иргэн шилжин ирж байна. Тэд яндангийн тоог нэмж, утаа үйлдвэрлэж байгаагаас хотын агаарын бохирдол буурахгүй байна.
-Төр засгаас нэлээд анхааран ажиллаж байгаа боловч үр дүн харагдахгүй байгаа?
-Засгийн газар сүүлийн хоёр жилд л дорвитой арга хэмжээ авч эхэлсэн. Анх удаа шүү. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ, Үндэсний аюугүй байдлын зөвлөлийн хэмжээнд ярьж, нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрснийг зарлан, Агаарын бохирдлын тухай хууль гарган хэрэгжүүлж байна. Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан” байгуулагдаад нэг жил зургаан сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд бид нэлээн их ажил хийж хэрэгжүүлж байна. Гэр хорооллын 180 мянган өрхийн эхний 70 мянгынх нь зуух, гэрийн дулаалгыг солилоо. Энэ жил дахиад дээрх хэмжээний ажил хийхээр төлөвлөсөн. Боломж гарвал үлдэж буй хэсгийг ч солих санаа бий. Ер нь, энэ яриад байгаа 180 мянган өрх чинь нийт утааны 60 хувийг гаргаад байгаа юм. Иймд бохирдлоо бууруулж, цэвэр агаартай болохын тулд эхний ээлжинд зуух түлш хоёроо л анхаарах хэрэгтэй.
-Орон сууцжуулах нь хамгийн зөв шийдэл гэсэн санал гарсан?
-Урт хугацаанд хэрэгжих асуудал л даа. Үүнийг хийх ёстой гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол нь төрөөс хийж буй ажилд иргэдийн оролцоо, ногдох хариуцлага дутаж байна. Мөн бие биедээ тавих хараа хяналт сул байгаа юм.
-Энэ чинь?
-Өнөөдөр төр гэр хорооллын өрхүүдэд маш олон хөнгөлөлт эдлүүлж байгаа. Гэтэл төрөөс олгож буй ганц сарын 21 мянган төгрөгөөрөө зуух худалдаад авчихгүй л байна шүү дээ. Үр хойчоо хордуулж, бусдын өмнө үүрэг, хариуцлага хүлээхгүй байна. Энэ байдлаа иргэд ухамсарлан засмаар байна шүү дээ.
-Магадгүй хөнгөлөлт эдэлж байгаа ч түлш, зуухаа солихгүй бол ямар нэгэн хариуцлага тооцох хэрэгтэй болов уу?
-Мэдээж хэрэг зуух, түлш, татвар, цахилгааны хөнгөлөлт үзүүлээд байхад төрөөс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй бол хотоос албадан гаргах болно. Нэгэнт хэлж, яриад ойлгохгүй, гуйгаад болохгүй байгаа бол ийм арга хэмжээ авахаас өөр арга алга. Ингэхгүй бол монгол хүний эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтож, хойч үе маань өвчний уурхай болох нь. Ер нь, ийм арга хэмжээ авахгүй хаячихвал утаатай холбоотой асуудлууд гарч ирсээр л байх болно. Жил болгон хөрөнгө мөнгө төсөвлөөд, ярьдаг зүйлээ нуршсаар л байна. Өнөөдөр бие давхар арван эхийн зургаагийнх нь ураг гажигтай байгаа нь маш том асуудал шүү. Энэ бол, зөвхөн утаатай холбоотой.
-Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулахаар 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Чухам ямар ажил хийсэн юм бэ?
-Дийлэнх хувь нь эрчим хүчний ажилд зарцуулагдсан. Үүнийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооныхон л илүү мэдэж байгаа байх. Тэднээс тодруулах нь зөв болов уу.
-Энэ өвөл агаарын бохирдол тийм хэмжээгээр буурна гэсэн тооцоо бий юү. Ер нь, хэдий хэмжээгээр буурах бол?
-Нийслэлийн агаарын чанарын албанаас энэ мэдээг бидэнд гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл, өвөл ямар хэмжээний утаатай байна. Өмнө нь тийм байснаас ингэж буурсан, нэмэгдсэн гэдгийг мэдээлнэ гэсэн үг.