Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баяртай Ленин багшаа

Эх орны минь хөгжлийн замыг 90-ээд жилийн тэртээ социализм руу чиглүүлж өгсөн хүн бол В.И.Ленин. “Орон бүхний пролетар нар нэгдэгтүн” хэмээн Засгийн эрхээ үгээгүй ядуу ард түмэн нь удирдан залж, зол жаргалтай амьдралаа өөрөө цогцлоон бүтээнэ хэмээн дэлхий нийтэд өөрийн коммунизм сургаалийг биежүүлж чадсан түүхэн хүмүүсийн нэг. Монголчууд 70 жил “Ленин багшийн заасан зам”-аар явсан. Түүнийг Цагаадайн удам, татар гаралтай гэх үлгэр, домог мэт яриа одоо ч хүмүүсийн дунд яригдсаар. Сайн муу алин ч байлаа тэрээр шашнаас өөр эд хөрөнгөгүй гэх Монголд европ гэсэн бүхнийг оруулж ирсэн гавьяатай нэгэн ч гэж ярих нь бий. Тиймдээ ч Ази тивд түүний хөшөө ганцхан Монголд байдаг аж.
Хэрвээ энэ үнэн бол удахгүй Азид байх коммунист удирдагчийн хөшөө үгүй болох нь. Учир нь, НИТХ-ын тэргүүлэгчид эл хөшөөг нийслэлийн өмчөөс хасах асуудлыг өчигдөр хэлэлцэх ёстой байсан ч хурал хойшиллоо. Үүнийг нь хүмүүс хөшөөг буулгах нь гэж ойлгож. Хөшөөг буулгах болсон шалтгаан нь ад үзсэндээ бус. Монголын түүхэнд “хараар” бичигдсэн долдугаар сарын 1-ний үймээнээр амь үрэгдсэн таван залуугийн дурсгалын хөшөөг оронд нь сүндэрлүүлэхээр төлөвлөсөн хэрэг. Үнэндээ эл хөшөөг нураах тухай асуудал өмнө нь хэд хэдэн удаа хөндөгдөж байсан. Хамгийн сүүлд гэхэд “Даяар Монголын ариун голомт” ТББ-ын тэргүүн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярт шаардах бичиг хүргүүлж байсан удаатай. Тэрээр хүн  төрөлхтний түүхэнд хэт хийрхсэн, үл гүйцэлдэх коммунист сургаалийг үндэслэгч, гардан гүйцэтгэгч В.И.Лениний хөшөөг буулгах хэрэгтэй. Түүний татуулсан цусан замын золиос болон дэлхийн 100 сая хүн, үүний дотор Монголын 40 гаруй мянган хүн алтан амиа алдсан байхад хөшөөг нь нийслэлийн төвд байлгах зохисгүй хэрэг хэмээн хэлж байсан юм. Харин өнөөдөр тэрээр оршин буй орон зайгаа өөр нэг хөшөөнд шилжүүлэхээс аргагүйд хүрч. Өнөөх цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг л энэ байх даа.
В.И.Лениний хөшөөг түүхэн дурсгал, соёлын өв гэдэг үүднээс сонирхоё. Эх загварыг нь ЗХУ-ын уран барималч С.Д.Меркуров гаргажээ. Хөшөөг бүтээхэд монгол хүн огт оролцоогүй аж. 1951 онд ЗХУ-д  эл хөшөөг цутгаж, 1954 оны арваннэгдүгээр сарын 26-нд одоогийн газарт нь авчирч байршуулсан байна. Хөшөөг босгох болсон нарийн учир шалтгаан гэж үгүй. Гагцхүү К.Маркс, Ф.Энгельс нарын үндэслэсэн коммунист үзэл санааг практикт хэрэгжүүлсэн, пролетари хувьсгалын жинхэнэ удирдагч хэмээн хүндэтгэн босгосон хэмээн өгүүлдэг. Тухайн үед социалист дэглэмтэй бүх улсад түүний хөшөө билгэдлийн чанартай байхаас гадна бахархал байв. Магадгүй, урлагийн утга агуулгатай гэхээсээ илүү үзэл суртлын шинжтэй байсан болов уу. Монголд В.И.Лениний хөшөө 50 гаруй жил “нутагшихдаа” нэг удаа л засварт орсон. Тэгэхдээ бүр хожим, 2001 онд НИТХ-ын шийдвэрээр засч байсан гэхээр “социалист” үед ч тэгтлээ биширч шүтээд байгаагүй юм шиг ээ. Тухайн үед 1,5 сая төгрөгөөр засварлаж байжээ.  
Загварыг нь гаргасан С.Д.Меркуровын хувьд тэрээр ЗХУ-ын ардын зураач хүн. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Чоймбол төв талбайд сүндэрлэх жанжин Д.Сүхбаатарын хөшөөг бүтээхээсээ өмнө түүний сургалтад сууж ирсэн гэдэг. Тэр бүү хэл жанжны хөшөөний эскизийг С.Д.Меркуров гаргасан байх магадлалтай гэх таамаг ч байдаг юм билээ. Тэгэхээр агуу хүний оюуны бүтээл ч гэж хэлж болно. Лениний хөшөөний цор ганц хувь нь Монголд үлдэж. Өнөөгийн байдлаар хөшөө нийслэлийн өмчид хэвээр байгаа. Тэр утгаараа тодорхой хэмжээний үнэтэй байдаг тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн хэлсэн юм. Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, буулгаад суурин дээр нь долдугаар сарын 1-нд амь үрэгдэгсдэд зориулсан хөшөө босох нь тодорхой бололтой. Харин буулгасны дараа хэрхэх шийдвэрийг НИТХ-аар шийдвэрлэх гэнэ. Ямартай ч,  түүхэн төдийгүй соёлын үнэт өв болох эл хөшөөг сүндэрлүүлэх өөр газар олдоно гэдэгт лавтай итгэнэм.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан