Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ялихгүй юмнаас ямааны гарз

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн иргэдийн санаачилгад үндэслэсэн захирамж олны дэмжлэгийг хүлээж байгаа. Авто замын ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулахад үнэхээр “нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар” ажил болж чадлаа. Харин энэ захирамж зарим жолоочийн хувьд харамсалтай зүйлд хүргэв. Учир нь, машины улсын дугаарын сүүлийн оронгоор замын хөдөлгөөнд оролцох шийдвэрийг мөрдөхийг хүсээгүй зарим нэгэн “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгч л болж жолоо мушгих эрхээ хэдэн сараар цаашлаад жилээр хасуулсаар. Нэг ёсондоо хөл дүүжлэх машинаа журмын хашаанд зогсоож, өөрөө эрүүгийн хэрэгт холбогдож байна. Замын цагдааг хотын захирагчтай нь, сайн яривал нийслэлчүүдийг “мадлах” гэсэн оролдлого нь ийнхүү бүтэлгүйтэж хохироод л үлдэж байна. Ялихгүй юмнаас ямааны гарз гэгч л боллоо доо.
Гэхдээ олны дэмжлэгийг хүлээсэн ажил овлигогүй зарим нөхдийн эдийн шуналыг өдөөсөн бололтой. Өдөр  бүр хуурамч дугаар илрүүлж байна хэмээн ЗЦГ-ын олон нийттэй харилцах тасгийнхан мэдээлсэн. Захирамж мөрдөгдөж эхэлснээс хойш 45 хуурамч дугаар илрүүлжээ. Гэхдээ албаныхны хувьд хуурамч дугаар ашиглаж замын хөдөлгөөнд оролцож байгаа төдийгүй дугаараа хулгайд алдчихлаа гэсэн гомдол ирээгүй. Авто машины улсын дугаарыг албан ёсны үйлдвэрээс өөр газар үйлдвэрлэх боломжгүй. Тэр ч бүү хэл машины дугаарыг харахад л хаана хийснийг нь андахгүй мэдэгддэг юм хэмээн ч ярьж байсан удаатай. Гэтэл өдий төдийг илрүүлсэн гэх ЗЦГ-ынхан яагаад одоо болтол тэр хуурамч дугаар үйлдвэрлэгчийг бариагүй, үйлдвэрүүдтэй нь хариуцлага тооцоогүй байдаг билээ. Албаны хүмүүс ийн тайлбар өгч байна.

С.ЭНХБАТ: ХУУРАМЧ ДУГААР АШИГЛАСАН ЖОЛООЧ НАРТ ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА

Хөлгөөнд оролцож буй зөрчил хэр гарч байгааг ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Энхбатаас тодрууллаа.

-Жолооч нар дугаараа сольж зүүгээд замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн мэдээлэл гараад байна. Ийм зөрчил хэр их гарч байна вэ?
-Хоногт хоёроос гурван дугаарын зөрчил илэрч байна. Хуурамч дугаар зүүсэн жолооч нарын эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч байгаа. Зарим тохиолдолд эрүү үүсгэн шалгаж байна. Ийм зөрчлийг маш олон аргаар илрүүлдэг. Албан хаагч бүрт иймэрхүү бусдыг хуурах гэсэн зөрчлийг онцгойлон ажиллахыг үүрэг болгосон. Бүр ажлынх нь үзүүлэлтэд оруулж, дүгнэх бодлого баримталж байна. Тиймээс цагдаагийн хажуугаар хуурамч дугаартай нөхөр өнгөрч чадахгүй. Замын хөдөлгөөнийг удирдах төвийн камераар хөдөлгөөнд оролцож байгаа бүх машины дугаарыг татаж аван архивт хадгалдаг. Түүнийг нь манай хяналтын байцаагч нар тухайн машины дугаар, марк, бүртгэлийг нь хянаж үздэг. Тиймээс жолооч машиныхаа дугаарыг сольж зүүгээд хөдөлгөөнд оролцоод байх боломжгүй. Ийм оролдлого хийсэн тохиолдолд машиныг нь журамлаж, жолоочийн эрхийг хасч байгаа.
-Тэгэхээр хуурамч дугаар үйлдвэрлэсэн этгээдийг тодруулж байгаа юу?
-Хуурамч дугаар үйлдвэрлэж байгаа тухай яриа гадуур их гарсан. Энэ тал дээр цагдаагийн мэргэжлийн албад ажиллаж байна. Энэ төрлийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авч байгаа. ЗЦГ-ын байнгын утас 93020111, 93021124 дугаар болон FM радио, цахим хуудсаараа авч байна.
-Мөн жолооч нар машиныхаа дугаарыг хулгайд алдаж байна гэх яриа гарсан. Тийм гомдол, мэдээлэл танайд ирсэн үү?
-Байхгүй. Одоохондоо тийм мэдээлэл ирээгүй.

Б.ЖАРГАЛ: УЛСЫН ДУГААРЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ БОЛОМЖГҮЙ
Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жаргалаас хуурамч дугаар үйлдвэрлэсэн үйлдвэрүүдэд ямар хариуцлага тооцдог талаар тодруулсан юм.

-Авто машины хуурамч дугаар ашиглаж замын хөдөлгөөнд оролцох нь ихэсч байна гэх юм. Хэчнээн үйлдвэр хуурамч дугаар үйлдвэрлэсэн юм бол?
-Хуурамч дугаар үйлдвэрлэсэн зүйл байхгүй. Улсын дугаарыг хуурамчаар үйлдэж, замын хөдөлгөөнд оролцсон гэсэн баттай мэдээлэл алга. ЗЦГ-аас манайд хандаж тэдэн хуурамч дугаар илэрлээ гэж мэдэгдээгүй. Бидний хувьд улсын дугаар үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд  ямар нэгэн зөвшөөрлийн бичиггүйгээр дугаар үйлдвэрлэвэл тусгай эрхийг нь хурааж авна гэж анхааруулсан. Үйлдвэрлэсэн дугаарыг нь үзэхэд л хаана ямар үйлдвэр хийсэн нь мэдэгддэг юм.
-ЗЦГ-ын мэдээлсэнээр өдөрт л хоёроос гурван хуурамч дугаар илэрч байна гэсэн?
-Би энэ талаар асуусан. Тэгтэл тийм зүйл байхгүй ээ, буруу ойлголцсон байна гэж байсан. Магадгүй, жолооч машиныхаа дугаараар явж болохгүй өдөр грашид буй өөр машины дугаарыг сольж хийсэн байхыг үгүйсгэхгүй. Би энэ талаар дахиж тодруулна. Иргэд ч гэсэн зөв мэдээлэлтэй байх ёстой.
-Хэрвээ албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрүүд нь хуурамч дугаар үйлдвэрлээгүй юм бол хувь хүмүүс хийх боломжтой юу?
-Тийм боломж байхгүй. 99 хувь баталгаатай хэлж чадна. Тэр нарийн зүйлийг гараар хийнэ гэдэг хэцүү шүү дээ.

Өчнөөн жил жолооны дүрмээ “монголчилж” явсан нийслэлчүүд жинхэнэ ёсоор ягштал мөрдөх нь дасахад хэцүү байж болох юм. Харин өдгөө сая гаруй хүн амтай, 200 мянга гаруй авто хүлэгтэй болсон өнөө үед дүрэм, журмаа мөрдөх шаардлагатай гэдгийг хэн хүнгүй ойлгож буй.  Худалдаж авсан, захиалж хийлгэсэн, өөрийнхтэйгөө сольж зүүсэн алин ч бай хууль бус. Та долоо хоногт нэг удаа, сард дөрөвхөн удаа гэртээ машинаа орхиж гарч чадахгүй байгаа өчүүхэн зуршлаасаа болж өөртөө том гарз дуудах гэж үү. Захирамж хэрэгжээд гурван долоо хоног ч өнгөрөөгүй байгааг санахад илүүдэхгүй байх.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан