“Атибус” компанийн “Гачуурт-Халдварт”-ын чиглэлд явдаг том оврын автобус өчигдөр Гачууртын эцсийн буудлын ойролцоох гүүрэн дээр осолджээ. 10 хүн зорчиж явснаас долоо нь хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Осол гарахад техникийн ямар нэгэн нөлөө байгаагүй гэнэ. Харин жолоочийн согтолтын төвшинг тогтооход 12,4 хувьтай гарчээ. Гэхдээ түүний хэлснээр өөрөө жолоо барьж яваагүй. Жолоо барьж явсан хүн нь автобусыг замын хажуу руу онхолдуулаад зугтчихсан гэнэ. Одоо түүнийг цагдаагийн байгууллага, компанитай хамтран эрэн сурвалжилж байгаа аж. Уг этгээд нь мөн тус компанид ажилладаг бөгөөд өмнө нь бас зөрчил гаргачихаад ор сураггүй байсан нэгэн.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн замын ачааллыг бууруулах ажил хэрэгжээд үндсэндээ сарын хугацаа өнгөрлөө. Олон нийт үүнийг дэмжиж, тодорхой үр дүн ч ажиглагдаж байгаа. Тухайлбал, төв зам дагуу нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн автобус явуулахаар болсон. Ингэсний ачаар автобус хамгийн хурдан унаа болж, хүмүүст таалагдаад байхаар нь Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл явдаг байсныг нь Саппорогийн аюулгүйн тойрог хүртэл болгож сунгаад буй. Иргэд таксинаас илүү нийтийн тээврийг сонгох боллоо. Тэгээд дээрээс нь төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчдог болгосноор үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Хотын захирагчийн тушаал гарахаас өмнө 760 том оврын автобус үйлчилгээнд явдаг байсан бол одоо 890 болсон байна. Гэтэл хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр автобусны тоо нэмэгдсэнээр жолооч нар хүрэлцэхгүй болжээ.
Автобусны жолоочоор “Б” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, гурваас дээш жил жолоо барьсан, 21 нас хүрсэн хүн сонгодог юм байна. Харин энэ шалгуурт тэнцэж байгаа хүмүүс нь гол төлөв “микро”-ны жолооч байдаг нь хэнд ч нууц биш. Хотын замыг өөрсдийнхөө өрсөлдөөний талбар болгосон тэднийг яаж шуу жолоо мушгидгийг бүгд мэднэ. Гэтэл автобусны жолооч болчихоод хуучин зангаа хаядаггүй гэж цахим ертөнцөд хүмүүс санал бодлоо бичицгээх юм. Уг нь, үйлчилгээнд гарахаас нь өмнө бас 14 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамруулдаг гэнэ билээ. Гэхдээ тэр сургалтад нь мэргэжлийн хариуцлагын тухайд юу ч заадаггүй бололтой. Замын хөдөлгөөний удирдах төвийн камерт бичигдсэн зөрчлүүдийг ажиглахад 20 орчим хувийг нь нийтийн тээврийнхэн эзэлдэг гэнэ.
Энэ нь автобусны жолооч нарт тавих хяналт, шалгалтыг чангатгах, цаашлаад нийтийн тээврийн компаниудад хатуу шаардлага тавих хэрэгтэй гэдгийг баталлаа. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 23 байгууллага бий. Эднээс “Цахилгаан тээвэр”, Автобус I,II,III гээд ердөө дөрөвхөн нь нийслэлийн өмчид буй. Энэ олон хувийн компанийг эмх цэгцэнд оруулж, жолооч нарыг нь шалгалтад оруулах цаг иржээ. Осолдсон автобусны жолоочийн хувьд хэдийгээр өөрөө жолоо бариагүй ч дур мэдэн жолоо шилжүүлсэн учраас эрүүгийн хариуцлагаас мултрахгүй. Гэсэн ч энэ мэтээр зорчигчдыг хохироогоод байж боломгүй юм. Автобус компаниудыг жолооч нартаа тавих хяналтаа сайжруулахыг шаардах нь зүйтэй. Согтуу жолооч үйлчилгээнд гарч, хэнд ч хамаагүй жолоо шилжүүлдэг энэ байдлыг арилгахгүй бол цаашдаа хүний амь эрсдэхийг үгүй гэх газаргүй.
Монголын төмөр зам машинистуудаа өдөр бүр эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Нисэхийн компаниуд ч гэсэн нислэгт гарахаас нь өмнө нисгэгчийнхээ эрүүл мэндийг шалгаж байж нислэг үйлдэх зөвшөөрөл өгдөг. Үндсэндээ автобусны жолооч ч мөн олон хүний амь насыг дааж яваа хүний хувьд ийм үзлэгт хамруулдаг байх ёстой. Аргаа барахад л согтуу эсэхийг нь тодорхойлж, даралтыг нь хэмждэг баймаар. Тэд чинь өндөр ачаалалтай ажилладаг улс учраас ажлаа хийж яваад гэнэт эрүүл мэнд нь муудвал олон хүний амь насыг эрсдэлд оруулна. Тиймээс ийм системд шилжихийг ч цаг үе шаардаж байна. Тэгээд ч зорчигчдынхоо аюулгүйн баталгааг хангаагүй байж “нийтийн тээврээр зорч” гэж тулгаад байх нь зөв гэж үү.