ЭМШУИС-ийн багш, анагаах ухааны доктор, Хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбаттай ярилцлаа. Тэрээр сүүлийн үеийн гадаадын олон оронд дэлгэрээд байгаа эвтаназигийн талаар судалгааны ажил хийж буй юм.-Юуны өмнө манай уншигчдад эвтаназигийн талаархи ойлголтыг энгийн үгээр тайлбарлаж хэлж өгөхгүй юү?
-Эвтанази нь эдгэршгүй хүнд өвчтэй хүнийг биеийн болоод сэтгэлийн тэсвэрлэшгүй их зовлон шаналалаас ангижруулахын тулд түүний үхлийн процессыг эмнэлгийн аргаар түргэсгэж буй үйл ажиллагаа юм л даа. Дэлхийн олон оронд эвтаназийн талаар хууль гаргаад түүнийхээ дагуу ажиллаж байна. Харин манайд үүнийг хүн амины хэрэг гэж зүйлчилдэг. Тэгэхээр миний судалгааны ажлын чиглэл нь Монголын нөхцөлд эвтаназийг хуульчлан батлах боломжийг л нээх юм.
-Манайд заавал ийм хууль гарах шаардлага бий гэж үү?
-Уг нь, эвтанази гэж хэний ч мэдэхгүй зүйл биш шүү дээ. Манайд аль дээрээс байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Жирийн малчин айл жилд дунджаар арав гаруй удаа нутаг бэлчээр, ус, улирлын байдлаа дагаж нүүдэллэдэг байсан. Энэ их нүүдлийн ая даахааргүй өндөр настай хөгшин хүн нь ах дүү хамаатан садандаа тээг болохгүй гэсэндээ өөрийн хүслээр ам барих ёсыг үйлдүүлдэг байж. Одоогоор манайд хорт хавдрын шалтгаант нас баралтын төвшин 10000 эрэгтэйд 14.99, 10000 эмэгтэйд 11.14 ногдож байгаагаас хорт хавдартай хүмүүсийн 79.1 хувь нь өвчнийхөө III, IV шатандаа орсон үедээ оношлогддог. Ийнхүү хорт хавдрын улмаас нас барсан хүмүүсийн 61.4 хувь нь анх оношлогдсоноосоо хойш нэг жил хүртэлх хугацаанд амьдарсан байдаг. Бас 1990-ээд оноос хойш хавдраас болсон нас баралт манайд тогтмол хоёрдугаар байрт явж байна. Хорт хавдар нэгэнт төгсгөлийн шатандаа орсон л бол эмчлэгддэггүй. Ийм хүмүүс өөрсдөө эвтаназийн хүсэлтээ тавьдаг. Тийм болохоор эвтанази амьдрал дээр байдаг л зүйл. Гэхдээ энэ талаар эмч нар ар гэрийхэнд нь мэдээлэл өгдөггүй л дээ. Эрүүгийн хуулиар хүн амины хэрэг гээд заасан болохоор аль аль талаа бодоод нууцалдаг байх. Хэрэв үүнийг хуульчилбал далд гэмт хэргийн тоо цөөрөх сайн талтай.
-Эвтаназийг хуулиар зохицуулахад харшилж буй зүйл нь юу вэ?
-Хэрэв Эвтаназийн тухай хууль гаргавал Эрүүгийн болоод Эрүүл мэндийн салбарын хуультай зөрчилдөнө. Эрүүл мэндийн салбарын хууль бусад актаар бол өвчтөн эмчилгээнээс татгалзах эрхтэй. Үүнийгээ баталгаажуулж эмчилгээнээс татгалзах хуудсанд гарын үсэг зурдаг. Гэтэл Эрүүгийн хуулиар болон дээд шүүхийн тайлбар ёсоор ингэхийг зөвшөөрдөггүй юм.
-Тэгэхээр хуулиудын утга хоорондоо зөрчилдөж байгаа байх нь ээ?
-Тийм ээ. Эмч эвтаназийг гүйцэтгэх тохиолдолд эмнэлгийн эрх зүйн үүднээс нээлттэй. Харин Эрүүгийн эрх зүйн үүднээс хориглосон байгаа биз дээ.
-Хэрэв өвчтөн өөрөө ухаангүй, эмчилгээгүй болсон байлаа гэхэд хэн нэгэн тэр хүний өмнөөс эвтаназийн хүсэлт гаргаж болдог юм болов уу?
-Гэр бүлийнхэн нь ярилцаж шийдээд баталгаа гаргасны эцэст болно. Ер нь, эвтаназийг хуулиар зохицуулсан орнууд ч гэсэн энэ маягаар л ажилладаг.
-Гадаадын олон оронд эвтаназийг хуульчилаад хүлээн зөвшөөрсөн гэсэн. Тэгэхээр тэдгээр орны чиг хандлага ямар байдаг юм бол?
-Голланд, Бельги, Люксембургийн вант улс нь дэлхий дээр идэвхтэй эвтаназийг албан ёсоор зөвшөөрсөн гурван орон болоод байна. Харин Европын бусад орон болох Швейцарь, Франц, Германд идэвхгүй эвтаназийг хуульчилсан байдаг. Эдгээрээс Швейцарьт сүүлийн үед “үхлийн жуулчлалын” урсгал ихсэх хандлагатай болсон учраас Эвтаназийн хууль зүйн зохицуулалтыг чангатгах арга хэмжээ авч эхэлж байгаа. Ерөнхийдөө 1998 оноос хойш гадаадын орнуудад энэ талаар хууль гарч хэрэгжсэн байдаг. Сүүлийн жилүүдэд эвтанази хийлгэх өвчтөний тоо өссөн.