Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорь гаруйхан хоног үлдлээ шүү дээ


Баатар даргын даацтай шийдвэр гарснаас хойш аль хэдийнэ сарын хугацаа өнгөрчихөж.  Өглөө, үдэшгүй автобус, троллейбус  хотын гудамжны нэгдүгээр эгнээгээр салхи татуулан сүнгэнэлдэж зорчигчид ч сургууль, цэцэрлэг, ажлаасаа хоцрохгүй цагтаа бүхнийг амжуулж байгаа нь хэн хүнд тааламжтай. Нэгдүгээр эгнээнд орох эрхээ хасуулсан автомашинуудын хувьд ч нэг их түгжирч гацахгүй байгаа л болов уу.  Иргэд болон  жолооч нарын хувьд ч ам сайтай л байх юм.
Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зурган дээрх шиг үл бүтэх нөхдүүд бас байна аа. Ганц өдрийн ажлаа такси, нийтийн тээврийн хэрэгслээр хөл дүүжлээд зохицуулах ухамсар тэдэнд  алга бололтой. Машины дугаараа сольж буй нөхдүүдэд сануулахад одоо хорь гаруйхан хоног үлдлээ шүү дээ.  Замын цагдаагийн газраас  энэ төрлийн зөрчил гаргасан хэчнээн жолооч байгааг сонирхлоо.  Улсын дугаар сольж зүүсэн 31 зөрчлийг илрүүлж таван жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 26 жолоочийг 240 мянган төгрөгөөр торгосон гэв.

Мэдээж хэрэг энэ нь тийм ч хангалттай тоо биш. Баригдсан нь энэ болохоос үл мэдэгдэгчид лавтай үүнээс илүү л болов уу. Хоёрхон сарын хязгаарлалтыг тэвчихгүй байгааг нь харахаар цаашдаа хэдэн арван жилээр нь ингээд номерын “солиулчихмаар” ч юм шиг. Үүнээс гадна хязгаарлалт тогтоосон замын хэсэг болон хориглосон дугаартай автомашин жолоод­сон 6999  зөрчлийг илрүүлж 34.5 сая төгрөгөөр  торгожээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний нийтийн тээврийн автобус, троллейбус явах хязгаарлалт тогтоосон замын хэсэгт нэгдүгээр эгнээгээр зорчсон 8170 зөрчил илрүүлж 40 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Дугаарын хязгаарлалтын хувьд ч нааштай статистик байх юм. Улаанбаатар  хотод  нийт  307.784 автомашин  бүрт­­гэлтэй  байдаг аж.

Төгсгөлийн  орноор ангилвал:
1-ээр төгссөн 29931 автомашин буюу 9,7%
2-оор төгссөн 30088 автомашин буюу 9,7%
3-аар төгссөн 30182 автомашин буюу 9,8%
4-оор төгссөн 29979 автомашин буюу9,7%
5-аар төгссөн 30832 автомашин буюу 10%
6-аар төгссөн 30515 автомашин буюу 9,9%
7-оор төгссөн 30344 автомашин буюу 9,8%
8-аар төгссөн 32199 автомашин буюу 10,5%
9-өөр төгссөн 32113 автомашин буюу 10,4%
0-оор төгссөн 31543 автомашин буюу 10,2%

Үүнээс харахад өдөрт 60 мянган орчим автомашин хөдөлгөөнд оролцохгүй байгаа нь хангалттай хяз­гаарлалт. Замын цагдаа­гийн газраас нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр явдаг Зүүн дөрвөн зам гэсэн хязгаарлалтыг  Офицеруудын ордон, баруун чиглэлд нэгдүгээр хорооллын Саппорогийн тойрог хүрч байсныг Таван шарын уулзвар хүргэх санал оруулжээ. Бүсийн хүрээг тэлэх эсэхийг аравдугаар сарын 25-нд болох  НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Нийслэлийн гудамжинд өдөр бүр Замын цагдаагийн газрын 350  албан хаагч уртасгасан цагаар ажил, амралтын өдрүүдийн алинд ч 15 цаг ажиллаж байгаа. Замын цагдаа нарын хэт ачаалалтай байгаа тул Нийслэлийн Засаг даргын дэргэд замын хөдөлгөөнийг зохицуулах 120 алба хаагчтай гэрээт алба бий болгох саналыг Замын цагдаагийн газраас тавьжээ. Энэхүү саналыг судалж үз хэмээн хотын дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан