Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

Монгол Улсын үйлдвэр, ХАА-н сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга тан дор болон, танаар уламжлан Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газарт өргөн мэдүүлэх учир:

Мал сүргийг Гэмт Халдлагаас Хамгаалах Монголын Нийгэмлэг 1992 онд Малын хулгайн эрүүгийн нөхцөл асар хүндэрч хангай, говь, хээр тал ялгалгүй, баян ядууг харгалзахгүй, малчин өрх бүрийг хулгайн хар мөр дайрч, хонийг амьдаар нь арьсыг нь хуулж, унагатай гүү, тугалтай үнээ, ботготой ингэ зэрэг эх малыг яргалж сүргийн бүтэц эвдэрч өнчин төл буйлж, майлж, мөөрч байсан цаг дор байгуулагдан мал сүрэг хамгаалах ажлаа эхэлсэн билээ.

Боломж бүхнийг ашиглаж, аймаг сум, баг бүрд салбар байгуулж морин эргүүл санаачлан мордуулж, улс орны зүг бүрт өөрийн биеэр явж, Монголын радиод “Баян Монгол” хувийн чөлөөт студи байгуулж гавьяат нэвтрүүлэгч Гончигжавын Чулуунбат, эрдэмтэн зохиолч Галсанбалдангийн Ловор нарыг ажиллуулж зарим аймаг суманд малын хулгайч нарыг үйлдэл дээр нь цагдаа нарын хамт барьж, хутга буу, зэргээр сүрдүүлэхийг тоолгүй тэмцэн бүрэн биш тоогоор алдагдсан, хулгайлагдсан найман сая илүү малыг эздэд нь эрэн сурвалжлан олгож байсан.
Нийгэмлэгийн зүгээс радио телевизээр орон даяар асуулга нэвтрүүлэг УИХ-ын зарим гишүүдтэй удаа дараалан хийж, хууль санаачлагчдын дэмжлэг шийдлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Мал хулгайлах” гэсэн 123-р зүйл ангийг ч оруулж байсан болно. Харамсалтай нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг засан найруулах үед уг зүйл анги хасагдаж, нэгэн үе жаран хувь буураад байсан малын хулгай дахин гаарсан гэдгийг Төв аймгийн шүүхийн даргын алба олон жил хашсан /одоо Зуунмод хотод суугаа Монгол улсын гавьяат хуульч н.Раашзэвэг, Завхан аймгийн орлогч прокурор асан сэтгүүлч, хуульч Сэлээд, Сэлэнгэ аймгийн цагдаагийн удирдлагад байсан улсын гавьяат хуульч, хурандаа Эрдэнэсамбуу зэрэг олон арван хүмүүс нотолж батална. Уг нийгэмлэгийн ажлын хүрээ, цараа эх орноосоо хальж, Орос, Хятад, Дани, Япон зэрэг улсад ч үнэлэгдэж 1996 онд гэмт хэргээс сэргийлэх нийт Японы нийгэмлэгүүдийн холбоо олон улсын нэрээр ЗЭНРЭМБО, англиар “The Japan crime prevention association” гүйцэтгэх захирал Мицико Ясара нар өөрийн биеэр ирж, жип машин бэлэглэж, санхүүгийн тусламж үзүүлж байсан болно. Тус нийгэмлэг нь бэлчээрийн мал сүргийг хамгаалж байсан Чингисийн Их засаг хуулийг дагаж, тэмцэж явсан болно.
Энэ тухай хэвлэл мэдээлэл, ном шаштирт хэвлэгдсэн, гарсан нь маш олон тоотой билээ.

Эрхэм сайд, Монголын мал сүрэг, сүргийн манлай аргамаг  ажнайнуудыг алдаршуулан хүн  ардад хайрлагдах талаар олонтаа ажил сэдэж малчин зоноо баярлуулж яваа таны түүх, олон улсын хэмжээний агуулгатай “Бодлууд” номонд ч малчин эх оронч хэсэгт миний талаар анхаарч дурдсан байсан.Мал хамгаалах энэ ажлыг ямар нэг хүний заавар зөвлөлгөөнөөр биш мал сүргээ гэх монгол хүний сэтгэлийн дуудлагаар хийсэн билээ. Миний бие 50 жил сэтгүүлч хийж /1968 оноос хойш/, 50 шахам шүлэг найраг, роман, тууж, орчуулга, замын тэмдэглэлийн ном бичсэний дотор анги нам, үзэл бодол, улс төрийн тухай бага бичиж голдуу мал сүргийн сэдэвтэй зохиолууд бичсэн. Энэ зохиолын заримыг төр, нийгэм үнэлж урамшуулж байсан. Жишээ нь: 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч  П.Очирбатын зарлигаар “Эрдэнэ засгийн унага” хэмээх Сүхбаатар жанжин ба монгол морины эрдэм хүчийг гаргасан роман болон “Тоодог шандын зүлэг” гэх малчин хүний сэтгэлгээний шүлэгт төрийн соёрхол өгсөн болно. Малчны амьдрал байдал, хэл сэтгэхүйд хүрсэн олон арван шүлэг найраглал бичсэний улмаас 2009 онд МУ-ын ерөнхийлагч Намбарын Энхбаярын 245-р зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол /Диплом № 22/ хүртсэн. Өөрийн орны болон олон улсын хэмжээний малтай холбогдолтой замын тэмдэглэлүүд тууривсаны учир Нацагийн Багабандийн 192-р зарлигаар 1998 онд Сүхбаатарын одон /Үнэмлэх № 3080/ авсан болно. 2006 онд Засгийн газрын шагнал, Хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан, 2000 онд мал сүрэг хамгаалахад амжилттай ажилласны учир Хууль Зүйн Яамны тэргүүний ажилтан /Үнэмлэх № 312/ тэмдэг.
Мөн залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөнөөр малчин залуусын тухай “Сүүтэй чулуу” роман бичсэний тул Эвлэлийн нэрэмжит шагнал зэргийг хүртсэн. 1971 онд Ардын хувьсгалын ойн баяраар Сүхбаатарын морьт цэргийн талаар радио цуврал нэвтрүүлэг хийсний учир “Хөдөлмөрийн хүндэт медаль” авсан юм. 2010 онд монголын зүүн аймгуудад мал, малчин хоёрын талаар биеэрээ явж тусгаар тогтнол, мал хайрлах талаар үр бүтээлтэй ажилласан тул “То ван нийгэмлэг” Халхын хэцүү хэрсүү “То вангийн оюун билгийн соёрхол” алтан медалийг олгосон. н.Раднаарагчааг ХААЯ-ны сайд бүхий цаг дор О.Дашбалбар бид хоёр тус яаманд ажиллахын зэрэгцээ малчдын амьдралын сэдэвтэй зохиол олныг хэвлүүлсэн билээ.

2011-2012 онд ХХААХҮЯ-тай ажпын санамж боловсруулж тус яамны ажилтан Пунцагдоржийн Ганхуяг, мэргэжилтэн Ямааранзын Аптангэрэл зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн үүднээс харилцаж ирсэн болно.
Төр, нийгмийн үүрэгт ажлаа бололцоо нөхцлөөрөө олон арван жил үлгэртэй журамтай хийж, түүний зэрэгцээ ард түмний амьдралын баталгаа сэтгэл зүрх болсон мал хамгаалах ажпыг нэгэн үед сайтар жигдрүүлж яваад элэгний хатуурал, уушигны сүрьеэ, нойргүйдэл, чихрийн шижин, харшил зэрэг өвчинд өөрийн амьдрал зуршлын буруугаас болон өртөөд уг ажил 7-8 жил завсардаж тасарсан боловч, бие сэтгэл оюун ухаан эрүүл болуут уг ажпыг олны хүсэлтээр дахин шинэчлэн сэргээж бага биш зүйлийг сэдэж бүтээж байна. Завхан, Баянхонгор, Дорнод, Булган зэрэг аймгуудад салбаруудын биеэрээ явж сэргээн зохион байгуулсан болно.

2013 оноос өмнө бүх аймаг сумуудад салбар байгуулна. Ардчилсан чөлөөт ТV-5 телевиз, ЕТV телевиз, Монголын Үндэсний радио, Ардчилал сонин зэрэг хэвлэлийн газруудтай хамтын ажиллагаатай явж байна. Мөн өнгөрсөн 2011 оны эхнээс газар тариалан, мал аж ахуй гэдэг улс төржихөөс хол сонин тусгай хүнээр эрхлүүлж хэдэн мянга хэвлүүлсэн болно.Одоогийн байдлаар малын хулгай, айхавтар газар авч хулгайч нарын сүлжээ, зохион байгуулалтад орж, олон дамжлаг нууц бүлэглэлүүд ажиллаж адуу малыг билчээрт нь галт зэвсэг хэрэглэж, хүй хүйгээр яраглан махлах, олзыг олох амархан арга нь бэлчээрийн мал хулгайлах болоод байна. Энэ бусармаг үйлдэл ажиллагааны үед ардчилсан нам сонгуульд ялж, үндэсний мөрийн хөтөлбөртөө ч малын хулгайтай тэмцэх асуудлын хүрээнд байнгын ажиллагаатай цахим сүлжээ, лавлах утас ажиллуулж, үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ гэж заажээ. Энэ нь хойшлуулшгүй, цагаа олсон, малчин түмний эрэлт болсон заалтыг ажил хэрэг болгоход мал сүргийг Гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг бүхий л бололцоо хүч, сэтгэл бодлоо дайчлана.

Манай нийгэмлэг төсвөөс мөнгө авдаггүй, санхүүгийн хувьд ядмагийг харгалзан Монгол Улсын  Ерөнхий сайд Норовын Алтанхуяг тэргүүтэй шинэчлэлийн Засгийн газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам санхүүгийн боломж олгож малын хулгай ихтэй аймаг сумдад очиж ажиллах бензин шатахуун гаргаж бидний олон жил ажиллаж амжилтад хүрсэн туршлагад итгэн соёрхож, Засгийн газрын шинэчлэл багт багтаан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд ажиллах өрөө тасалгаа өгч дэмжиж туслана уу гэдгийг сайд Х.Баттулга танд болон танаар уламжлан Засгийн газар дор хүргэх гэж энэ өргөдөл сэдвийг өргөн барьж байна.
Хариуцсан ажил, хийсэн, явсан бүгдээ сар өдөртэй нь тус яаманд илтгэх хуудсаар хүргүүлж, дүгнэлтийг авч, санаа сургамжийг нь  тусган ажиллаж тэмцэхээ товчлон тодорхойлон дурдаж хичээнгүйлэн ёсолсон:

МУ-ын төрийн соёрхолт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, Мал сүргийг Гэмт халдлагаас Хамгаалах Монголын Нийгэмлэгийн тэргүүн Зундуйн Дорж
Утас: 91182084

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан