“Blue Sky” цамхагт ажиллаж байсан монгол ажилчид цалингаа нэмэхийг шаардахад нь удирдлагууд нь зоджээ. хохирогч залуу “TV 8” телевизийн “Ард түмний толь” сурвалжлах хэсэгт мэдээлж сурважилж өгөхийг хүссэн байна. Уг мэдээллийн дагуу тус телевизийн сэтгүүлч Ж.Минжин, зураглаач Б.Ганболд, жолооч Н.Амарсайхан, дадлагын оюутан Н.Болортуяа нар тус газарт очсон байна. Сурвалжлах хэсгийг тус байгууллага руу нэвтрэх гэтэл хамгаалалтын албаны хүмүүс камертай сэтгүүлчийг нэвтрүүлэхгүй гэсэн тул сэтгүүлч Ж.Минжин гар хоосон жолооч, дадлагын оюутны хамт дотогш нэвтэрчээ.
Ийнхүү тус байгууллагын удирдлагуудтай болсон асуудлын талаар ярилцах гэтэл тодорхой хариулт хэлэхгүй хоорондоо солонгосоор шивэр авир ярилцаж, монгол хэлмэрчтэйгээ зөвлөлдөөд байхаар нь сэтгүүлч гар утсаараа бичлэг хийж эхэлсэн байна. Ингээд орчуулагч монгол бүсгүйгээс “Та орчуулагч нь юм бол бидэнд орчуулаад өгөөч. Энэ байгууллагад ажиллаж байгаад хохирсон залуугийн талаар мэдээлэл бэлтгэх гэсэн юм” гэтэл хариу өгөхгүй байхаар нь “Та юу нь юм бэ” хэмээн асуутал өнөөх /бүтэн өдрийн турш нэрээ нууцалсан орчуулагч бүсгүй/ утсыг нь булаан авч, үснээс нь зулгаан тэнд байсан монгол болон солонгос ажилчдын хамтаар түүнийг зодож, танхайрсан байна. Энэ үеэр тэнд байсан солонгос хүмүүс гар утсаараа зодуулж буй бичлэгийг нь хийж, хэл амаар доромжилж инээлдэн тохуурхжээ. Ийнхүү ажлаа хийж явсан сэтгүүлчийн үс нь зулгарч унан биедээ хүнд гэмтэл авчээ. Энэ үйл явдлыг бид газар дээрээс нь сурвалжиллаа.
Ж.Минжин: Сэтгүүлчийн биед халдаж байгаа юм чинь, жирийн иргэдийг хөнөөж ч чадах нь
-Таны биед халдлаа гэсэн мэдээллийн дагуу ирлээ. Яг юу болсон юм?
-Тийм ээ. Өглөө шуурхай эхэлчихсэн байхад бидэнд мэдээлэл ирсэн. Тэгэхээр нь хурлаа тараад явъя гэтэл дахин дахин дуудлага ирэхээр нь “Юу болсон юм бэ” гээд лавлатал утсаар холбогдсон хүн “Гадаадын иргэн монгол хүний толгойг хагалчихаад, зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь хуулийн байгууллагынхан очиж байгаа бол тэндээ зохицуулчих байлгүй гээд орхисон. Ингээд гадуур мэдээндээ явж байтал өнөөх утаснаас дахин залгаад ирэхийг хүссэн юм. Үүний нь дагуу очиж мэдээлэл бэлтгэх гэж байгаад л ийм зүйл боллоо.
-Таныг утсаараа бичлэг хийж байтал ийм асуудал үүссэн гэх юм?
-Тухайн газар очиход хамгаалагчид нь зураглаачтай орохыг хориглосон. Иймээс би дадлагын оюутан, жолоочийн хамтаар ямар ч камер хэрэгсэлгүй нэвтэрсэн. Орсон хойно нь ч хүмүүс олдохгүй байсан. Гэтэл хэдэн солонгос иргэн гүйлдээд байхаар нь тэдний зүг явсан. /Хонгилд/ Ингээд дагатал булангийн өрөөнд яваад орсон. Гэтэл бидэнд дургүйцэж эхлэхээр нь “Зодуулсан монгол залуугийн асуудлаар явж байна. Ямар учраас энэ хүнд гар хүрсэн юм бэ” гэж асуусан. Хэн нь ч хариулахгүй, хоорондоо яриад байхаар нь утасныхаа камерыг асаагаад бичиж эхэлсэн юм.
-Орчуулагч бүсгүй эхэлж танд гар хүрч гэмтэл учруулсан гэсэн. Энэ талаар бодит хариулт авмаар байна?
-Тэр охин гаднаас орж ирээд л “Гар даа” гээд түлхэж эхэлсэн. Тэгэхээр нь “Яагаад бидэнтэй ингэж харьцаад байгаа юм. Чи юу нь юм бэ” гэсэн чинь “Чи намайг юу нь юм бэ гэлээ” гээд л үсдээд зодож эхэлсэн. Ингэж эхэлтэл тэнд байсан монгол эмэгтэйчүүд болон солонгосчууд тал бүрээс дайрч, нийлж зодсон.
-Одоо таны бие ямар байна вэ?
-Үс бараг туг тугаараа л унах шиг боллоо. Нуруу, хавирга руу маш хүчтэй өшиглөж байсан. Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөх учраас эмнэлэгт үзүүлж амжаагүй л явна.
-Тэндээс яаж зугтаж гарсан юм?
- Арай гэж гарч цагдаа, ажлынхандаа дуулгаад гадаа байсан зураглаачдаа болсон зүйлийг хэлтэл тэр дотогшоо гүйж орсон. Доор байсан оюутан жолооч хоёрыг өрөөнд хорьчихоод гаргахгүй нэлээн удаан хугацааны дараа гаргалаа. Бараг хууль хяналтын байгууллагынхан ар араасаа ирж байж л сулласан.
-Хэдэн солонгос хүн байсан юм бэ?
-Дөрвөн солонгос, үлдсэн нь дандаа монгол эмэгтэйчүүд байсан. Нэг л монгол залуу харагдаж байсан.
-Өглөө зодуулсан монгол ажилчид бас олдохгүй байсан гэсэн?
-Тийм ээ. Дуудлага өгсөн ажилчны утас нь ч холбогдохгүй байсан. Гэтэл тэднийг хоёр давхрын ариун цэврийн өрөөнд хорьчихсон байсан юм билээ. Миний бодлоор Элчин сайдын яамандаа ч нэлээн арын хаалгатай хүмүүс юм шиг санагдсан. Монголд өндөр барилгаа барьчихсан л бол дотроо Монголын иргэдийг яаж дарамтлах нь тэдний дурын хэрэг юм байна л даа. Мөн хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллагыг ингэж доромжилж айж ичихгүй байгаа юм чинь жирийн хүмүүс тэдний гарт үрэгдвэл гайхаад байх асуудалгүй л юм байна.