Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвлөлтийн галавын цэцэрлэг

Зөвлөлт засгийн эрин үе гэхээр одоогийн залуус бараг мэдэхгүй шахуу. Алхам тутам бүр буржгар үстэй Володя, халзан толгойтой Ленин, сахалтай Сталины хөшөө таарна. Маркс гэдэг агуу сэтгэгч байсан юм гэхийн оронд Карл бас Маркс гэдэг хоёр хүн гэж хэлээд шоронд явдаг байсан гэхээр өнөөдөр хүүхэд залуус итгэхгүй. Гэвч энэ бол түүхэн үнэн. Энэ мэтээр бүгд л адил зовж зүдэрч байсан атал Зөвлөлттэй холбоотой өнгөрсөн үедээ хандах хандлага өөр.
Литв, Латви, Эстони улс Зөвлөлтийн “энхрий тэврэлт”-ээс мултарсан даруйд Зөвлөлттэй холбоотой бүх хөшөө, дурсгалаа буулгасан гэдэг. Энэ эрчиндээ нацист Германаас Европыг бүхэлд нь чөлөөлсөн Зөвлөлтийн цэргийн хөшөөг зайлуулж, дэлхийн нийтийг хамарсан дуулиан дэгдээж, үүнд нь ОХУ ихэд дургүйцэж байсныг та лав санаж байгаа биз. Ер нь, хуучин социалист системд багтаж байсан орнуудад хуучин Зөвлөлтийн үеийн давамгайллын үеийг санагдуулсан дийлэнх хөшөө, дурсгалыг устгах, байрыг нь солих, зөөх арга хэмжээ авсан байдаг. Бүгд л гэнэт Зөвлөлтийн цэргийг Гитлерийнхтэй адил түрэмгийлэгч гэж үзэн ядах болсон. Манайх ч энэ дуулианыг тойроогүй. Сая хүрэхгүй хүнтэй атлаа хамаг байдгаа өргөн байж байгуулан дэлхийн гол дайсныг дарахад хувь нэмрээ оруулсан “Хувьсгалт Монгол” танкийн хороонд зориулсан хөшөөгөө гадаадын жуулчид ирэх замд өөдөөс нь буу шагайгаад аялал жуулчлалын менежментэд муугаар нөлөөлөөд байна гээд зөөчихсөн. Гэтэл Зөвлөлтийн Коммунист нам 1937 онд Монголд, 1940 онд Катыньд, 1956 онд Унгарт, 1968 онд Прагад юу хийлгүүлж байснаас үл хамаараад Зөвлөлтийн эгэл цэрэг Дэлхийн хоёрдугаар дайнд Холбоотны цэргийн хүчин Гитлерийн Герман, эзэнт хаант Японыг ялахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн үнэн. Иймдээ ч дайны гол буруутан гэгддэг Герман улс Зөвлөлтийн цэргүүдийн нэг ч хөшөөг устгаагүй, зөөгөөгүй. Харин Ленин, Сталин нарыг элдэв янзаар дүрсэлсэн олон арван хөшөөний тухайд бол өөр. Хамаг таагүй, балар муухай зүйлийн билгэдэл болсон олон хүн байдгийн тод жишээ бол энэ хоёр. Иймдээ ч хуучин социалист системийн улсуудад хэдэн арваараа байсан ийм хөшөөг зөөхөд, устгахад хэн ч дургүйцээгүй.
Социалист системд багтаж байсан улс болгон ийм ажиллагааг далайцтай хийсэн. Гэхдээ зах зээлийн системд шилжсэн байсан болохоор зарим улс тун ч өвөрмөц байдлаар хандсан байдаг. Жишээлэхэд, Литв улсын Соёлын яам Ленин, Сталин, жижиг Ленин буюу буржгар үстэй Володя хүүгийн олон арван хөшөөг хэсэг газар бөөгнөрүүлэн өвөрмөц цэцэрлэг байгуулжээ. Ингэснээр энэ цэцэрлэгт хүрээлэнгээр айлчилсан хүмүүс гуч, дөчхөн жилийн өмнө улсад нь ямаршуу соёл, яагаад, яаж ноёлж байсныг бодитоор харж, гашуун ч гэлээ өнгөрсөн үеэрээ айлчлах боломжтой болдог. Казахстанд гэхэд л олон Ленин, Сталины хөшөөг цуглуулсан бас нэгэн цэцэрлэгийг энэ наймдугаар сард нээлээ. Өөр олон улсад ийм Зөвлөлтийн үеийн цэцэрлэгт хүрээлэн байна. Орост ч Зөвлөлтийн үеийн хөшөө баримлуудаар чимсэн цэцэрлэгт хүрээлэн олон. Ийм цэцэрлэгт шинэ капиталист нийгэмд  төрж өссөн залуу үеийг гайхлыг төрүүлж, инээдийг нь хүргэн хөөрхөн хэдэн цаас цохиж байгаа.
Гэхдээ гол зорилго нь өөр. Зөвлөлттэй холбоотой өнгөрсөн үедээ хайртайдаа биш харин тийм эмгэнэлт зүйл ахин бүү тохиолдоосой гэсэндээ ингэж байгаа юм. Гашуун ч гэлээ өнгөрсөн үеэ үгүйсгэж, түүн рүүгээ гар буугаар буудсан хүн яадаг гэдэг билээ?

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан