Өмнөговь аймгийн Баяндалай сумын Хөх толгой гэдэг газар намаржиж буй малчин Б.Отгонтулгын гэрийг хэд хоногийн өмнө согтуугаар жолоо барьж явсан Б.Алтангэрэл гэгч дайрч гурван эмэгтэй, нэг хүүхдийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Орон нутгийн цагдаагийн байгууллага эл хэргийг шалгаж байна. “Б.Алтангэрэл нь Австралийн хөрөнгө оруулалттай “Терра Энержи” компанийн ажилтан. Тиймээс тус компанийнхан хэргээс мултлах оролдлого хийж байна” гэсэн мэдээлэл түгэж буй.
“Терра Энержи” компанийн гүйцэтгэх захирал Т.Цогтоос энэ талаар тодруулга авлаа.
-Өмнөговь аймгийн Баяндалай суманд согтуугаар машин жолоодож яваад айлын гэр дайрч дөрвөн хүний аминд хүрсэн Б.Алтангэрэлийг танай компанийн ажилтан гэх юм. Энэ үнэн үү?
-Юуны өмнө аймшигт ослын улмаас амиа алдсан талийгаачдын ар гэр, найз нөхөд, төрөл саданд нь хувиасаа болон компанийнхаа хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. “Терра Энержи” компанийн ажилтан энэ ослыг гаргасан мэтээр худал мэдээлэл түгэж байгаад харамсч байна. Тэр Б.Алтангэрэл гэж хүн манай компанид ажилладаггүй. Түүний жолоодож явсан машин нь ч манайд хамааралгүй. Б.Алтангэрэл бол “Поларис” компанид ажилладаг. Машин нь ч тус компанийнх. Харин манайх “Поларис” компанитай ажил гүйцэтгүүлэх гэрээтэй байсан.
-Ямар ажил гүйцэтгүүлэхээр хэзээ гэрээ хийсэн юм бэ?
-“Поларис” компани Өмнөговь аймгийн Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн геологичдоор компанийнхаа геологичдод барууны улс орнуудын стандартаар ашигт малтмалын дээж хэрхэн гаргаж авах талаар сургалт явуулах тухай гэрээг энэ оны долдугаар сард байгуулсан л даа. Гэрээний хугацаа тэр аймшигт осол болохоос өмнө буюу есдүгээр сарын 12-нд дууссан байсан. Тэгээд ч бид туслан гүйцэтгэгч нараа хэн гэдэг, ямар байдалтай явж байна вэ гэдгийг хянадаггүй. Тийм боломж ч байдаггүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор үнэн мөнийг нь тогтооно байх.
-Танай компанийнхныг осол болсны дараа талийгаачдын ар гэрийнхэнд мөнгө өгсөн тухай ч мэдээлэл байна. Энэ тухайд...?
-Талийгаачдын буяны ажилд зориулаасай гэж компанийн зүгээс дөрвөн сая төгрөг хандив болгож өгсөн. Гэхдээ тэрийгээ Засаг даргаар нь дамжуулж өгсөн. Бидний өгсөн мөнгийг авахгүй гэсэн асуудал гарсан байж магадгүй.
-Осол болсноос хойш “Поларис” компанийн удирдлагуудтай уулзсан уу?
-Уулзаагүй. Хууль хяналтын байгууллага энэ компанийнхныг шалгаж байгаа байх.
-Хэргийг шалгаж байгаа цагдаагийн байгууллагаас танай компанийнхнаас мэдүүлэг, мэдээлэл авсан уу?
-Тэгэлгүй яахав. Манайх 22 ажилтантай. Гурав нь гадаадын иргэн. Ажилчдын маань тал нь орон нутагт ажиллаж байгаа. Орон нутгийн цагдаагийн байгууллага тэднээс байцаалт авсан гэсэн.
-Танай компанийг нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулаас нүүрс олборлож, байгаль орчин сүйтгэж байгаа гэсэн. Ингэхэд хэзээнээс Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид бүх л хууль дүрмийг чанд мөрдөж, хуулийн хүрээнд ажиллах бодлого баримталдаг. Одоогоор олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Холбогдох зөвшөөрлийн дагуу нүүрсний хайгуул хийж байгаа. Орон нутгаас ч бидэнд маш их шаардлага тавьдаг. Туслан гүйцэтгэгч нараа буруу сонгосноос орон нутгийн удирдлагад зэмлүүлэх, торгуулийн арга хэмжээ авахуулах асуудал гардаг. Ерөнхийдөө Өмнөговь аймгийн Ноён сумын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж идэвхтэй ажиллаж байна.