Энэ өдөр духанд нь үрчлээ сууж, үсэнд нь буурал сор татсан залуу нас , халуун цусаа эх орон, үр хүүхдүүдийнхээ төлөө зориулсан ахмадуудын олон улсын эрхийг хамгаалах өдөр. Эргэн тойронд өнгө өнгийн хувцас алаглуулж гоё, содон гангараа зүүн дуу хуур болно. Зарим нь цэргийн хувцсаар ч гангарсан харагдана. Тэд бүгдийн нүүрэнд баярын мишээл тодорчээ. Эрүүл мэндийн яам, Геронтлогийн үндэсний төв хамтран “Урт нас ирээдүйг тодорхойлно“ өдөрлөгийг Спортын ордонд зохион байгуулж байгаа нь энэ. Өдөр бүр энэ хүү, тэр охин минь яаж байгаа бол, тэтгэврийн хэдээрээ сүүгээ авах уу, түлээгээ бэлдэх үү хэмээн толгойгоо гашилгаж суудаг тэдний хувьд ганц өдөр ч гэсэн спорт, урлагаар амьсгалж үеийнхэнтэйгээ хууч хөөрөн суух нь жаахан ч гэсэн сэтгэлийг нь тэнийлгэж байлаа.
Иймээс ч 5000 гаруй хүний багтаамжтай Спортын төв ордон дүүрчээ. Өдөрлөгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож өндөр настнуудад эрүүл энх байж, арвин мэдлэг туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн, урт удаан наслахыг хүсэн ерөөж эрүүл иргэн гэдэг улс орны хамгийн эрхэм баялаг байдгийг онцлоод ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” хөтөлбөр боловсруулан эхлүүлж байгааг дуулгасан юм.
Баярт дүүрэг бүрээс ирсэн ахмадын төлөөлөл урлагийн тоглолтоо сонирхуулж, 3500 гаруй ахмад нийлж монголд анх удаа хийн дасгал үзүүллээ.
Мөн Улаанбаатар төмөр замын чуулгын ахмадууд ардын бүжгийг орчин үеийн бүжигтэй хослуулсан үзүүлбэр үзэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн юм.
Ер нь, ахмадуудыг олноор хамруулсан дээрхтэй ижил спорт, урлагийн тоглолтыг тэр бүр зохион байгуулдаггүй учир энэ удаад азай буурлууд маань нэлээд идэвхтэй оролцож байгаа харагдсан. Харин өнөөдрийн байдлаар тэдэнд тулгараад буй хамгийн бэрхшээлтэй асуудал бол эмнэлгийн хүртээмж. Эмнэлгийн хүрэлцээ муугаас өндөр настангууд тэр бүр үйлчлүүлээд байж чадахгүй байгаа нь ч нууц биш.
Тэгвэл 2006 онд Геронтлогийн үндэсний төв байгуулагдаж ахмадуудад зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, аэробик дасгалаар хичээллэх ажил зохион байгуулж ирснээ холбогдох албаныхан дуулгаж байсан.
Мөн өрхийн эмнэлгүүдийн дунд настанд ээлтэй тусламж үйлчилгээг сүүлийн таван жилийн турш хийж иржээ.
Харин цаашдаа өрхийн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд ахмадуудад ээлтэй тусламж үйлчилгээ нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.
Монголд эдүгээ “толгойн өвчин” болсон асуудал бол дундаж наслалт. Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад манай орны иргэдийн дундаж наслалт хамаагүй бага. Тухайлбал, 2010 онд эрэгтэй 64.9, эмэгтэй 72.3 насалдаг судалгаа гарчээ.
Энэ нь хөдөлгөөн, эрүүл хооллолт, цаг уурын нөхцөлөөс шалтгаалж буй аж. Иймд дундаж наслалтыг уртасгахын тулд дээрхтэй адил арга хэмжээг жилд ганц удаа биш дүүрэг хороо бүрт зохион байгуулж байх саналыг ахмадууд өдөрлөгийн үеэр тавьж байлаа.